Үе үеийн Ерөнхийлөгчдийн үлдээсэн өв юу вэ?
Харин дараагийн Ерөнхийлөгч Н.Багабанди 1997 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдож найман жил төр барьсан эрхэм. Түүнийг асуудлыг олон талаас нягталж шийдвэр гаргадаг, өөрийн шийдвэр дээрээ хатуу байр суурьтай зогсдог, түүнийгээ хэрэгжүүлэх бодлого боловсруулахдаа гойд хэмээн тодотгодог. Тэр хүний хийсэн, бүтээсэн зүйл юу байв аа гэхээр 2004 онд морин хуурыг үндэсний бахархлын хэмжээнд аваачиж, монгол иргэншил, соёл урлаг, оюун сэтгэлгээний нандин өв уламжлалыг хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлж, морин хуурыг айл гэр, албан байгууллага бүрт залахыг зарлигдсан нь өнөө түүний үлдээсэн өв соёл, мөр ажээ. Түүнчлэн түүний зарлигаар Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал байгуулагдан эдүгээ эрийн цээнд хүрчээ. Хоёр ч удаа сонгогдож байсан тэрбээр эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх талаар дорвитой зүйл хийгээгүй байдаг. Одоо тэтгэвэртээ гарсан эрхэм “Титэм үг” тэрлэж, олон хүний ой тоонд үлдээх болов. Үүнийг нь оюуны өв мөр гэвэл буруудахгүй байх.
Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005-2009 оныг хүртэл төрийн тэргүүн, “эцэг” хийсэн хүн. Ерөнхийлөгч болох үедээ Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть номыг хэвлүүлэх тухай зарлиг гаргаж, бас хэд хэдэн уул овооны тахилгыг сэргээсэн байдаг. Бас хөөмийг сэргээх санаачлагыг гаргаж байсан. Хамгийн хэцүү хатуу сорилт нь 2008 оны долоодугаар сарын 01-ний хэрэг байсан бөгөөд түүнээс хойш элдэв хэл аманд орооцолдож, сүүлдээ авлигын эцэг хэмээн алдаршиж “аав”-ын хаалга татсан бөгөөд Өршөөлийн хуулиар суллагдаад өдгөө БНСУ-д биеэ эмчлүүлж байгаа билээ.
Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн л хоёр удаа сонгогдож, төрийг удирдаж яваа. Тэрбээр “ардчилсан” Ерөнхийлөгч гэсэн тодотголтой нэгэн.
Отгон Ерөнхийлөгч юу хийж, бүтээж байна вэ гэвэл жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригт мод тарих үндэсний өдөртэй болгосон. Хойч үедээ үлдээж байгаа хоёр дахь өв бол түүний санаачилсан хүүхэд багачуудад үндэсний үнэт зүйлс, соёл уламжлалт сэтгэлгээ, зан заншлын нийтлэг хэм хэмжээг таниулах зорилгоор “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд заавал судлах монгол уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс хичээл юм.
Мөн Ц.Элбэгдоржийн гаргасан цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй байх тухай зарлиг бол түүний зангарагтай шийдвэрүүдийн нэг гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг онцлох нь зөв байх. Одоо төр барьж байгаа хугацаанд авлигачтай хатуухан тэмцэнэ гэдгээ илэрхийлээд, олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Ийнхүү үе үеийн Ерөнхийлөгчид юу хийсэн, бүтээсэн талаар дурдахад ийм байна.
URL: