Хилчдийн илрүүлж, хураасан байгалийн чулуу зайсан толгойтой дүйнэ

562Монгол Улс оршин тогтнохын эх үндэс нь хил хязгаарын бүрэн бүтэн байдалтай салшгүй холбоотой. Иймээс хил хамгаалах бодлогыг шинээр тодорхойлж, улсын хилийн хамгаалалтад орчин үеийн зэвсэг, техник нэвтрүүлэх зорилтын хүрээнд Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ) өнгөрсөн баасан гаригт хээрийн үзүүлэх сургуулилалтыг Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт зохион байгуулсан юм.

Уг үйл ажиллагааг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй УИХ-ын 20 орчим гишүүн үзэж, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, техник хэрэгсэлтэй танилцлаа. ХХЕГ-ын Хил хамгаалах албаныхан 2013 оны зургадугаар сараас хойших жилийн хугацаанд 6.5 кг алт, БНХАУ-д 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байгалийн болон үнэт чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үед нь илрүүлжээ. Иргэд алтыг машиныхаа сэлбэгэнд хийх, гинж болгож, мөнгөний уусмалд оруулах зэргээр хил нэвтрүүлэх арга нь нарийссан гэнэ. Түүнчлэн чулууны наймаа эрхэлдэг бүлэглэл бий болсон байна.

Хятадууд байгалийн чулууг кг-ыг нь 45.000-85.000 төгрөгөөр худалдаж аваад, цааш нь 120.000- 540.000 төгрөгөөр зардаг аж. Хилчид жилд дунджаар байгалийн 500-1000 тн чулуу хураадаг юм байна. Ямар сайндаа л тэд хураасан чулуугаа Зайсан толгойтой дүйнэ хэмээн ярьж байх вэ дээ. Гэхдээ хилээр байгалийн чулуу гаргах гэж байсан нь хавтаст хэрэг үүсгэх шалтгаан болдоггүй гэнэ. Учир нь хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байдаггүй. Мөн ховор ан амьтан, тэдгээрийн эд эрхтнийг хилээр гаргах гэмт хэрэг багасахгүй байна.

Тухайлбал, жилийн хугацаанд баавгайн толгой, хойлог, 400 кг бугын эвэр, зээрийн 126 шуудай мах, чонын 100 гаруй шуудай арьс, үнэг, хярсны 280 арьс, хөлдөөсөн 200 орчим чоно, бурхан шашны холбогдолтой 200 гаруй ховор эд зүйлийг Монголын хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих