Эмчид итгэснээс наранд даатгасан нь дээр болж
Сар бүр уулгаж буй D витаминаас болсон болж хүүхэд өвчилсний хариуцлагыг хэн хүлээх вэ, яаж эмчлэх ёстой эсэх талаар салбар хариуцсан яамны мэргэжилтнээс тодруулахад “Улсын хэмжээнд D витамины илүүдэлд орсон гэх мэдээлэл ирээгүй. Үндэслэл ч байхгүй. Витамины илүүдэл, дутагдал хоёрт ижилхэн шинж тэмдэг илэрдэг. Түүнийг шинжилгээгээр тогтоодог юм” гэснээс өөр хариулт өгөхийг хүссэнгүй.
Гэтэл нэгэн хүүхдийн хувийн эмнэлгийн захирал, хүний гавьяат эмч н.Баяраа сүүлийн үед D витамины илүүдэлд орсон хүүхдүүд манай эмнэлэгт олноор ирэх болсон гэсэн эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлж байна.
Монголчуудын хувьд дэлхийн тэнхлэгийн 45 градус өргөргөөс хойшхи орнуудад нарны туяа бага тусдаг гэх үндэслэлээр 0-3 насны хүүхэд бүрийг витаминжуулж буй. Уг витамины хоногийн тунг 3000 мг-аар дээш хэтрүүлж болдоггүй гэнэ. Хамгийн гол нь D витамин илүүдсэнээс өсөлт зогсох, амархан ядарч сульдах гээд шинж тэмдгүүд аажимдаа илэрдэг болохоор аюул, эрсдэл ихтэй байдаг аж. Гэтэл энэхүү бага насны хүүхдэд уулгаж буй D витамин эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйд одоогоор анхаарч буй газар үнэндээ алга. Бүгд л нэр төр, албан тушаалаа хамгаалж үлдэхээр “хөлс алдсан хүүхэд, анхаарал тавиагүй эцэг эхийн буруу” гэдгээр ам таглаад өнгөрөхийг оролдоно.
Олон жил хүүхдийн эмчээр ажилласан, хашир туршлагатай ганц нэг эмч, мэргэжилтнүүд 0-3 насны хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал бол D витамины илүүдэл гэх өвчин газар аваад буйд сэтгэл эмзэглэж буйгаа нуухгүй байгаа. Энэ байдлаас авч үзвэл D витаминыг хаанаас хэн гэгч этгээд нийлүүлээд байгаа, чанарын шаардлага хангаж байгаа эсэх зэрэгт анхаарах хэрэгтэй юм шиг. Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Бага насны хүүхдүүдийг D витаминаар хангах ажлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагууд нийлүүлдэг болохоор ямар ч эрсдэл байхгүй” гэх юм билээ. Томоохон байгууллагууд л оруулж ирэхдээ найдвартайг нь оруулж ирнэ гэсэн тогтсон дүрэм, журам хаанаас байх билээ.
Хамгийн чухал нь хэзээ үйлдвэрлэсэн, хаана яаж тээвэрлэсэн, хэрхэн хадгалж байгаа, хүчинтэй хугацаа гээд бүхий л шаардлагууд шат, шатанд мөрдөгдөж байх ёстой. Энэ байдалд харин холбогдох газрынхан хяналт тавьж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй. Хаа хаанаа хариуцлага сул байдгийн гайд бяцхан хүүхдүүдийн эрүүл мэнд хохирох ёсгүйг холбогдох албаны удирдлагууд анхааралдаа аваасай.
Хүний гавьяат эмч н.Баяраа эмчийн хэлж буйгаар D витаминыг өндөр тунгаар өгвөл хүүхдийн эрүүл мэндэд аюултайгаар барах уу, хор хөнөөл нь тэр даруйдаа биш, хожим илэрдэг гэж хэлж байгаагаар бол ирээдүй хойч үеийнхний минь эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байгаа гэж хэлж болмоор. Энэ мэтээр хийсэн хэргээ далдлах аргад гаршсан эрүүл мэндийн салбарын удирдлагууд учир мэдэхгүй бяцхан иргэдийнхээ эрүүл мэндээр тоглох хэрэг байна уу, та минь.
Яршиг зүгээр, хэн нэгний сайн гэсэн бүхнийг өгч хүүхдийнхээ эрүүл мэндийг хордуулсанаас дэлгэр зуны цагт наранд даатгаад нөгөөх D витаминыг нь авах нь дээр ч юм уу.
Д.ДОЛГОР
Зохиогчийн эрх: “Ардын эрх” сонин
URL: