Их хэмжээний мөнгө угаасан Ч.Хоролсүрэн нарын хэрэг дахин задарлаа

Монголд анх удаа их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэг өнгөрсөн жил шүүхээр шийтгэгдэн нийгэмд дуулиан тарьсан. Тодруулбал “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр МИАТ компаниас үе үеийн удирдлагууд нь их хэмжээний мөнгө угаасан болох нь шүүхээр тогтоогдсон билээ.

Энэхүү хэргийн холбогдогчид болох МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг 11 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял анхан болон давж заалдах  шатны шүүхээс ногдуулсан.

Тэгвэл  Улсын дээд шүүхээс нэр бүхий ялтнуудын ялыг хөнгөрүүлж,  Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч.Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ялаар шийтгэсэн билээ.

Одоо мөнгө угаагчид тус тусын хорих ангидаа өөрт ногдсон ял шийтгэлээ эдэлж буй.

Энэ талаар эргэн сануулах болсон шалтгаан нь тэдний хэрэг дахин задарчээ. Ингэснээр ШШГЕГ-ын харьяа Мааньт дахь хорих ангид ялаа эдлэж байсан Ч.Хоролсүрэн, Амгалан дахь 409 дүгээр хорих ангид ял эдэлж байсан Б.Эрдэнэбилэг нарыг уржигдар  Урьдчилан хорих 461 дүгээр ангид авч иржээ.

Тэднийг шинэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаах болсон аж.

Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг Электрон тийзийн дэмжлэгийн төлбөр нэрээр компаниасаа 300 орчим мянган ам.доллар гаргуулан авч, завшсан гэж буруутгажээ. МИАТ компани 2007 оноос электрон тийз борлуулах систем ашиглах болжээ. Энэ систем нь зорчигчийн тасалбарын бүх мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах программ юм байна.

Ч.Хоролсүрэнгийн хувьд хоригдож байх хугацаандаа түнхний хагалгаанд орсон гэнэ. Мөн ходоодны хавдартай болсон гэх мэдээлэл ч байна.

Ямартай ч тэрбээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн, шинээр үүссэн хэрэгтэй байцаалт тайлбараа өгч байгаа аж.

М.Нандин Uls.mn


URL:

Нэр: Irgen Огноо: 2 December 2014

Shuud tsaazal

Сэтгэгдэл бичих