Таван настай охин балконоос унаж амиа алджээ
Эцэг эхчүүд хараа хяналтгүй бага насны хүүхдээ гэртээ ганцааранг нь орхисноос үүдэн балконоос унаж амиа алдах харамсалтай хэргүүд гарах болсон.
Өчигдөр буюу энэ сарын 10-нд 15:00 цагийн үед Баянгол дүүргийн 16-р хороо модны-2т байрлах “Elengance town” орон сууцны барилгын 13 давхраас таван настай охин унаж нас барсан ноцтой хэрэг гарлаа.
Охиноо таван минут ганцаараа байж байгаарай гэж захиж орхиод ээж нь гадагшаа гарчээ. Гэвч охин харгалзах хүнгүй ганцаараа балконы цонхон дээр гарч хөл гараа унжуулан хэд хэд савалсан аж. Энэ тухай уг байрны оршин суугчид мэдүүлэгтээ өгчээ. Тэд охиныг “цаашаа гэр лүүгээ ор гэж олон удаа хэлсэн ч” охин хөлөө унжуулсаар байсан гэнэ.
Тус байранд оршин суудаг хоёр иргэн охиныг унаж магадгүй гэж байрны гадна контейнерээс унжуулсан даавуугаар тосох гэсэн ч даавууг татаж байх хооронд охин унаж амь насаа алджээ.
Уг ослын газар Онцгой байдлын албан хаагчид ирж, охины цогцсыг авч явсан ба цагдаагийнхан үзлэг хийжээ. Харин охины ээж охиныхоо ч нэрийг хэлж чадахгүй цочролд орсон байна. Мөн тухайн байрны гадна байсан дөрвөн иргэнээс гэрчийн мэдүүлэг авч эхлээд байгаа аж.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байх, балкондоо хамгаалалт хийхийг болзошгүй эрсдлээс урьдчлан сэргийлэхийг анхааруулж байна.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: