«ДАРХАН АВАРГА»-ААР ДААГАА НЭХЭВ

Р.Гончигдорж“Далай аварга”-ыг үндэсний бөхийн барилдааны цолоос хасах хуулийн төслийн хэлэлцэхийг өнгөрсөн баасан гаригт УИХ шийдвэрлэлээ. 2003 оноос энэ цолыг олгож эхэлснээс хойш түүнээс өндөр түвшний буюу “даян аварга”, “дархан аварга” цолд хүрэх боломжийг хязгаарлаж байна хэмээн хууль санаачлагчид нь үзсэн байна. Хууль санаачлагчдыг нь нэрлэвэл Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нар. Гэхдээ хуулийн үзэл баримтлал, санаачлагчдын аль аль нь шинэ биш. Наадам айсуйг илтгэх баяр наадмын тухай хуулийн төслийг өнгөрсөн жилийн өдийд Их хуралд оруулж ирж байв. Үндэсний бөхийн холбоо, олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өнгөрсөн жилийн долдугаар сарын 5-н буюу наадмын өмнөхөн баталж, бас тэр өдрөө ёсчилж байлаа.

Мэргэжлийн холбоо, бөх сонирхогчдын эсэргүүцлийг үл тоон баталсан хуульд хоёр хоногийн дараа Ерөнхийлөгч хориг тавьж тухайн жилдээ хэрэгжих бололцоог олгоогүй юм. Далай аварга цолыг баяр наадмын хуулиас хасах шалтгаанаа тэд одоогийн бөхчуүдээ цаашид сайн барилдаж, амжилт гаргах гэсэн эрмэлзлэлийг л төрүүлэх гэсэн агуулгатай аж. Өөрөөр хэлбэл, улсын наадмаар дөрөв түрүүлж дархан аварга болох боломж одоогийн нөхцөлд бөхчүүдэд олдохгүй байгаа юмдаг уу даа. Гэвч далай аваргыг үндэсний бөхийн цолоос хасах төслийн цаана далд санаа байгааг Их хурлын гишүүд өөрсдөө ч хэлдэг. Хэтдээ юу юм гэхээс хэрэгжиж эхлэнгүүт энэ хуулиар цол нэмэх тодорхой тооны хүн бий. Тодруулбал, далай аварга Г.Өсөхбаяр, даян аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох нар цол нэмж, эрэмбэ өснө. Тиймээс л Г.Өсөхбаяр аваргын хүч үзээд ч бараагүй дархан аварга цолыг Р.Гончигдорж гишүүн хууль гарган авч өгөх гэж байна гэсэн хардлага хөвөрч байв. Угаас санаачлага нь Архангай, Өвөрхангай гаралтай гишүүдээс гарсан бөгөөд, өнгөрсөн жил өргөн барьсан нь Р.Гончигдорж, Д.Болор нар байлаа. Тухайн үед Архангай аймгийн 90 жилийн ой ч давхцаж, гишүүд ч тэгш ойн жилдээ зориулсан сюрпризүүдийн нэг нь энэ хэмээж байсан юм. УИХ-ын гишүүн Д.Болор “Аймгийнхаа ойд дархан аваргатай очих гээд чадсангүй” хэмээн ярьж байсан нь үүнийг батлах мэт.

Харин энэ удаа дээрх хардлагыг дарах гэсэн үү, эгнээндээ Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нарыг элсүүлж, Д.Болор нарын бусад гишүүн хойш суужээ. Гагцхүү Р.Гончигдорж гишүүн “дархан аварга”-ын төлөө даагаа нэхэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн үедээ хориг тавихдаа “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн.

Тиймээс бүхэлд нь хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээн авсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас өөр арга цаг хугацааны хувьд УИХ-д байгаагүй. Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгчийн хориг тавих болсон шалтгаанд дурдсанчлан мэргэжлийн холбоодоос саналыг нь авч, ард түмнээр хэлэлцүүлсэн болов уу, баяр наадмын тухай хуулиа. Ер нь тэгээд ч баяр наадмын хууль гэдэг олон нийтийн амьдрапд нөлөөлөх хэмжээний ач холбогдол агуулдаггүй. Бензиний үнэ, валютын ханш шиг ард түмэнд шууд хамааралтай биш. Арслан нь аварга болно уу, аварга нь дархан байна уу гэдгийг Их хурал дээр хэлэлцэн, хууль баталж байхаар мэргэжлийн холбоод нь уламжлалаа дагаад журмаараа зохицуулчих боломжтой л баймаар. 2003 оноос өмнө нь ч тийм байсан. Ялихгүй юманд ямааны гарз гэгчээр, УИХ энэ мэт зүйлд зарцуулж буй цаг хугацаагаа улс орны амьдралд тулгамдсан бусад асуудлаа шийдэхэд зориулж баймаар.

 

 

 
Б.ЭНХЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/


URL: http://www.fact.mn/172343.html

Сэтгэгдэл бичих