Хоосон ясны шөлөнд нохойн гоймон хаяж иддэг байна

156a9b77076f2081original“…Ээж ээ, би өлсөөд байна. Хоёулаа хоол идье л дээ” хэмээн гунигтай нүдээр ээж рүүгээ харж, өрөвдөлтэйгөөр гуйлаа. Харин хүүгийн ээж хариу хэлсэнгүй. Хэсэг хугацааны дараа хүү дахиад л “Ээж ээ, би өлсөөд л байна” гэв. Энэ удаад ээж нь хүү рүүгээ өрөвдсөн харцаар харж, толгойг нь иллээ. Бодвол хоол авч өгөх мөнгөгүй байгаа бололтой. Энэ яриа долоон буудлын автобусны буудал дээр болсон юм. Хэд хоног угаагаагүй ширэлдсэн богино үс, өвдөг нь уранхай өмд, халтар цамц, үдээсгүй пүүз өмссөн долоо орчим насны энэ хүүг Насанбаяр гэдэг. Түүний ээж мөн л ялгаагүй уранхай, хиртэй даашинз өмссөн байв.

Хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн, идэх хоолгүй, өмсөх хувцасгүй сэлгүүцэх хүмүүсийн наад захын дүр зураг энэ юм. Насанбаярын ээж долоон буудалд ил задгай худалдаа хийдэг хүмүүс дээр очиж тортой зүйл авч байгаа харагдлаа. Саяхан л хүүхдэдээ аяга хоол авч өгөх мөнгөгүй байсан хүн тор дүүрэн юм авч байгаа нь сонирхолтой санагдлаа. Дөхөж очоод асуух гэсэн боловч яриа өгөхөөс татгалзсан юм. Гэхдээ цааш явах зуураа “Бид худал хэлж, хулгай хийж чадахгүй юм чинь ингэж л амьдрахаас өөр яахав дээ” гэх үг сонсогдов. Харин хүү нь “Ээж ээ, хоёулаа дахиад л ясны шөл уух юм уу” гээд хөтлүүлэн явлаа. Ёстой л хүүхдийн гэнэн зангаараа нууж, хаалгүй ярьж байсан юм.

Мэдэхгүй хүнд ясны шөл тансаг хоол мэт санагдана. Гэтэл үнэндээ тэр хоёрын авч яваа тор дүүрэн яс мөлжих ч махгүй хоосон юм. Долоон буудлын дэлгүүрийн урд том шуудайтай, хайрцагтай юм тавьж хажууд нь иштэй чихэр, бохь, ширхгийн чихэр, кофе, гөөхий, печень өрж тавьсан харагдлаа. Шуудайнаас хоосон яс гаргаж торонд хийн зарж буй худалдагчийг Б.Оюун гэдэг. Тэрбээр “Махыг нь шулсан хоосон ясыг томоохон захуудаас худалдаж аваад зардаг. Нэг уут нь 1000 төгрөгийн үнэтэй. Мах авч чадахгүй байгаа хүмүүс үүнийг авдаг юм. Зарим нэг нь шөл гаргаад түүндээ шар будаа, нохойд өгдөг 700 төгрөгийн гоймон хаяж иддэг гэсэн. Гоймонгуудын хаягдал хогийг шуудайлан зардгийг нохойн гоймон гэдэг аж. Түүнийг гурилны оронд идэж байна. Мөн яснаас гадна нохойн хоолыг хүмүүс их авдаг. Нохойн хоолонд булчирхай, мөгөөрс, шил зэрэг малын хаягдал л байдаг.

Нохойн хоол жижиглэнгээс арай том учир цэвэрлэж хоол хийж иддэг сураг дуулдсан. Үүнийг нохой хүртэл даахгүй, тоож идэхгүй байхад хүмүүс хоол хийж идэж байна шүү дээ. Бид зүгээр л нохойн хоол худалдаалж байна. Харин иргэд өөрсдөө мөнгөгүй учир арай хямдханаар нь үүнийг авдаг юм. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт ядуурч байна. Энэ байдлыг төрийн эрх бүхий удирдлагууд харах хэрэгтэй” гэв. Бидний мэддэг судалтай гялгар цэнхэр тортой ясыг тэд 1000 төгрөгөөр худалдан авч шөл гаргаж хоол хийдэг гэхэд ч итгэхэд бэрх. Гэтэл үнэндээ биднийг ийн ярилцаж зогсох зуур хэд хэдэн хүн авсан юм. Зарим нь санаа зовсон шинжтэй “Нөгөөх чинь байна уу. Гурван торыг авах гэсэн юм.

Цаад хэд чинь турж үхэх нь байна” хэмээж байв. Харин худалдагч “Байна, байна гээд “Нохойн хоол зарж байна” гэсэн бичигтэй хайрцгийг онгойлголоо. Цаад хэд чинь гэхээр их л олон нохойтой байх нь гэж бодсон ч тийм биш ээ. Хүүхдүүдээ тэгж хэлсэн байв. Тэнд ийм худалдаа хийж байгаа хүн 10 гаруй байдаг гэнэ. Харин худалдан авч буй хүний тоо үүнээс хэд дахин их. Энэ бол долоон буудлын гэр хорооллын айлуудын төрх.

Гэр хорооллын хүнсний дэлгүүрийн хөлдөөгч жижиглэнгээр дүүрчээ

Гэр хорооллын хүнсний дэлгүүр талх хувааж зардаг гэсэн яриа гарах болсон. Тиймээс бид Баянхошуун дахь хүнсний хэд, хэдэн дэлгүүрээр орлоо. Бидний орсон хүнсний дэлгүүрийн хөлдөөгчинд үхэр, хонь, ямааны мах байсангүй. Үүний оронд дотор гэдэс, таташ зэрэг жижиглэн харагдаж байв. Гахай, тахианы махны сураг бүр ч байхгүй. Учир нь, иргэд ийм зэргийн мах авахаас илүүтэй жижиглэнг ихээр авдаг байна. Тиймээс худалдагчид орлогоо бодож, гүйлгээ сайтай жижиглэнгээр хөлдөөгчөө дүүргэсэн аж. Худалдагчийн хэлснээр өдөрт 60-70 ширхэг жижиглэн зардаг байна. Одоогоос 2-3 жилийн өмнө жижиглэн 350 төгрөг байхад. барагтай л бол авдаггүй байсан гэнэ. Харин махны үнэ нэмэгдэж, иргэд худалдан авч чадахгүй болсон өнөө үед жижиглэн 700 төгрөг хүрэхэд булаацалддаг болжээ. Яагаад ийм худалдан авалт хийж байгаа талаар асуухад бүгд л “Иргэдийн амьдрал үнэхээр хэцүү байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байхад авдаг цалин мөнгө хэвээрээ л байх юм” гэцгээж байв. Тэдний ярианаас амьдрал мөнгөн дээр тогтож байгаа юм шиг санагдлаа.

Нэг зүсэм талхыг 50 төгрөгөөр авдаг

Бидний орсон Баянхошууны хүнсний дэлгүүрийн лангуун дээр 100 граммаас нэг килограмм хүртэлх гурил, будаа, элсэн чихэр зэргийг тавьсан харагдлаа. Энэ мэтээр лангуу нь жижиглэнгийн бараагаар дүүрсэн байв. Тэр дэлгүүрийн ойр орчмынхон өглөө 100 грамм масло, 100 грамм элсэн чихэр, дугуй талхны талыг авдаг байна. Харин орой нэг ширхэг төмс, лууван, сонгино, дотор гэдэс, жижиглэн зэргийг худалдан авч хоол хийдэг гэнэ. Ийм худалдан авалт хийхдээ зарим нь хүүхдээ явуулдаг гэнэ. Учир нь, өөрсдөө санаа нь зовдог бололтой. Санаа зовлоо гээд ч яахав дээ. Хоосон хонохгүйн тулд авах л хойно доо. Ингэж л иргэдийн амьдрал өглөөд нь граммаар, оройд нь ширхгээр хэмжигдэж, ийм худалдан авалт хийдэг иргэдийн тоо бага, багаар нэмэгдсээр л байна. Баянхошууны эцэст байрлах “Ундрам” дэлгүүрийн худалдагчаас хүмүүсийн худалдан авах чадвар ямар байгааг тодрууллаа. Тэрбээр “Бүх л хүн ширхэг, граммаар худалдаа хийж байна. Гурилыг килограммаар нь авдаг хүн тун ховор. Тэр ч бүү хэл бүтэн талх авч хүрэхгүй мөнгө барьчихаад “Талх авъя, болохгүй бол хуваагаад өгчих” гээд зогсч байгаа хүмүүсийг хараад өрөвдөх юм. Тэгээд л аргагүйн эрхэнд өгдөг. Гэхдээ тэр бүр өгөөд байхгүй л дээ. Дэлгүүрийн орлого муудаж байна. Хүмүүс ийм байвал дэлгүүр ажиллуулах хэрэггүй болох нь” гэв. Худалдагчид заримдаа ууттай зүссэн талхыг задалж ширхгээр зардаг байна. Өглөө задалсан талх одоо хоёр ширхэг үлдсэн байна гээд “Мишээл” гэсэн ууттай талх харуулав. Нэг зүсэм талхыг 150 төгрөгөөр зардаг гэнэ. Энэ үеэр талхыг хувааж, ширхгээр авч байгаа хүнтэй таарсангүй. Харин ногоо ширхгээр, гурил будааг граммаар авч байгаа хүнтэй олон харагдаж байв.

Гэр хорооллынхны дүр зураг
Гэр хорооллынхны амьдрал жилийн дөрвөн улиралд аль алинд нь хэцүүхэн. Бөөрийг нь нийлүүлэн барьсан дөрвөлжин хашаанд хэд, хэдээрээ гэр барьж амьдарна. Гудамжаар нь өвөл явахад хальтирч унаж бэртчих гээд зун нь борооны усанд живчих гээд, хавар нь цагаан тоосонд даруулаад тайван ч явах аргагүй. Хүүхдүүд нь тоглох тоглоомын талбайгүй, томчууд нь салхилах цэцэрлэг үгүй, усан оргилуур, засмал зам, машины гарааш гэж байхгүй төлөвлөлтгүй, эмх замбараагүй байдалтай. Энэ бол гэр хорооллын орчны дүр төрх. Хүнсний дэлгүүрийн лангуу дээр нь үнэтэй бүтээгдэхүүн ховор, грамм, ширхгийн бараа өрөөстэй. Хүмүүс нь хоосон яс, нохойн хоол, жижиглэн зэргийг авч хоног, өдрийг өнгөрүүлдэг. Нийслэл хотын нэгээхэн хэсэг байж тоггүй айл цөөнгүй байдаг. Тэр ч бүү хэл дөрвөн суваг ээлжлэн үзэх нь ч энүүхэнд. Манай улс нэг хүн амд ногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. 50 сая малтай нүүдэлчин монголчууд билээ. Гэтэл баялаг ихтэй, мал олонтой, малчин удамтай, Чингисийн үр сад яагаад яс мэрж, нохойн хоол булаацалдсаар байна вэ. Энэ гутамшиг биш гэж үү. Хэдий болтол гэр хорооллын айлууд гэрэлгүй гудамжаар алхаж, ширхэг, граммын бүтээгдэхүүнээр голоо зогоож, хорвоогийн бор өдрийг өнгөрүүлэх юм бол доо.

С. ЮМСҮРЭН

URL:

Сэтгэгдэл бичих