“Алтан дагина” цомын адармаатай түүх
Хөлбөмбөгийн анхны ДАШТ Англид бус, Европт ч бус, хаа байсан Өмнөд Америкийн Уругвай улсад 1930 онд болсон түүхтэй. Дэлхийн аварга багт гардуулах Дэлхийн цом буюу “Алтан дагина” нэр авсан 1.8 кг цул алт орсон баримлыг Францын нийслэл Парис хотын цуутай уран дархан Абель Лефлер хийсэн гэдэг. Эртний Грекийн ялалтын дагина Никег дүрсэлсэн энэ цом “Алтан дагина” нэр авсан юм.
Бэлэн болсон цом “хөгшин тив” Европоос 1930 оны зургадугаар сарын 21-нд Францын Ницца боомтоос Франц, Румын, Бельгийн шигшээ баг болон тухайн үеийн ФИФА-гийн ерөнхийлөгч Жюль Римегийн хамт Уругвайг зорьжээ. Энэ цомыг гардсан анхны баг зохион байгуулагч орон Уругвайн шигшээ болсон билээ.
Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд “Алтан дагина” цомыг тухайн үеийн дэлхийн аварга Италийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Отторино Барасси Ром хотын банкнаас нууцаар гарган гэртээ орныхоо дор гуталны саванд хийж 1945 он хүртэл нацистуудаас нуусан гэдэг.
“Алтан дагина” цом ийнхүү аврагдсан ч 1966 оны гуравдугаар сарын 19-ний 11.00 цагт Английн нийслэл Лондоны Вестминстерийн ордонд олны хүртээл болон тавигдахдаа алдагдсан аж. Бөөн шуугиан дэгдээсэн энэ хулгайг дэлхий даяар “зууны дээрэм” гэж нэрлэсэн билээ. Үүнээс долоо хоногийн дараа “Пиклс” нэртэй нохой Лондоны нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн бутны дороос цаасанд боосон “Алтан дагина” цомыг олсноор хэвлэл мэдээллийнхний жинхэнэ “од” болж тодорсон юм.
Анхны ДАШТ-ийг зохион байгуулсан Жюль Римегийн нэрэмжит болсон энэ цомыг гурвантаа өргөсөн баг үүрд хадгалах журамтай байсны дагуу Бразил 1970 онд өөрийнх болгожээ. Гэвч 1983 онд Бразилийн хөлбөмбөгийн холбооны төв байранд олны өмнө дэлгэгдэхэд “Алтан дагина” цомыг дахин хулгайлжээ. Сум нэвтрэхгүй шилний модон раамыг эвдлэн хулгайч нар энэ нандин цомыг авсан гэдэг. Дээрэмчдийг барих олон жилийн ажиллагаа үр дүнд хүрээгүй бөгөөд “Алтан дагина”-ыг хулгайлагчид хайлш болгон зарсан гэдэг юм билээ.
1974 оноос хойш дэлхийн аварга багт өөр, 36.5 см өндөр, таван кг цул алтаар урласан Дэлхийн цомыг гардуулсаар өнөөг хүрчээ.
Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: