Гэмтлийн эмнэлгийн эмч нар улсын эмнэлэгт хувийнхаа бизнесийг хийж байжээ

32_b37dfd5c568960dea6d30ef10df9a48f235b9040МХЕГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.ОЮУНЧИМЭГТЭЙ ярилцлаа. Тэрээр МХЕГ-ын ажлын хэсэгт багтаж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм.

 

  -Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрсөн дөрөвдүгээр сард шалгалт хийх хуваарьтай байсан. Ямар шалтгаанаар хойшилсон бэ?

 

-Өнгөрсөн 2013 оны тавдугаар сард манайхаас тус эмнэлэгт төлөвлөгөөт шалгалт хийгээд “их эрсдэлтэй” гэсэн үнэлгээг өгсөн байдаг. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2014 оны төлөвлөгөөт шалгалтандаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийг оруулсан. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт шалгалт хийх байсан ч 2013 оны нэгдүгээр сараас хойш эмнэлгийнх нь дарга долоон удаа солигдсон учраас хойшлуулсан. Эхний шалгалтыг нэг даргынх нь үүрэг гүйцэтгэгчийн үед явуулж 48 заалттай албан шаардлага өгч, 3.5 сая төгрөгөөр байгууллагыг нь торгосон. Өгсөн үүрэг даалгаврыг шалгахад 100-аас 11 хувийн биелэлттэй байсан. Иймд үүрэг гүйцэтгэгчийн үед ажлын биелэлтийг шалгах нь үр дүн муутай юм байна гэж үзээд хойшлуулж 2014 оны тавдугаар сарын 26-наас ажлын зургаа хоногт багтаан шалгалаа. Шалгалтын явц бусад эмнэлэгт хийсэн шалгалтыг бодвол сэтгэл зүй, ачааллын хувьд нэлээд хүнд нөхцөлд хийгдсэн. Ийм байлаа ч бид МХЕГ-ын даргын удирдамжийн дагуу тус эмнэлгийн үйл ажиллагааг шалгаж дуусгаад дүнгээ нэгтгэж байна.

 

  -Дүнг нь нэгтгэж байхад юуг ажигласан бэ?

 

-Дөрвөн чиглэлээр зургаан байцаагч шалгалт хийсэн. Шалгалтын дүнг дөнгөж нэгтгэж байхад та орж ирсэн учраас зөвхөн анхаарах ёстой хэдэн зүйлийг хэлье гэж бодрж байна. ГССҮТ-ийнхөн 2013 оны нэгдүгээр сараас 2014 оны зургадугаар сар хүртэл долоон даргын нүүр үзсэн нь тухайн байгууллагад хүний нөөцийн бодлого алдагдахад хүргэжээ. Маш олон хүн орж гарсан байна. Биднийг шалгалт явуулж байхад ч гэсэн шүүхийн тогтоолоор халагдсан хүмүүсийг нь эргүүлэн томилж байлаа. Хүний нөөц тогтворгүй байснаар үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд сөрөг нөлөө гарах магадлалтай байдаг. Өнөөдөр тус байгууллагад ажиллагсдын 90 хувь нь хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй байна. Гэхдээ дарга нь солигдсон сүүлийн жилд үүссэн байдалд ч биш. Ерөөсөө л Хүний нөөцийн албаны дарга нь 1998 онд томилогдсоноосоо хойш хамгийн тогтвор суурьшилтай ажилласан дарга нь байгаа байхгүй юу. Энэ хүн л ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй байна гэж би хэлэх гэж байна.

 

  -Яагаад?

 

-2005, 2006 онд хийсэн гурав, арван сар, нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь 2007 онд сунгагдсан байгаа боловч түүнээс хойш дахин сунгагдаагүй байна лээ. Үүнийгээ тэр хүн “Автоматаар сунгагдчихдаг юм” гэж хэлж байгаа нь ямар үе шатаасаа Гэмтлийн эмнэлгийн хүний нөөцийн бодлого алдагдсан байгааг харуулж байгаа юм. Тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой сувилагч, туслах сувилагчийн орон тоо дутуу байгаагаас нэг өвчтөн дээр доод тал нь хоёр сахиур ажиллаж байна. Нэг палатанд дөрвөн өвчтөн байлаа гэхэд сахиуртайгаа нийлээд 10-12 хүн бүтэн 24 цаг байна шүү дээ. Тусгай мэргэжлийн төвийн бүтэц үйл ажиллагааны MNS : 63302012 стандартын А хавсралтад орон тооны нормативыг заасан байдаг. Үүгээр бол 274 сувилагчтай байх ёстой. Харин одоо тус эмнэлэгт 201 сувилагчтай буюу 73 нь дутуу байна гэсэн үг. Тиймээс гэмтэл авсан хүнийг харж асрах, эмчилгээ шинжилгээнд оруулах нь ар гэрийнхэний үүрэг болж байна. Дээрээс нь сувилгаа үйлчилгээнд ашигладаг каталк, тэргэнцэр, олон үйлдэлтэй функциональ орнууд маш их дутагдалтай байгаа нь харагдаж байна. Жишээлбэл, даваа, мягмар гариг болоход тус эмнэлгийн 2-3 тасгийн 20-иод өвчтөн корридорт картон цаас, гэрээсээ авчирсан гудсан дээрээ хэвтэж байсан. XXI зуунд Монголын онц чухал эмнэлэг ийм л байдалтай байна.

 

  -Шинээр очсон дарга нар нь Гэмтлийн эмнэлэгт бугшсан нуугдмал бизнесийг ил болгож магадгүй учраас эмч нар томилгоон дээр хэл ам хийсэн гэдэг яриа бий. Сая шалгалтаар хууль бус бизнесийн үзэгдэл илэрсэн үү?

 

-Эмч нар нь улсын эмнэлэгт ажилладаг нэрийн дор өөрийн хувийн компаниа байгуулсан байна. Түрүүчийн шалгалтаар хувийн компанийг нь илрүүлсний дараа өөр хүний нэр дээр шилжүүлээд чанарын баталгаажилтгүй хэрэгсэл авч хагалгаанд хэрэглэж байна. Гэмтлийн эмнэлэгт үе түнхний хагалгаа хийх өрсөлдөөн болох гээд байгаа юм уу яах гээд байгаа юм. Уг хагалгааг ГССҮТ-ийн нэг давхарт 4600 доллар, нөгөөд нь 3600 доллараар хийж байна. Ингэхдээ эмч нь хувийн аппаратаа ашиглаад, “Би БНСУ-д сурч ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүний хийж байгаа” гэсэн тайлбартайгаар уг хагалгааг хийж байна. ГССҮТ-д дурангийн хоёр аппарат байдаг. Нэг нь хувь хүнийх, нөгөө нь байгууллагынх. Өөр нэг зүйл хэлэхэд, нэг өрөөнд 5-6 эмч нийлж гурван шкафыг хадгалсан байсан. Гурван шкафад имплант буюу хиймэл үе хадгалдаг юм байна. Эмч нар гадаадаас авчирсан имплантаа өвчтөний хагалгаанд ашиглаж байгаа юм.

 

  -Эмч нарын нэрийг дурдаж болох уу?

 

-Гэмтлийн эмнэлгийн Мөнхбаяр, Батзориг, Өлзийбаатар, Сүхбат, Мөнхсайхан, Жаргалсайхан зэрэг мэс заслын эмч нар байсан.

 

  -Эдгээр эмчийн үйлдэл нь ямар хууль, тогтоомжтой зөрчилдөөд байгаа юм бэ?

 

-Энгийнээр хэлэхэд, улсын эмнэлгийн байр, тог, цалин хэрэглэж хувийнхаа бизнесийг хийж болохгүй шүү дээ. 2008 оны Эрүүл мэндийн сайдын 51 тоот тушаалаар үе түнхний хагалгааг ГССҮТ-д хийнэ гэж заасан. Сайдын тушаалаар ингэсэн боловч Эрүүл мэндийн тухай хуулийн 37.2-т аливаа өвчнийг оношлох, эмчлэх шинэ арга технологийг нэвтрүүлэх, эмнэлгийн практикт хэрэглэхдээ клиникийн эмнэлзүйн туршилт хийсний дараа нэвтрүүлнэ гэж заасан. 36.1-т нь энэ асуудлыг тухайн салбарын сайдын тушаалаар баталгаажуулна гэсэн байдаг. Гэтэл эмч нарын үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хуулийн дээрх хоёр заалтыг зөрчиж байгаа юм. Бид Улсын I эмнэлэгт өнгөрсөн гуравдугаар сард төлөвлөгөөт шалгалтыг хийсэн. Шалгалтыг хийж байгаад М.Отгонбаяр эмчийн хийдэг үений хагалгааг зогсоосон. Эмчлэх эрхийн лиценз чинь гар дээр чинь ирээгүй байна, хүчинтэй хугацаа чинь дууссан байна гэсэн. Гэтэл үүнийг биелүүлээгүй М.Отгонбаяр эмч тавдугаар сард биднийг дахин очиход 24 хүнд хагалгаа хийчихсэн байна. Энэ бол өөрөө эрсдэл үүсгэх магадлалтай. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлд, эмчлэх, сувилах, эм барих чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан мэргэжилтэн л дээрх ажлыг хийж болно гээд заасан байхад болохгүй шүү дээ. Өнөөдөр Монгол Улсад эмч, эмнэлгийн ажилтны эрх, үүргийг нь хуульчлаад өгчихсөн байхад биелүүлэхгүй байгааг анхаарах хэрэгтэй. Ингэснээрээ өөрийгөө болон бусдыг эрсдэлд хүргэх магадлал өндөр байдаг.

 

  -Энэ үйлдлийг нь сая шалгахдаа зогсоосон уу?

 

-Үе түнхний имплант суулгах хагалгааны удирдамжийг өнөөдрийн хүртэл боловсруулж чадаагүй байгаа. Эмч нарын явцуу эрх ашгийн үүднээс ч юм уу Эрүүл мэндийн яамныхан, мэргэжлийн зөвлөлийнхөн энэ асуудлыг баталж нэг мөр болгоогүй байна. Бид дэндүү урт буюу гурван жилийн хугацаа өгсөн байхад үүнийг хийсэнгүй. Ийм учраас бид өнгөрсөн пүрэв гаригт үе түнхний имплант суулгах хагалгаа хийх явдлаа зогсоо гэсэн үүргийг ГССҮТ-д өгчихөөд байна. Энд хийж буй хагалгааны 70-80 хувийг хөгшрөлтөөс үүссэн шалтгааныг харгалзан хийдэг. Яг гэмтлийн улмаас дээрх хагалгааг хийлгэдэг нь бага учраас хагалгаагаа зогсоо гэсэн үүрэг өгсөн.

/МХЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/


URL:

Сэтгэгдэл бичих