Сайд, сандлаас өөр юм хэлэлцдэггүй супер парламент
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдыг супер гэж тодотгосон бол харин сонгогч олон парламентыг Засгийн газрын тэргүүнээс илүү супер гэж нэрлэх болов. Бидний сонгосон супер парламент хууль тогтоох эрх мэдлээ хэн нэгэнд алдчихжээ. Юм л бол тэр, энэ сайдыг огцруулна, томилно гэж ярьсаар хаврын чуулган эхэлснээс хойшхи хоёр сарын хугацаа өнгөрөв. Аль намрын чуулганаар давхар дээл гэж хэрэлдсээр хэд хоног завсарлаад хаврын чуулганаар үргэлжлүүлсэн. Хэдэн сар хэрүүл хийж, гишүүн Р.Бурмааг Ардчилсан намаас хөөнө гэж сенсаацласны эцэст хуулиа унагав. Энэ бол УИХ анх удаа батлах ёстой хуулиа унагаж түүхэнд бичигдэх “гавьяа” байгуулсан парламент юм. Энэ гэмээ спикер З.Энхболд ч хүлээн зөвшөөрсөн билээ. Хайран цаг хугацааг сандал, ширээ, албан тушаал ярьсаар өнгөрөөсөн. Сайд гишүүдийн хэн нь ч хохироогүй бас завшаагүй бөгөөд Төрийн тэргүүний санаачилсан төсөл төрхөмдөө буцсанаар асуудал намжсан.
Мөн намрын чуулганы төгсгөлд гишүүдийн хэлэлцсэн нэг сэдэв нь хурууны хээ. Өөрсдөө ажилдаа ирдэггүй болохоор хурууны хээгээр бүртгүүлж хуралдаа сууж, санал өгөх тухай хууль байлаа. Жирийн ажилчид хурууны хээгээр ажилдаа ирж, очихдоо бүртгүүлээд дадсан байхад манай парламентчид энэ тухай дөнгөж өнгөрсөн өвөл ярьцгааж бас л нэлээд цаг хугацааг барсан ч өнөөдрийг хүртэл хуулиа батлаагүй байна.
ТӨЛӨВЛӨСӨН АСУУДЛУУДААС ГУРВЫГ БАТЛАВ
Хаврын чуулган эхэлсэн дөрөвдүгээр сарын 7-ноос хойшхи хугацаанд тоолоод үзвэл 5-6 хууль, тогтоолын төсөл баталсан байна. Гэхдээ энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 25 асуудлаас ердөө гурвыг нь хэлэлцжээ. Тодруулбал, нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцээд өнгөрчээ. Дээр нэр дурдсан асуудлуудыг жил бүрийн хаврын чуулганаар хэлэлцдэг юм.
Хаврын чуулганаар нэн яаралтай баталсан зүйлээс онцолбол Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөг Засгийн газарт баталж өгсөн. Бас цаг хугацаа нь тулаад байсан энэ оны төсвийн тодотголыг баталсан. Гэсэн ч энэ сард дахиад тодотгоно гэсэн яриа Төрийн ордонд, гишүүдийн дунд байгаа юм. Үүнээс өмнө эдийн засаг хүнд байгаа гэх нэрээр Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай гэх мэт хууль, тогтоол баталснаас цаашгүй.
Хаврын чуулган эхэлснээс хойш Х.Тэмүүүжин сайдыг огцруулах тухай ил, далд мөн ч удаан хэлэлцсэн. Эцэст нь сайдыг огцруулах тогтоол санаачилсан О.Баасанхүү гишүүн саналаа эргүүлж татсанаар асуудал дууссан. Бас л үр дүнгүй цаг хугацаа алдав. Дараа нь Х.Баттулга сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Энэ мэт асуудлыг хэлэлцсээр гурван сарын хугацаанд үргэлжлэх хаврын чуулган хоёр сарыг ардаа үдээд байна.
ТОМИЛОХ, ОГЦРУУЛАХАД 76-УУЛАА ОРОЛЦОНО
Хаврын чуулган ирэх сард буюу наадмын өмнө завсарлана. Энэ долоо хоногт Н.Батбаяр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдыг томилно. Энэ бүгдийг хэлэлцсээр байтал наадмын өмнө чуулганаа завсарлуулаад хурдан морь, хуушуураа эргүүлээд явцгаана биз, эрхэм гишүүд. Сайд нарыг огцруулах, томилох тухай хэлэлцэн шийдсэн ч тэндээс мөн л үр дүн гарахгүй. Хоёр хүний сандал, ширээг солих гэж гишүүд хоорондоо нэг хэсэг хэрэлдэхээс өөр зүйлгүй дуусгах биз.
Энд гарцаагүй нэг үнэн бол чуулганы танхимд дахь “чөтгөрүүд” байхгүй болно. Яагаад гэвэл, хүн томилох, огцруулахад 76-уулаа ширээнийхээ ард суудаг хачин зантай. Давхар дээл тайлах болоод Х.Тэмүүжинг огцруулах асуудал дээр бүгд ажилдаа ирцгээсэн. Эндээс ажвал сайдын томилгоо, халаа сэлгээ хийдэг хуралд эрхэм гишүүд өөрийн биеэр оролцдог учир ирц хангалттай байх нь дамжиггүй. Ер нь бол танхимдаа 10 гишүүн суулгачихаад З.Энхболд дарга алх цохиод хууль батлуулчихдаг байдал аль хэдийнэ олон нийтэд ил болсон. Ямар сайндаа л чуулганы танхим “хий үзэгдэлтэй”, 10 гишүүн суусаар байтал 40 гишүүн хууль баталлаа гэж зарладаг нь аймаар. Хорь гучаад “хий үзэгдэл” чуулганы хуралдааны танхимд үүрлэсэн гэдгийг хэвлэлийнхэн мэдээлж, бичсээр байгаа юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГЛООМЫН БАЙ УИХ УУ?
Ийн хууль батлах ёстой парламент хууль унагаж, хүн огцруулахаас цаашгүй сул дорой болжээ. Дээр нь супер Ерөнхий сайдтай Засгийн газар үлбэгэр УИХ-аар хэдэнтээ доог тохуу хийж байх шиг. Хаврын чуулганы үеэр хэдэн ч хууль, тогтоолын төсөл санаачлан УИХ-д өргөн бариад түүнийгээ эргүүлэн татав. Өнөөдөр нэг хуулийн төсөл өргөн барьж, хоёр өдөр гишүүдийг талцуулж хэрэлдүүлж байгаад эргүүлж татаж бяцхан засвар хийгээд дахин өргөн барьчихна. Энэ нь нэг талаараа Засгийн газар хуулийн төсөл боловсруулж чаддаггүй, нөхцөл байдлыг бодитоор тусгах чадамжгүйг харуулж байгаа ч нөгөө талаараа хууль тогтоох байгууллага ямар ч хүч нөлөөгүй байгаагийнх гэж ахмад парламентчид, хууль тогтоогчид ярьж, бичсээр буй.
Жишээ нь, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг буцааж татаж зарим нэмэлт оруулж, дахин өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөө өнгөрсөн долоо хоногт буцааж татсан. Энэ хоёр төсөл олон нийтийн анхааралд байж, гишүүдийн шүүмжлэлийн бай болж байв. Мөн Хяналтын тухай хууль, Онцгой албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газарт буцааж байв. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл л гэхэд парламент дээр унахад, Засгийн газар татаж аваад өдөрт нь засвар хийж дахин өргөн барьж маргааш нь батлуулсан жишээ ч байна.
Ийн супер Ерөнхий сайдтай Засгийн газрыг томилсноо парламентынхан сая ойлгож байхад сонгогчид топ супер парламентыг бүрдүүлжээ.
М.ГАН /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: