Хүний хөгжлийн мөнгийг бөөнөөр нь олгох хуулийн төсөл боловсруулжээ

Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Батбаяр, С.Бямбацогт тэргүүтэй 16 гишүүн санаачлан боловсруулжээ. Энэхүү хуулийн төслийн гол үзэл баримтлал нь малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ахмадуудыг дэмжихэд чиглэсэн байна.  Тодруулбал, Хүний хөгжил сангаас сар бүр олгодог мөнгийг нь бөөнөөр өгч зээлийн хүүгээ төлөх боломж олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн байгалийн гамшиг ган, зудын улмаас малчдын амьдрал доройтож, банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн тохиолдол олон байгаа юм. Үүний цаана арилжааны банкуудын үйл ажиллагаа ч доголдох эрсдэлтэй. Ахмадуудын хувьд тэтгэврийн мөнгөө зээлээр авдаг, дараа нь бэлэн мөнгөний хомсдолд ордог. Энэ оны тавдугаар сарын байдлаар 214.100 ахмад настан тэтгэвэр авч байгаагаас 77.6 хувь буюу 166.200 хүн тэтгэврийн зээлтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ч ялгаагүй зээлийн дарамтад орж, бизнесээ өргөжүүлэх боломжгүй, банкны зээлийн төлбөрт тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ хураалгадаг зэрэг олон асуудал хүндрэл гардаг ажээ. Энэ бүхнийг шийдэх зорилгоор ашигт малтмалын орд газрын баялгаас иргэддээ хуваарилж байгаа орлогыг шаардлагатай зүйлд зарцуулах бололцоог бүрдүүлэхээр нэр бүхий гишүүд дээрх хуулийн төслийг санаачилсан байна. Энэ дэмжлэг инфляцийг хөөрөгдөхгүй, арилжааны банкуудын үйл ажиллагааг хэвийн найдвартай байлгах, малчид, ахмадууд, жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд тустай гэж хууль санаачлагчид үзэж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих