Сарангэрэлийн аав Н.Ганбаатар: “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоорно” гэдэг

1397609923_1904164_1424529697790482_98851042_n-224x300ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж буй Сарангэрэл охины аав Н.Ганбаатартай ярилцлаа.

-Уучлаарай, таны охины талаар таагүй мэдээлэл тасарсангүй. Багагүй хугацаанд бас хоригдлоо?

-Охиныг минь хэвлэл мэдээлэл, твиттер, фейсбүүкээр маш их доромжилж байна. Яахав, “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоорно” гэдэг. Миний охины үнэн мөнийг тогтоох байлгүй дээ. Гэхдээ охиныг минь хорлож байна даа гэж бодоод харамсаж суух юм. Тэр хэцүү газрын байдлаас болоод гөжүүн, хатуу, хачин ааш авиртай болчих вий гэж ах нь бас айж л байна.

-Охинд тань их хатуу чанга хяналт дор эргэлт оруулж байгаа гэж сонссон. Танд охиноо эргэж тойрох боломж олдож байна уу?  

-Долоо хоног бүр эргэж очиж байгаа. Охин минь бидний санааг зовоочихгүй гээд тэр юм болов уу янз бүрийн юм ярьдаггүй. Тэнд хичнээн хэцүү байгааг нь хэвлэлээс хүн уншаад хэлж өглөө. Маргааш очиж уулзъя гэж бодож байгаа. Охиноо тэр хэцүү газраас гаргаад авчих юмсан.

-Сарангэрэл таны хэд дэх хүүхэд вэ?

-Миний хайртай ганц охин байгаа юм.

-Өмнө нь ингэж хэл ам таталж байсан удаа бий юу?

-Үгүй. Миний охин чинь хэзээ ч аав, ээжийгээ зовоож байсан удаагүй. Хүнтэй их нийтэч, эвтэй, инээд алдсан, маш сайхан ааш зантай охин. Ганц юм болохоор нь хайрлаж, эрхлүүлж өсгөсөн, охиныхоо төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй. Миний охиноор шоу хийж байна. Энэ бүхний цаана өвчтэй ээж нь, ах дүү хамаатан садан нь бүгд сэтгэлийн зовлонтой амьдарч байна. Охины минь талаар мэдээллийг зураг хөрөгтэй нь гаргаад. Сүүлдээ намайг танихгүй мэдэхгүй хүнгүй болж байх шиг байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүүд их гомдож байна. Албан тушаал горьдсон асуудалдаа хүүхэд ашиглахаа болиоч. Та нар миний муу охиноор битгий тоглоом хийгээд бай гэж хэлмээр санагддаг. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооныхон ч буруутай. Миний үстэй толгой Баасанхүүгээс болж цайсан. Би эрүүл мэндийнхээ хохирлыг тэр хүнээс гаргуулна.

-Охиныг тань Тэмүүжин сайдын “нууц амраг” гэсэн. Энэ хүнтэй ямар нэгэн холбоо сүлбээ байдаг юм болов уу? Та охиноо хоригдсоноос хойш Тэмүүжин сайдтай уулзсан уу?

-Тэмүүжинтэй харьцах ямар ч боломжгүй шүү дээ. Ганц ч удаа уулзаж байгаагүй. Нэрийг нь сонсож, ТВ-ээр л харж байсан. Би эцэг хүний хувьд охиноосоо асуусан. Миний охин Тэмүүжинг танихгүй, мэдэхгүй гэсэн. Би охиндоо ганц ч удаа гар хүрч үзээгүй. Хэзээ ч дарамт шахалтад байлгаж байгаагүй. Тэмүүжин ч тэр их ажлын хажуугаар элдэв зүйлд сатаараад явах хүн биш байлгүй дээ.

-Сарангэрэлийг “мөс” гэж нэрлэгддэг хар тамхи хэрэглэсэн гэдэг. Та охиноо урд нь хар тамхи татдаг байсан эсэхийг мэдэх үү?

-Үгүй. Миний охин ээж аавынхаа үгнээс гардаггүй. Хэзээ ч хар тамхи татаж байгаагүй гэдгийг би мэднэ. Охин минь ээж бид хоёроосоо юугаа ч нуудаггүй. Миний охин элдэв санаатай, санамсаргүй асуудлын золиос болчихлоо.

-Хэрэглэснийг нь үйлдэл дээр нь илрүүлсэн гэдэг. Энэ талаар хамт шалгагдаж байгаа хүүхдүүд нь танд ямар нэг зүйл ярьж байв уу?   

-Хүний хүүхэд муу хэлээд яахав гэж боддог. Гэхдээ одоо хамт хоригдож байгаа Гэрэл гэдэг эмэгтэй миний охиноос хэдэн насаар эгч гэнэ лээ. Насанд хүрээгүй гээд гадуур байцаагдаж байгаа Одончимэг билүү тэр охинтой уулзахад “Гэрэл эгч гоё турдаг юм гээд хэрэглээд үз гээд байсан” гэж хэлсэн.

-Та хаана ажилладаг вэ?

-Ах нь насаараа цахилгаан станцад ажилласан. Одоо тэтгэвэртээ гарсан. Ганц охиноо гайгүй хүнтэй суугаад, хүүхэдтэй болоод, бид хоёрыг баярлуулаасай гэж хүсдэг.

-Охин тань Борхүү гэдэг залуутай үерхдэг гэсэн?

-Сайн хүү бий. Охиныг хэцүү газар орсноос хойш биднийг эргэж тойрсоор байдаг.    

-Зарим айлын хүүхдүүд эцэг эхийн хатуу чанга хараа хяналтаас дайжиж, элдэв муу зуршилтай хүүхдүүдтэй нийлдэг тал бий. Таны хувьд охиноо ганц юм гээд хэтэрхий их чөлөөтэй байлгав уу, эсвэл…?

-Ээж нь насаараа цэцэрлэгийн багш хийсэн хүн бий. Тэр хэрээр хүмүүжил сайтай, дунд сургуульдаа онц сурдаг байсан. Ганц охиндоо бид хэзээ ч хатуурхаж байсангүй. Ганц удаа ч гар хүрч үзээгүй. Ээж нь нурууны хагалгаанд орсон, хэвтэрт байдаг. Сүүлийн үед миний охины зурагтай сонин гадуур хийсээд байна гэж хүмүүс яриад байна гээд хямраад. Энэ асуудлаас болоод сэтгэл санаа нь ч маш хүнд байна.

-Хамт шалгагдаж байгаа Гэрэл нь охиныг тань ахимаг насны хүмүүстэй найзалдаг, мөнгө авдаг гэж мэдүүлсэн байдаг юм билээ?

-Ах нь охиноо хүнээс огт дутаагаагүй. Миний охин бусад охид шиг гэр оронгүй, гадуур тэнээд, муу амьдралаар амьдарч байгаагүй. Бид ганц охин үрээ тэжээгээд өсгөчих чадалтай.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих