ЭХЛЭЭД ИРЦГҮЙ, ДАРАА НЬ ӨВЧТЭЙ, ЭЦЭСТ НЬ ЗАВСАРЛАГААР Н.БАТБАЯР САЙДЫГ ХААЦАЙЛАВ

6Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд огцруулах саналыг 2014 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Энэ хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан бөгөөд, эхний удаад Ардчилсан намын гишүүд “ирц”-ээр бойкотлож хуралдаан хийгээгүй юм. Харин дараагийн удаад Н.Батбаяр сайд өөрөө “өвчтэй” гээд ирсэнгүй. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэсэн боловч, бас л хойшиллоо. Учир нь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлыг “судалж үзэх” гэдэг нэрийн дор хойшлуулах горимын санал гаргаж, олонхи дэмжив. АН-ын бүлгийн даргын “судална” гэж хэлсэн тоон үзүүлэлтүүдийн эх сурвалжууд нь Үндэсний статистикийн хороо, ОУВС, Дэлхийн банк болохыг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр өчигдөр мэдэгдлээ.

УИХ нь хууль тогтоох байгууллагынхаа хувьд хуулиар баталсан дэгтэй, тэр дэгийг хэнбугай ч зөрчих эрхгүйгээр мөрдөж баримтлах үүрэгтэй. Хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим юун түрүүнд хууль тогтоох байгууллагаасаа эхлэн үлгэрлэн мөрдөгдөх учиртай. Гэтэл сайд томилох болохоор 100 хувь ирцээ бүрдүүлэн шийдвэрлэдэг эрх баригчид Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох асуудал яригдаад эхлэнгүүт хууль зөрчөөд ч хамаагүй хурлаа тасалж, хүндэтгэх шалтгаангүйгээр ноцтой зөрчиж байгааг УИХ дахь МАН-ын бүлэг буруушааж байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1 дэх заалтыг мөрдөж, бас мөрдүүлж, нэн даруй байнгын хорооны хуралдааныг хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын дарга З.Энхболд болон Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нарт сануулж, шаардаж байгаагаа тэд албан ёсоор мэдэгдлээ. Хэрэв энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол холбогдох байнгын хорооны даргыг Үндсэн хуулийн цэцэд өгч, дүгнэлт гаргуулах ажээ.

 

 

Б.СЭЛЭНГЭ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих