Зугтагч

ee61de40ce12340aoriginalАрд түмний шүдний өвчин болоод буй Засгийн газар. Засгийн газрын шүдний өвчин болоод буй их өр, хямрал. Бүр их өр, хямралын өвчин болоод буй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас салах гэж хаа хаанаа чармайж байна. Хямралын шүднийх нь өвчин болж чадаж байгаа хүнээс түргэн салах ёстой ч тэр зугтсаар байна. Гал тахиж, тэнгэр ярьсан согтуу бөөнцөрөөс Засгийн газар нь айгаад шахдаггүй хэрэг үү. Эсвэл энэ парламент нь тэр чигээрээ Ц.Нямдоржоос  бусад нь айдаг хэрэг үү. Монгол Улсад учирсан ийм том гайг дээр доргүй хэлэлцэж хурдан л зайлуулмаар санагдах юм.
Сөрөг хүчнээс болон бусад улстөрчдийн зүгээс Н.Алтанхуягийн тэргүүлж байгаа Засгийн газрыг огцруулах тухай асуудал хөндөж, суудал нь нэлээдгүй ганхлаа. Харин Н.Алтанхуяг нар энэ даруй “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян” хэмээн зарлаад өөрсөддөө амь тариа хийчихлээ. Цаг хожиж, түр ч гэсэн суудалдаа л зууралдах гэсэн арга. Түүнээс биш 17 гаруй хувийн өсөлттэй байсан эдийн засгийг хоёр жил хүрэхгүйн хугацаанд шалан дээр унагачихаад 100 хоногт сэргээнэ гэдэг ёстой үлгэр хийгээд ард олныг хуурсан л хэрэг. Ийнхүү амьдрал доройтуулсан Засгийн газартай хариуцлага тооцох гэхээр 100 хоногийн амь тариа хийгээд суудалдаа шигдчихлээ. “Үхэх хүнд хань хэрэггүй” гэдэг шиг ард олон, улс орон тэдэнд хэрэггүй, ерөөсөө л 100 хоног энэ суудалд тэсч ноцолдох. Өөрөөр хэлбэл хоногоо хүлээж буй хэвтрийн настан шиг л аашилж байна. Тэгэхээр ийм байдалд авчирсан Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах нь зүйн хэрэг болно биз дээ.
Тэр ч утгаараа УИХ дахь сөрөг хүчин болон бусад бүлэглэлүүд энэ тал дээр саналаа нэгтгээд энэ долоо хоногт хэдэнтээ хуралдаан зарласан боловч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаан хойшлов. Тодотговол Н.Батбаяр сайдыг огцруулах байнгын хорооны хуралдаан ийнхүү хэдэнтээ хойшилж байгаа хэрэг шүү дээ. Хурал хойшилсон шалтгаан нь ирц хүрээгүйдээ биш. Ирцийг хүргэхгүй байх ажлыг “фортуна” сайд зохион байгуулсан хэрэг болов уу. Нэг ч гэсэн өдөр сайдынхаа суудалд байх гэсэн улайрал л юм. Сүүлдээ бүр “Н.Батбаяр сайд өвчтэй учраас хуралдаан хойшилж, түүнийг огцруулах асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй боллоо” гэх мэдээлэл цацуулаад зугтаж одов.
Манай эрх мэдэлтнүүдэд нэг ийм жишиг бий л дээ. Суудлаа өгөх болохоороо тамга тэмдгээ авч зугатна. Огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх, хариуцлага тооцох болохоор өвдөнө. Шоронд орохоороо эдгэшгүй хүндээр өвдөж айлгана гээд асуудал бий. Түүний л нэгэн жишгээр “фортуна” сайд асуудлыг нь хэлэлцэх болохоор зугтачихлаа. Түүнээс биш тэр өвдөхгүй л дээ. Сонгуулийн дүн будилуулж, Засгийн газар байгуулах үед карт суглаад зугтаж байхдаа, Монгол Улсын ирээдүйг барьцаалж их өр хийж, Монгол Улсад санхүүгийн хямрал авчирч байхдаа, гал тахиж, архи ууж байхдаа өвдөөгүй хүн одоо юунд өвдөв гэж хэн ч бодох байх. Гэхдээ “өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэсэн үг байдгийг санахад илүүдэх юун.
Уг нь улстөрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн өвдвөл улсын ажлыг цалгардуулахгүйн тулд өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад биеэ эмчилдэг биз дээ. Ерөнхий сайд асан С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө хүсэлтээ гаргаад суудлаасаа буусан жишиг ч бий. Тэр ч бүү хэл гэр бүлийнх нь хүн өвдсөн учраас Хууль тогтоох дээд байгууллагад алба хашиж чадахгүй. Улсын ажил цалгардана хэмээн өөрөө хүсэлтээ гаргасан УИХ-ын гишүүн ч бий. Тэгэхээр “фортуна” үнэхээр бие нь өвдсөн бол ажлаа хүлээлгэж өгөөд эмчлүүлэх хэрэгтэй. Магадгүй түүнд тийм сэтгэл байхгүй л болов уу.
Албан ёсны мэдээлэл сөхвөл УИХ-ын чуулганы хуралдаанаас Н.Батбаяр сайд эрүүл мэндийн шалтгаанаар УИХ-ын даргаас чөлөө авсан хэмээн УИХ-ын дарга мэдүүлсэн.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Н.Батбаяр сайдын хувьд ээлжит бус чуулганы хуралдааны үеэр бие нь өвдөж чөлөө аваад явсан. Хүн өвчтэй байхад нь ажлаа өг гээд байлтай нь биш. Харж байна” хэмээн өөрөө зугтаалгачихсан ч юм шиг хариултыг өгсөн. Гэтэл өвчтэй хэмээн эмийн чөлөө мэдүүлсэн Н.Батбаяр сайд маань тэр өглөө нь “Чингис” зочид буудалд эхэлсэн “Хөгжлийн хөрөнгө оруулалт” сургалтыг нээн үг хэлсэн. Энэ үеэр түүний бие хэвийн байсан хэмээн баттай эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Эндээс харвал тэр цаг хожиж суудалдаа түр ч гэсэн байхаар зугтаж одов бололтой.

С.Ууганбаяр

URL:

Сэтгэгдэл бичих