116 дугаар сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн 116-р сургуулийн захирал С.Энхтуяа нь хуулиар хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хандив авсан, эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагын санхүүд орох ёстой төсвийн мөнгийг хувьдаа ашиглаж завшсан, багш ажилчид, сурагчдыг айлган сүрдүүлэх, элдэв хэл үгээр доромжлох, ялгаварлан гадуурхах зэргээр удирдах албан тушаалтны хувьд ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасныг хууль хяналтын байгууллага болон Хүний эрхийн Үндэсний комисс тус тус шалган тогтоожээ.
Тиймээс нийслэлийн Боловсролын газраас тус сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай санал дүгнэлт ирүүлснийг харгалзан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “С.Энхтуяаг ажлаас чөлөөлөх тухай” захирамж гаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнчлэн С.Энхтуяатай ажилласан хугацааны цалин болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг 116 дугаар тусгай сургуулийн нягтлан бодогч Ч.Оюундэлгэрт даалгасан байна. Мөн тус сургуулийн захирлын ажлыг хүлээлцүүлэх, сонгон шалгаруулалтын дүн гартал удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгожээ.
Г.Цэцэг /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: