М.Энхсайхан идэвхжиж, Н.Алтанхуяг сүүлчийн тэсрэх бөмбөгөө тэвэрч гүйх цагаар…
Амьд явахад их зүйл үздэг аж. Бүр М.Энхсайхан Н.Алтанхуягийг өмөөрч, хайрлахыг хүртэл үздэг байна шүү.
М.Энхсайхан “Үндэстэн”-ий сэдэвт онол, илтгэлээ тэвэрсээр, Засгийн газрыг дэмжинэ гэсээр нуувчаасаа гарч ирлээ. Манай урдаа барьдаг эдийн засагчдын нэг, Ерөнхий сайд асан энэ эрхэм үнэхээр эх оронч сэтгэл өвөрлөсөн бол “Эрчимжүүлэх тэнсэн”-тэй энэ үед бус арай эрт ил гарч үгээ хэлж зөвлөж, загнаж болох байсан. Гэтэл яагаад заавал энэ цаг үед гарч ирэв. Эхний амархан шалтаг нь эвсэл Засгийн газарт байгаа болохоор. Гэвч энэ М.Энхсайханд чухал гэж үү. Н.Энхбаяр ирэх гэж байгаа болохоор тэр үү. Бүр ч биш. Энэ бол ерөөсөө л төмөр замын царигийн асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр зэхэж буйтай холбоотой юм.
Товчхондоо Хятадын том дарга нар “Чалко”-оос нүүрсний төлбөрийн урьдчилгаа авсан бүлэглэлээс хариугаа нэхэх болсон нь М.Энхсайхан, Н.Алтанхуяг нарыг нэгдэхэд хүргэжээ. Уг нь Н.Алтанхуяг Засгийн газрыг эмхэлж эхэлмэгцээ М.Энхсайханд итгэж “МТЗ” ТӨХК-ийг удирдуулан хамгийн чухал мега төслүүдээ даатгасан.
Салбар хариуцсан яамныхантайгаа таарч тохирохгүй нарийн цариг руу тэмүүлэх боломж гэж хараад улайраад ирэхээр нь Тавантолгойн уурхайг түшиглэн барих цахилгаан станцын төслийг удирдуулахаар 50 сая ам.долларыг бондын хөрөнгөөс зарцуулахаар болсон. Энэ ч гэсэн эдийн засгийн ашиг сонирхол бүхий улс төрийн авлига байсан боловч хэн ч тэр талаас нь сэжиглэж хараагүй. Харин одоо тэд улс төрийн хүрээнд улам ойртсоор байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг нам дотроо хангалттай тойрон хүрээлүүлсэн ч энэ нь түүнийг суудалд нь гагнахад хангалттай хүч биш. Нөгөөтэйгүүр давхар дээл тайлах асуудлаас болж Засгийн газрын хаалгыг гаднаас нь хаагаад гарсан Х.Баттулга гишүүн, Ерөнхийлөгчтэй амь нэгтэй гэдгээ үйлдлээрээ илэрхийлчихсэн.
Одоо Х.Баттулга УИХ-ын гишүүний ажлаа хийгээд Баянгол зочид буудалдаа хөлөө жийн амарч сууна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд “Түүнд зөвхөн МоАХ л үлдсэн” гэхэд буруутахгүй биз ээ. Уг нь Монголын ард түмний эв нэгдлийг эрхэмлэгчийн үүргээ гүйцэтгэх гэж оролдсон. Хүссэн шинэчлэлээ өгөгдсөн эрх мэдэлтэй уялдуулан хийхээр “Шилэн данс”, “Давхар дээл” гэхчлэн хуулийн төслүүдийг санаачилсаар байх авч УИХ-д “арай олуулаа” болсон АН-ын бүлэг зориудаар унагах нь тодорхой байна. Мөн МоАХ фракцийн гэх хүмүүсийг түүвэрлэн албан тушаалаас нь огцруулахаар төлөвлөөд байгаа нь ч Х.Баттулгад болон тус фракцид өс санасных бололтой.
Уг нь АН-ыг аврах чин хүсэл намаасаа албан тушаал хүртэгсэд хийгээд гишүүд, дэмжигчдэд нь байдаг л бол одоогийн удирдлагуудынхаа нэр хүндийн асуудлыг ҮЗХ-оор хэлэлцэж болохгүй гэж үү. Хаана байна тэр Ардчилсан хүчний холбоо, Нэг ардчилал, Шонхор фракц гэхчлэн намаа ардчилалтай, цэвэр ариун байлгах тухай гоё яриагаа албан тушаалаас наймаалцчихсан уу.
Гэтэл үүнээс том бөгөөд аюултай геополитикийн наймаалцал, түүнээс ашиг олох улс төрийн авлигын асуудал тулгамдаж эхэллээ. Хятадын төмөр замыг тавибал яадгийг стратеги судлаачид, эрдэмтэд ярьж эхэлсэн нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарыг сандаргаж эхлэв бололтой. “Чалко”-д тэд л өртэй болохоос Монгол өртэй биш. Монголын өмнөөс тавьсан өрнөөсөө нэг цент ч хүртээгүй л гэж битгий мэлзээрэй дээ. Зөвхөн энэ асуудал л Н.Алтанхуяг, М.Энхсайхан нарыг нөхөрлөхөд хүргэсэн хувь тавилангийн шоглоом гэлтэй. М.Энхсайхан урьд нь Н.Энхбаярт “чин үнэнч” нөхөрлөсөөр шоронд үдээд түнжин тасарсан. Харин одоо нэг нь нөгөөгөө түшилцэх экс, эдүгээгийн хоёр Ерөнхий сайдын нөхөрлөл хаана хүрэхийг харцгаая. Уг нь үе үеэ залгамжлаад мэддэг чаддагаараа дэмжилцээд энэ улс орныг өргөж явах учиртайсан. Өчүүхэн атгаг улс төрийн авлига гэгчээс л хол байгаасай.
С.Чулуун
Эх сурвалж: www.zaluu.com
URL: