ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСЛҮҮДИЙГ ТОРДООД Ч САЙЖИРДАГГҮЙ ГЭВ

С.БямбацогтУИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, энэ долоо хоногт Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдэд саналаа нэгтгэжээ. Бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд “АН-ын бүлгийн зүгээс өргөн барьсан хуулийн төслүүд бүгд эдийн засгийн агуулгатай байгаа учраас төрийн байгуулалт, нийгмийн хамгааллын салбарьш хуулийн төслүүдийг орхигдуулж болохгүй. Энэ чиглэлийн хуулийн төслүүдийг ч хамтад нь хэлэлцэн батлах ёстой. Манай бүлгээс санаачилсан хуулийн төслүүд өнөөг хуртэл хэлэлцэхгүй дарагдсаар байна.

Тухайлбал, Бүсийн нэмэгдлийн тухай, Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл бүтэн гурван жил хүлээгдэж байна. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүд чанаргүй, дутуу түүхий боловсруулснаас болж УИХ-ын босго давахгүй унаж байна. Ашигт малтмалын тухай, Хяналтын тухай, Газрын тосны тухай хуулийн төсөл үнэхээр түүхий болсон. Гэвч олонхи бодлогоо хамгаална гэдэг утгаар асуудалд хандаж байна. Шаардлага хангахгүй ийм хуулийн төслүүдийг “битгий хүлээж аваач” гэж УИХ-ын даргаас бид шаардаж байгаа.

Засгийн газар хуулиа сайн боловсруулаад оруулаад ирвэл МАН-ын бүлэг дэмжиж ажиллана. Харамсалтай нь дэмжих аргагүй, тордоод ч сайжирдаггүй хуулийн төслийг өргөн барьж цаг их алдаж байна. Иймд улс орон, ард иргэддээ нэн чухал, хэрэгтэй хуулиудыг яаралтай баталъя гэдэг дээр Ардчилсан намын бүлэгтэй зөвшилцөхөөр шийдсэн” гэлээ.

Мөн Газрын тухай хуулиар бэлчээрийн асуудлыг зохицуулах боломжгуй, бэлчээрийн асуудлаар тусгайлсан хууль гаргах нь илүү оновчтой хэмээн үзэж байгаа гэнэ. Бэлчээрийн даац хэтэрсэн, өвсний төрөл чанар муудаж байгаа өнөө үед бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших, ашиглах асуудлыг зохицуулах нь нийгмийн захиалга болж байна. Үүнээс гадна Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг бүрэн бүтэн байх ёстой. Хот суурингийн газрыг гадаадын иргэнд 60 жилээр эзэмшүүлэх, 40 жилээр сунгах эрхийг олгож болохгүй гэж үзэж байна.

 

 

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих