Монгол Улсад шударга ёс, эрх чөлөө, ардчилал улам бүр хумигдах боллоо гэв

a37a2da51fda6fc1original90 жилийн түүхэндээ хоёр удаа парламентад хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй МАН өнгөрсөн намар хуралдсан 27 дугаар их хурлаараа намын удирдлагаа шинэчилсэн. 2021 он хүртэлх хөгжлийн зорилтоо тодорхойлж, шинэчлэлийн бодлогоо эрчимжүүлэх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан МАН-ын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн өчигдөр  эхэллээ. Энэхүү зөвлөлгөөнөөр Их хурлаас гаргасан шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, эв нэгдлийг эрхэмлэж, гишүүд дэмжигчид, иргэд сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалж, тэдний итгэл дэмжлэгийг нэмэгдүүлэх, ард түмэнтэйгээ хамтран ажиллахад талаар өргөн хүрээнд хэлэлцэж эхлээд байна.
Эхний өдрийн зөвлөлгөөнийг МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулга удирдсан бөгөөд МАН-ын дарга М.Энхболдын улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөлд байдлыг үнэлж хэлсэн үг намын гишүүд төдийгүй олон нийтийн анхаарлыг онцгой ихээр татаж байна. МАН-ын даргаар хоёр дахиа сонгогдоод байгаа түүний хувьд сөрөг хүчний удирдагчийн хувиар эрх баригчдын үйл ажиллагаанд ийнхүү албан ёсоор анх удаа дэлгэрэнгүй байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Улсад шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө, ардчилал улам бүр хумигдах боллоо. Эрх баригчид ардчилал, төрийн нэрийг барьж ард түмнээ, бизнес эрхлэгчдээ ялгаварлан гадуурхаж тал бүрээр дарамталж, шахан хавчиж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг эцсийн хэлэлцүүлэгт унагаж, “давхар дээл”-тэйгээ  үлдсэн нь эрх баригчид төрийн хэргийг хойш тавьж, өөрийн эрх ашгийг өмнөө тавьсныг ил тод гэрчилнэ. Энэ бол өнөөгийн эрх баригчдын харагдах байдлын зөвхөн нэг тал нь.
Эрх баригчид өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор аливаа шийдвэрийг хүч түрэн гаргаж, ард түмний эрх ашиг, улс орны хөгжлийн төлөөх цөөнхийн санал, санаачлагыг хааж боож байгаа нь ардчилсан нийгмийн үзэл баримтлалаас ухарч, ардчиллын нэр зүүсэн дарангуйлагчид болсны хамгийн тод жишээ юм. Сонгогчдын итгэлийг хүлээж, олонхийн саналыг авсан нэр дэвшигчийг хүртэл тангарагийг нь өргүүлэхгүй, хууль хяналтын байгууллагаар дарамталж байсан нь тэдний наад захын үйлдэл бөгөөд цаашилбал өнөөдөр 1300 гаруй иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад олон сараар цагдан хоригдож, Үндсэн хуулиар олгогдсон, олон улсын конвенцээр баталгаажсан хүний эрхээ эдэлж чадахгүй, ялтан мэт шаналж байна.
Эрх баригчид өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэхгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг гацаадаг, Засгийн газрын гишүүнээ огцруулахаар өргөн барьсан тогтоолоо татаж авдаг,  хууль зөрчсөн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, дарга түшмэдтэйгээ хариуцлага тооцдоггүй муу жишгийг тогтоогоод байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Намын амьдрал, өнөөгийн байдал, цаашдын зорилт” илтгэлдээ  эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн ийм үед намын байгууллагын дотоод амьдрал, гишүүд дэмжигчдийнхээ санаа бодол, сэтгэл зүрхийг хэр ойлгож, тэдэнтэйгээ хэрхэн хамтран ажиллахаас МАН-ын ажлын үр дүн шалтгаалахыг  онцолж байсан нь удирдах ажилтнуудад нэгийг бодогдуулсан биз ээ.
Эхний өдрийн зөвлөлгөөн МАН-ын Нарийн Бичгийн Дарга Х.Булгантуяагийн  “Монгол Ардын Намын дунд хугацааны стратеги төлөвлөгөө” илтгэлээр үргэлжилж, үдээс хойш бүсчилэн хуралдлаа. Намын Их хурлаар сонгогдсон Удирдах зөвлөлөөр намын анхан шатны байгууллагуудыг бүсчилэн хувааж, нарийн бичгийн даргатай болгосон. Энэ дагуу Зүүн бүсийн төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ удирдан хуралдсан бол, Баруун бүсийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Төвийн бүсийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Хангайн бүсийг УИХ-ын  гишүүн О.Содбилэг, Улаанбаатар хотын бүсийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар  нар тус тус удирдан хуралдлаа.
Өнөөдөр үргэлжлэх зөвлөгөөнийг Намын Нарийн Бичгийн Дарга Т.Гантулга, Стратеги академийн захирал Я.Төмөрбаатар нар удирдан явуулах юм.  Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирсэн намын удирдах ажилтнууд мөн сургалтад хамрагдана. Энэ үеэр МАН-ын ОНХМТ-ын газрын дарга Н.Дэмбэрэл “ Цахим харилцаа болон нийгмийн сүлжээнд ажиллах нь” сэдвээр, Эдийн засагч, МУИС-ийн багш Доктор/Ph.D/ профессор Ч.Хашчулуун “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал” сэдвээр, Стратеги академийн захирал, доктор Я.Төмөрбаатар “Монгол Ардын Намын үнэт зүйл, нийгмийн ардчиллын үзэл баримтлал сэдвээр, Дэд профессор, доктор С.Мөнхбат “Сонгуулийн  технологи арга тактик: 2016 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хангах нь” сэдвээр, Удирдлагын академийн багш, Дэд профессор, доктор/Т.Саранчимэг ”Монгол Ардын Намын архив, албан бичиг хөтлөлт” сэдвээр тус тус сургалт явуулах юм.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Намын удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих