Томилгоогоо хийсэн ч, огцруулахаа хойшлуулав

69Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгьш оронд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилохыг байнгын хороо дэмжлээ. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны 22 гишүүний 19 нь Ш.Түвдэндоржид “давхар дээл” өмсгөхийг дэмжлээ. Уг асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүд зарчмын хувьд дэмжихгүй байсан бөгөөд, тэд Засгийн газар болон, нэр дэвшигч Ш.Түвдэндорж нараас дараах зүйлийг тодруулж байлаа.

-Н.Номтойбаяр: Хувь хүнийх нь хувьд би таныг дэмжиж байна. Та сайд болбол “давхар дээл”-ээ тайлж, УИХ-ын гишүүнээсээ татгалзах уу?
-Ш.Түвдэндорж: Үндсэн хуульд намын тухай асуудлыг тусгайлан заасан байдаг. Сонгуульд оролцох, Засгийн газар байгуулах гэсэн заалт бий. Тэр үүднээс бид улс орны хөгжлийн талаар, ухаан бодлоо уралдуулахын тулд тус тусдаа нам байгуулж, улс төрийн хувьд шийдвэр гарган, цөөнх нь олонхио дагаж явдаг ийм ёсыг дагадаг. Энэ үүднээсээ Үндсэн хуульд заасан Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийг давхар хашиж болно гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа нөхцөлд нам шийдвэр гаргавал УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болно. Хэрвээ нам энэ албыг давхар хашиж болохгүй гэсэн бол түүнийг, нь дагахад бэлэн байна. Монголд Үндсэн хуулиар энэ асуудлыг зохицуулсан зохицуулалт байгаа учраас одоогийн хуулиа дагаж мөрдөнө.

Х.Тлейхан: Монгол Улсын төрийн тэргүүний өгч байгаа санал, зөвлөмжийг яагаад хүлээж авахгүй байгаа юм бэ. Яагаад Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр зөрчилтэй байгаад байна вэ. Нийгэм тэр аяараа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байхад энэ байдлыг засах боломжийг ҮХАА-н сайдын томилгооноос эхлүүлж болох байсан. Яагаад заавал үүнийг сөрж, “давхар дээл”-тэй хүн нэр дэвшүүлж байгаа юм бэ?
Ч.Сайханбилэг: Бид УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, том зарчим ярьж байх үед байдал нэг өөр байна байх. Өнөөдөр бол Засгийн газрын нэг гишүүний оронд нөхөн томилох асуудлыг хэлэлцэж байгаа тохиолдолд арай өөрөөр хандах ёстой гэж бодож байна. Өнөөдөр Засгийн газрын танхимд хоёр эсвэл гурван гишүүн нь дан дээлтэй байхад зарчмын том асуудал гарахгүй. Ерөнхийдөө бид энэ асуудлыг том зарчмаар нь, шинэ Засгийн газар байгуулах үед ярих нь зүйтэй гэдэг дээр 100 хувь санал нэг байгаа. Өнөөдөр Ш.Түвдэндорж гишүүнийг энэ салбарын бодлогыг хэрэгжүүлээд аваад явах шилдэг боловсон хүчин гэдэг утгаар нь АН нэр дэвшүүлж байгаа юм.

Я.Содбаатар: Хөдөө аж ахуй бол өнгөрсөн жилүүдэд амжилттай явсан салбар. Үндсэндээ мал аж ахуй, үйлдвэрлэл, газар тариалан гэсэн гурван салбарт голлон анхаарч ажиллаж байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилт дээр хангалтгүй ажиллаж байгаа. Монголчуудын мал аж ахуйн салбарт эргэлт хийсэн, эрчимжүүлэх чухал хөтөлбөрийг өнгөрсөн парламент баталсан. Энэ хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх тал дээр та хэрхэн анхаарч ажиллах вэ. Мөн газар тариалангийн салбарт “Атрын III аян”-ыг хэрэгжүүлсэн нь аюулгүй байдал талаасаа, иргэдийн хүнсний хангамжийн талаасаа ч том дэвшил байсан. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд газар тариалангийн бодлогоосоо ухарч, гаднаас буудай, үр авдаг боллоо. Өөрөөр хэлбэл, дотоодын хэрэгцээгээ хангаж чадахаа байсан. Энэ талаар ямар ажил хэрэгжүүлэх вэ. Ер нь та өөрийн хариуцах болж байгаа энэ гурван чухал салбарт ямар бодлого барьж ажиллах вэ?
Ш.Түвдэндорж: Мал аж ахуйн салбар бол манай уламжлалт үндсэн салбар. Үндсэн хуулинд мал сүргийг төрийн хамгаалалтад байна гэж тусгасан байгаа. “Монгол мал” хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүдтэй санал хуваалцаж, цаашид ямар арга хэмжээ авах талаараа ярилцсан. Чуулганаар хэлэлцэж байгаа Малын индексжүүлсэн даатгалын хууль болон явж байгаа хөтөлбөрүүдийг цааш үргэлжлүүлнэ. Газар тариалангийн салбарт улаанбуудайн тариалалтыг дэмжих боддого орхигдсон тал бий. Үүнээс болж гаднаас буудай авахад хүрсэн учраас улаан буудай тариалагчдаа дэмжих төрийн бодлогыг үргэлжлүүлнэ гэж бодож байна. Үйлдвэрлэлийн салбар бол АН-ын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл. Одоо хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжүүлэх томоохон үйлдвэрлэлүүдэд анхаарал тавьж ажиллана.

Ингэснээр хамтарсан хуралдаан өндөрлөж, үргэлжлүүлээд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр холбогдох байнгын хороо дангаараа хуралдсан юм. Гэвч Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “уг асуудлаар судалж үзэх зүйл байгаа тул…” хэлэлцэхийг хойшлуулах санал гаргаж, түунийг нь олонхи мөн л дэмжлээ.

 

 

Б.ЭНХ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих