ДОЛООН ТӨСӨЛ =ХОЁР ТЭРБУМ 464 САЯ ТӨГРӨГ=ГАНЦХАН СТАНЦ

Дөрвөн жилийн өмнө та бидний татвараас бүрддэг төсвийн хөрөнгөөр сэргээгдэх эрчим хүчний арванзургаан төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Нийтдээ долоон тэрбум 984 сая, үүнээс салхин цахилгаан станц долоог барьж байгуулахад хоёр тэрбум 464 сая төгрөгийг зарцуулжээ.

Тодруулбал, Сүхбаатар айм гийн Эрдэнэцагаан, Дорноговь аймгийн Хатан булаг, Өмнөговь аймгийн Сэврэй, Өвөрхангай аймгийн Богд, Дорноговь аймгийн Мандах зэрэг суманд 80-150 кВт суурилагдсан хүчин чадал бүхий салхин станцыг барьснаас өнөөдөр ганц нь хэвийн ажиллаж байна. Гайхалтай байгаа биз, долоон төсөл =хоёр тэрбум 464 сая төгрөг=ганцхан станц.

Эрчим хүчний газрын мэргэжилтэн М.Мөнгөнбилэгийн хэлснээр эвдрэл үүссэн гурван станцад засвар хийж буй гэнэ. Тус салбарт туршлага хомс, эзэмшигчийг тодорхой болгоо гүйгээс өмч эзэнгүйдсэн, салхин генераторуудад цаг тухайд нь засвар хийгээгүйгээс шалтгаалсан гэсэн хариуцлагагүй тайл бар дагалдаж байна. Их мөнгөний үр дүн хаана байна вэ? Хамгийн гол нь төсвийн хөрөнгө гэдэгт халагламаар байгаа юм.

ДЭЛХИЙ НИЙТ ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИЙГ СОНГОЖ БАЙНА

Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дулаарал ихсэж байгаагаас шалтгаалж сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарах болжээ. 2009 оны байдлаар дэл хийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 158 гВт-д хүрч, салхины эрчим хүчний ашиглалт жилд 30 орчим хувиар нэмэгдэж буй гэнэ. Эдийн засаг нь асар хурдтай өсөж буй урд хөрш шинэ технологи, цэвэр эрчим хүчийг ашиглахгүй бол “асуудал” үүсэхийг хэдийнэ ойлгожээ.

Гучин жилийн өмнө тэд муур, хулганыг л барьж байвал ямар өнгөтэй байх нь хамаагүй хэмээн үзэж байсан бол харин одоо “хар муур”-тайдаа ихэд эмзэглэх болжээ. Тэд нүүрсийг асар ихээр ашиглаж байгаа нь агаар, усыг бохирдоход нөлөөлж буй тул цэвэр эрчим хүч гарган авах талаар анхаарах болжээ.

Урд хөрш салхины эрчим хүч үйлдвэрлэлээрээ л гэхэд өнгөрсөн жил АНУ-г гүйцсэн байна. Бусад орнууд ч байгальд ямар нэгэн хоргүй сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглахаар хэдийнэ ханцуй шамлан оржээ. Уг эрчим хүчийг БНХАУ, АНУ болон Ази, Европын орнуудад өргөнөөр ашигладаг. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар Дани улс нийт эрчим хүчний хэрэгцээнийхээ 21, Португал арваннайм, Испани арванзургаа, ХБНГУ есөн хувийг салхины эрчим хүчээр хангадаг гэсэн тооцоо бий.

БИД БНХАУ-ЫН ХЭРЭГЛЭЭГ Ч ХАНГАХ БОЛОМЖТОЙ ГЭВ ҮҮ

Манай орны нийт нутаг дэвсгэрийн арван хувь буюу 160.000 ам км нутагт салхийг эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор ашиглах боломжтой аж. Бүх аймаг багаар тооцоход тус бүр 6000 мВт салхины эрчмийн нөөцтэйг тооцоолжээ. Ганц Өмнөговь аймагт л гэхэд 300.000 мВт салхины эрчмийн нөөцтэй гэнэ.

Хэрэв үүн дээр дунд зэргийн буюу хөдөө орон нутгийг хангаж чадахуйц нөөц тэй бүсийг нэмж тооцвол салхитай газрын хэмжээ нийт нутгийн бараг 40 хувийг эзэлнэ. Өөрөөр хэлбэл, жилд найман триллион кВт/ц эрчим хүч нийлүүлэх боломжтой гэсэн үг. Энгийнээр бол Монгол Улсын салхины эрчим хүчний нөөцөөр дэлхийн хоёр дахь томоохон хэрэглэгч болох БНХАУ-ыг эрчим хүчээр нэг жилийн турш хангаж чадна гэсэн үг.

Гэвч одоогоор ганц сумыг л салхины эрчим хүчээр хангаж байна. Харин хэд хэдэн хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгө оруулалтаар салхин станц барих болжээ. Тодруулбал, “Ньюком” групп Салхитын 50 мВт хүртэл хүчин чадалтай салхин станцын паркийг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлж буй “Клин энержи” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Ийм хэмжээний эрчим хүчийг нүүрсний цахилгаан станцаар үйлдвэрлэсэн бол 160.000 тонн нүүрс түлж, агаарт 200.000 тонн нүүрсхүчлийн хий цацагдах байсан” гэв.

Тэд 120 метрийн өндөртэй 30 орчим салхин сэнсийг суурилуулахад хүндрэлтэй тулгарч буй ч ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй гэсэн. Үүнээс гадна Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ, Турк улсын “Айдинер Глобал” компанитай хамтран Говьсүмбэр аймгийн Чойр суманд 50 мВт-ын салхин паркийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад буй аж.

Мөн “Клинтек” компани 250 мВт хүчин чадалтай “Оюутолгой салхин цахилгаан станц” ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Түүнчлэн Дорноговь аймгийн Улаан толгойн хөндийд “Сайншанд салхин парк”-ийг эхний ээлжинд 52 мВт хүчин чадалтайгаар барих бололтой. Улсын төсвөөс хөрөнгө гаргасан станцууд бүрэн чадлаараа ажиллаж чадаагүй бол хувийн хэвшлийнхнийх арай өөр ирээдүйтэй байх биз ээ.

САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧ ЗӨВ СОНГОЛТ МӨН ҮҮ

Монгол Улсад их бүтээн байгуулалт өрнөж, томоохон ордуудын эрдэс баялгийн үйлдвэрлэлээс шалтгаалан 2015-2030 онд эрчим хүчний хэрэглээ 1500-3000 мВт хүртэл өсөх төлөвтэй гэнэ. Гэтэл манай дулааны цахилгаан станцуудын нийт хүчин чадал ердөө 856.3 мВт, эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрснээс гарган авдаг. Одоогоор сэргээгдэх эрчим хүчийг ашиглан гаргаж авсан цахилгааны хэмжээ нийт эрчим хүчний суурилсан чадлын 37.4 мВт буюу 4.52 хувийг эзэлж байна. Цаашид энэ хэвээр л байх уу.

Эрдэмтэн, судлаачид сэргээгдэх эрчим хүчний нөөцөд тулгуур лан цахилгаан үйлдвэрлэх ихээхэн боломж бий талаар ЭБЭХЯ-наас зохион байгуулсан “Монголын эрчим хүч-2011” уулзалтын үеэр дуул гасан. Эрчим хүчний өсөн нэ мэгдэж буй энэ их хэрэгцээг дан ганц нүүрсний цахилгаан станцаар хангана гэдэг бас л учир дутагдалтай. Гэтэл манайд сэргээгдэх эрчим хүчний технологи харьцангуй үнэтэй байдгаас шалтгаалан нэг кВт нь 120-200 төгрөг байгаа. Түүнчлэн өмнө байгуулсан салхин станцууд үүргээ биелүүлж чадахгүй байдаг.

Тэгэхээр энэ төрлийн эрчим хүч бидэнд хэр ээлтэй вэ. Хэдий дэлхийн эрчим хүчний тал хэрэглээг хангах салхины эрчмийн нөөцтэй ч байгуулсан хэдэн станцууд нь эхнээсээ эрэг, боолтгүй болчихсон. Гэсэн ч судлаачдын хэлснээр салхины эрчмийн арвин их нөөцтэй, байгаль орчинд халгүй гээд үзвэл энэ төрлийн эрчим гарган авах нь бидэнд чухал аж.

Төр, засгаас сэргээгдэх эрчим хүч ашиглахыг дэмжин, 2020 онд улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 20- 25 хувийг сэргээгдэх эрчим хүч ашиглан үйлдвэрлэхийг зорьж байна.

Тодруулбал, нийт 81 суманд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, дизель хослуулсан цахилгаан станц байгуулах, үүнээс 40 суманд нар-дизель, долоон суманд ус-дизель, 25 суманд салхи-нар-дизель, есөн суманд салхи-дизель хосолсон цахилгаан станц ашиглахаар төлөвлөжээ. Тиймээс бид цэвэр эрчим хүч хэрэглэх цаг ойрхон бололтой.

Ц.Болор


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих