ГАЗАР ӨМЧЛӨХ НЭРЭЭР ИРГЭДИЙГ ЛУЙВАРДАХ НЬ ГЭВ
Монголын газрын мэргэжилтнүүд , “Дэлхийн монгол” нэгдлийн гишүүн болох Ц.Догтсайхан, Л.Баярсайхан нар нэгдэж “Газрын тухай хуулийн шинэчилсэн төсөл нь Монгол Улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, ард түмний амьдралын арга барил, монгол улсын иргэний эрхийг зөрчиж байгаа” талаар хэвлэлийн хурал хийж мэдээллээ.
Засгийн газар эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Газрын тухай хуульд өөрчлөлт оруулан гадна, дотны иргэдэд найр тавин газар өгөх гэж байна хэмээн тэд үзэж байгаа аж. Газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5.1.1-т иргэн бүрт газар өмчлөх эрхийг тэгш хангах, 5.1.2-т иргэн бүрт нэг удаа газар өмчлүүлэх тухай сертификатыг үнэ төлбөргүй олгох, 5.1.3-т иргэнд газрыг зөвхөн газар өмчлүүлэх сертификатыг үндэслэн өмчлүүлэх гэж заасан байна. Гэтэл хот төлөвлөлт, дэд бүтцийг хөгжүүлэх төрийн үйл ажиллагаа дорой явагдаж байгаагийн улмаас газрыг эмх замбараагүй олгож, дэд бүтэцтэй газар нь цөөн тооны хүмүүсийн гарт орсны улмаас 0.07 га газраа эзэмшье гэхэд хэрэгцээний шаардлага хангасан газар олддоггүй. 2013 оны бүртгэлийн жагсаалтын байдлаар 255 мянган хүн газраа эзэмшээд байгаа ч энэ нь нийт иргэдийн есөн хувь.
Эцэстээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу нэгэнт олдохгүй болсон газрын оронд сертификат олговол хэрэгцээгүй, ашиглах боломжгүй газрын оронд зарж болох үнэт цаастай болно. Энэ нь 1990 онд хувьцаа нэрээр тараасан тасалбарын луйвар дахин давтах нь гэсэн хардлагыг дагуулж байгаа аж. Тэр үед улсын олон үйлдвэр, байшин барилга, өмч хөрөнгө шударга бусаар цөөн этгээдийн гарт орсон. Тэгвэл өнөөдөр зөвхөн материаллаг өмч хөрөнгө ч биш газар нутгийг эрх мэдэлтнүүд гадныхантай нийлж хувийн өмч болгох гэж байгаа талаар тэд мэдээлсэн юм. “Монголын Газар нутаг хэн нэгэн олигархын өмч болсноор ирээдүй хойчид минь таван ханатай гэрээ барих талбай ч үлдэхгүй. Эх орондоо чөлөөтэй алхах эрхгүй болно.
Бид эх нутгаа ээжтэйгээ зүйрлэн хүндэлдэг. Тэгвэл ээжийгээ хэсэг хэсгээр нь таслан зарж байна гэсэн үг. Газар нутаг хувийн биш улсын өмч байх ёстой. Харин өнөөдрийн байдлаар баячуудын гарт ороход бэлэн байна. Энэ хууль батлагдвал Монголын газар нутаг хэсэг этгээдийн хувийн өмч болон хувирч, улмаар гадны эзэмшилд шилжих бүрэн боломжтой” хэмээн хэвлэлийн хурлын үеэр анхааруулж байлаа. Үүнээс гадна 6.1.6-т ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газар гэсэн хаана ч байхгүй ангилал шинээр нэмсэн нь Монгол Улсын газар нутгийг зориудаар сүйтгэж байгаа гэж “Дэлхийн монгол” нэгдлийнхэн үзэж байна.
Э.ДЭЛГЭРМАА /ӨДРИЙН ШУУДАН/
URL: