С.Нарангэрэл: Энэ хууль батлагдвал гэмт хэрэг хэд дахин өснө
Академич С.Нарангэрэлтэй Гэмт хэргийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Түүнээс МАН-ынхан энэ төслийн алдаа дутагдал, дагуулах эрсдэлийг нь асууж сонирхжээ.
-УИХ дахь МАН-ын бүлгийнхэн таныг хуралдаандаа урьж Гэмт хэргийн тухай хуулийн төслийн талаар үзэл баримтлалыг сонссон байна лээ. Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Сэтгүүлчид бас их соргог юм байна л даа. Үнэхээр намайг цөөнхийн бүлэг албан ёсныхоо хуралдаанд урьж Гэмт хэргийн хуулийн төслийн талаар номын дуу сонссон. Би энэ үзэгдлийг ихэд бэлэгшээж байгаа. Яагаад гэвэл эрдэмтэд, ялангуяа тодорхой салбар шинжлэх ухааны талаар мэргэшсэн хүмүүсийн үгийг сонсдог байх ёстой.
Манай улс хөгжил дэвшлийн замд шууд орж чадахгүй байгаагийн нэг шалтгаан бол эрдэмтэн мэргэдийг сонсдоггүй, тэднийг үл тоомсорлодог, заримдаа тэднээс зугтдагтай холбоотой. Тэр утгаар нь энэ үйл явдалд олзуурхаж байна. МАН-ын бүлэг С.Нарангэрэл гэдэг хүний хувийн үзэл бодлыг сонсоогүй. Хууль зүйн шинжлэх ухаан тэр дундаа Эрүүгийн хууль тогтоомжийн талаарх шинжлэх ухааны мэдээллийг надаас авахыг зорьсон гэж ойлгосон. Ер нь МАН-ын бүлэг дотор туршлагатай хуульчид цөөнгүй бий. Туршлагатай парламентын гишүүд ч цөөнгүй бий. Тэд маань асуудалд ингэж хандаж байгаа нь цаашдаа УИХ аливаа асуудлыг хэлэлцэхдээ шинжлэх ухааны үүднээс хандах хандлага бий болоход чухал алхам боллоо гэж ойлгож байгаа. Бүлгийн хуралдаанд ярьсан зүйлийг товчхон илэрхийлэх юм бол одоогийн өргөн барьсан энэ төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэрхэвч хэлэлцэж болохгүй. Хэлэлцэх хэмжээний шаардлагыг хангаагүй гэдгийг нь хэлсэн.
-Та ямар үндэслэлээр тэгж дүгнэв. Хууль санаачлагч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Монгол Улсад гэмт хэргийн тоо 40 хувиар бууруулах сайн төсөл гэж онцолсон шүү дээ?
-Монгол Улсад жилдээ 20 гаруй мянга гэмт хэрэг бүртгэгддэг. Миний гаргасан прогнозоор төсөл батлагдвал энэ тоо хэд дахин нэмэгдэнэ. Яагаад гэхээр зөвхөн гэмт хэргийн субьектийн насны доод хязгаар одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулиар 14-16 настай хүүхдүүдэд хүн амины санаатай хэргээс эхлээд ноцтой найман хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Гэтэл төсөлд доод насыг 14 гэж заачихаж. Энэ нь 14-15 настай хүүхэд бүх хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байна. Ийм л учраас хуулиар гэмт хэргийг нэмэгдүүлэх болчихож байгаа юм шүү дээ. Үүнээс гадна энэ төсөлд гэмт хэрэг, захиргааны эрх зүйн зөрчил хоёрыг нэгтгэж. Нэгтгэснээс болж захиргааны эрх зүйн зөрчил нь гэмт хэрэг гэж шийтгүүлэх байдалд орж болзошгүй. Би нэг зүйлд их гайхах юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин яагаад ийм хуулийг батлуулах гээд хүчин чармайлт тавиад улайраад байгааг ойлгохгүй байна. Үүнийг Х.Тэмүүжин сайдын өөрийнх нь ёс суртахуунтай холбож үзэхээс өөр арга алга.
-Яагаад ёс суртахуунтай холбоно гэж. Хууль санаачлахад ёс суртахуун тийм их хамаатай гэж үү?
-Эрүүгийн хуулийн гол зорилго нь хэв журмыг бүх талаас нь хангуулах, олон нийтийг нийгмийн аюулаас хамгаалах юм. Ганцхан жишээ хэлэхэд, Гэр бүлийн тухай хуульд хүүхэд үрчлэх гэсэн заалт бий. Энэ заалтыг Эрүүгийн хуулиар хамгаалдаг. Гэр бүлийн хуулийн үндсэн зориулалт нь эх, эцэггүй эсвэл эцэг, эх байх эрхээ хасуулсан хүмүүсийг хууль ёсны эцэг, эхтэй болгох хууль зүйн хэрэглүүр байгаа юм. Хэрэв үүнээс өөрөөр хүүхдийг хууль бусаар үрчлүүлэх үйлдэл хийвэл өнөөгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, 2-5 жилийн хорих ялтай. Гэтэл Х.Тэмүүжин сайд өөрийнхөө 15 нас хүрсэн хүүхдийг гадаадад суугаа өөрийн орны Элчингийн зөвлөхөд үрчлүүлсэн байгаа юм. Х.Тэмүүжин хүүхдээ үрчлүүлснээр дээрх гэмт хэргийг үйлдсэн болж байгаа юм. Харин өнөөх Гэмт хэргийн хуулийн төслөөр үүнийг гэмт хэрэг биш болгохоор зааж байх жишээтэй. Ийм хүн яаж Монголын эрүүгийн хуулийг шинэчлэх юм бэ. Зөвхөн хувийн эрх ашгаа хамгаалах гээд яваад байгаа юм биш үү. Уг нь Эрүүгийн хуулийг шинэчлэхэд гол үүрэг гүйцэтгэх газар, албан тушаалтан нь Хууль зүйн яам болоод түүний сайд нь ердөө биш байхгүй юу. Монгол Улсын дээд шүүх, түүний Ерөнхий шүүгч нь байх ёстой.
-Эрүүгийн бодлогыг тодорхойлох ёстой хүн гээд үү?
-Монгол Улсын Дээд шүүх Эрүүгийн хууль хэр зэрэг хэрэгжиж байна, гэмт хэрэгт эрх зүйн зөв үнэлэлт хэр зэрэг өгч байна, ялын бодлого зөв байгаа эсэхийг шүүдэг газар. Эрүүгийн хуулийн согогыг засах, шинэчлэх асуудлыг Улсын дээд шүүх л мэддэг. Ийм байхад хуулийн төсөл боловсруулахдаа яагаад Улсын дээд шүүхийг татан оролцуулаагүй юм бол доо гэж гайхаж байна. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Монголын эрүүгийн хэргийн бодлогыг тодорхойлогч нь байх ёстой. Үүнээс гадна Эрүүгийн хууль өөрөө эцэг хууль. Энэ бол суурь хууль. Энэ хууль хэн нэгний популизм хийдэг хууль огтхон ч биш. Мэргэжлийн нарийн ур чадвар, шинжлэх ухааны үндэслэгээ, дээр нь практикийг нэгтгэн дүгнэсний дараа энэ хуулийг шинэчлэх шаардлагатай. Гэтэл төсөлд энэ шаардлагыг хангасан зүйл харагдсангүй.
-Баримт жишээтэй нь хэлээч?
-Эрүүгийн хуулийн суурь нь гэмт хэргийн үндсэн шинж, гэмт хэргийн бүрэлдэхүүн гэсэн шинжлэх ухааны ойлголт байдаг. Харин одоогийн төслөөр энэ хоёрыг нэгтгэчихсэн. Гэмт хэрэг гэдэг Эрүүгийн хуулиар хориглосон, нийгэмд аюултай, хор уршиг бий болгосон гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байдаг. Гэтэл төсөлд Эрүүгийн хуульд заасан гэсэн байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ. Ямар ч хор уршигийг нь заагаагүй. Эрх зүйн бусад зөрчлөөс ялгагдах шинжийг тодорхойлоогүй. Манай улсад эрх зүйн маш олон зөрчил бий. Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил, иргэний эрх зүйн зөрчил, сахилгын эрх зүйн зөрчил, захиргааны эрх зүйн зөрчил гээд. Үүнийг ч ялгаагүй. Энэ нь Монголын нийгмийг гэмт хэрэгшүүлэх үйл явц хүчтэй болгох нь. Гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлох нь гэмт хэргийг эрх зүйн бусад зөрчлөөс зааглан ялгах хуульчдад хэрэгтэй.
-Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нарийвчлан тусгах шаардлагатай гэдгээ тайлбарлахгүй юу?
-Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг ухагдахуун бол тодорхой гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлдог. Хоорондоо төсөөтэй гэмт хэргийг ялгадаг. Өнөөдөр Гэмт хэргийн хуулийн төслөөс гэмт бүрэлдэхүүн гэдэг шинжийг хасчихаар ойролцоо төрлийн хэргийг ялгахын аргагүй болно. Үүнээс болоод л төсөл маш ноцтой алдааг агуулсан байна. Жишээлбэл, одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд булаах гэж хэрэг бий. Бусдын эд хөрөнгийг амь насанд аюулгүй хүч хэрэглэж хууль бусаар авахыг булаах гэмт хэрэг гэнэ. Дээрэмдэх хэрэг бас бий. Дээрэмдэх нь булаахаас юугаараа ялгаатай вэ гэхээр бусдын эд хөрөнгийг авахын тулд хохирогч этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюултай довтолгоо хийх юм. Гэтэл энэ онцлог ялгааг хасчихаар булаах, дээрэмдэх хоёр нэг хэрэг болчихож байна. Төслөөр хасаад хаячихсан байна. Ингэснээр нэг бол дээрэмдэх хэргийг булаах хэрэг гэж үзнэ. Эсвэл булаах хэргийг дээрэмдэх гэж үзэх болж байна. Үүнд ял завшуулах асуудал гарна. Нөгөө талаас хүнийг дэндүү хатуу ял шийтгэх байдалд хүргэж байгаа юм. Танхайрах хэрэг гэж бий. Төсөлд энэ хэргийг бас л хасчихаж. Монгол Улсын сүүлийн 40 гаруй жилд гарч байгаа гэмт хэргийн 20 гаруй хэргийг танхайрах хэрэг эзэлдэг. Танхайн хэргийн хувьд хүний эрүүл мэнд, амь насанд хор уршиг учирсан байхыг шаарддаггүй. Ер нь төсөлд Эрүүгийн хуулийн шинжлэх ухааны нарийн онцлогийг томъёолж чадаагүй. Томъёолж чадаагүйгээс болж бусад бүх зүйл нь алдаатай болно. Гэмт хэргийн үйлдлийнх нь үндсэн шинж, түүний хор уршгийг нарийвчлан тодорхойлсоны дараа ийм ял тогтооно гэж зааж өгөх ёстой.
-Хууль санаачлагчид зөрчил, гэмт хэрэг хоёрыг зааглаж ялгасан гээд байгаа шүү дээ?
-Эрүүгийн хариуцлага нь Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиас бүрдэнэ гээд заачихсан. Тэгэхээр Зөрчлийн тухай хууль гэмт хэргийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болчихжээ гэдгийг харуулж байгаа юм. Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг бол гэмт хэргийн үндсэн шинж нарийвчлагдаж тодорхой заах ёстой. Гэвч төслүүдийг уншаад үзэхээр эдгээр хуулиудын эх сурвалжууд бусад бүх хууль, түүнээс гадна захиргааны хэм хэмжээний акт болно гээд заачихсан. Тэгэхээр захиргааны хэм хэмжээний акт гэдэг нь гэмт хэрэг болох юм биш үү. Жишээлбэл, сумын Засаг дарга нутаг дэвсгэртээ захирамж гаргаж. Үүнийг нь зөрчвөл гэмт хэрэг болж таарч байна л даа. Өнөөдөр Монголд 400 гаруй хууль үйлчилж байна. Үүнийг зөрчих юм бол гэмт хэрэг болох нь. Ингээд үзэхээр Х.Тэмүүжингийн хэлснээр 40 хувиар гэмт хэрэг буурах биш харин хэдэн зуу дахинаар нэмэгдүүлэх эрх зүйн орчин бий болох гээд байна. Х.Тэмүүжин сайд маньтай адилхан практик, амьдралд ажиллаж тодорхой хүний хувь заяа, асуудлыг шийдвэрлэж үзээгүй. Дээрээс нь эрүүгийн эрх зүйгээр мэргэжсэн хүн ч бас биш. Их сургуульд харьцуулсан эрх зүй гэсэн хичээл заадаг л хүн. Ийм хүнээр УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн шинэчлэл хийлгэх гээд царайчилж харахыг нь эрдэмтэн судлаачийн хувьд үнэхээр гайхаж сууна даа. УИХ дахь цөөнх Гэмт хэргийн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх хуралдаанаар хатуу байр суурь илэрхийлэх байх, үнэнийг үнэнээр нь хэлэх байх гэж бодсон чинь хүлцэнгүй байдалтай хандаж байна лээ. Тэгж болохгүй. Энэ хуулийн цаана маш олон хүний хувь заяа, нэр хүнд байгаа. Тэр битгий хэл, энэ хуулийн цаана Монголын эдийн засаг дампуурах эсэх асуудал бий гэдгийг хэлмээр байна.
-Эдийн засагт ямар хор хохирол авчирна гэж үзэв?
-Төсөлд хуулийн этгээдийг гэмт хэргийн субьект байх заалтыг оруулсан байна. Нийтдээ 50 гаруй гэмт хэргийн субьект хуулийн этгээд байна гэж. Тэгэхээр ийм олон гэмт хэргийн субьект, хуулийн этгээд байвал хувийн аж ахуйн нэгж компаниудыг маш амархан дампууруулах болно. Чанар муутай, шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эсвэл брэндийн загварыг хууль бусаар хэрэглэсэн зэрэг аж ахуйн нэгжийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болоод өнөөх аж ахуйн нэгжийг тэр чигт нь зогсоох эрсдэл харагдаж байна. Миний тооцоолсноор хуулийн этгээд зөвхөн байгаль орчны эсрэг гэмт хэрэг зэрэгт л байх ёстой. Нийтэд ингэж хамруулах юм бол аюултай байдал руу хүргэнэ. Нэг л зүйл хэлье. Х.Тэмүүжин сайд аа, Эрүүгийн хуулиар битгий шоудаач ээ.
-Та Х.Тэмүүжин сайдыг хуулийн төслөө татаж авч сайжруул гэж мэдэгдэж байсан. Таны мэдэгдлээр болсон уу ямар ч атугай УИХ-аас эргүүлэн татан авч ажиллах шиг болсон. Таны хэлсэнчлэн энэ төсөл нь Үндсэн хууль болоод Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн гэх зөрчлөө арилгасан байна уу?
-Үндсэн хуульд Эрүүгийн хууль бас эрүүгийн хэрэг гэсэн нэр томъёо бий. Хэрэв Гэмт хэргийн тухай хууль гэж нэрлэвэл Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага гарна. Ер нь 1942 оноос эхлээд Эрүүгийн хууль гэж нэрлэсэн. Эрүүгийн гэдэг нэр томъёо өөртөө гэмт хэрэг, ял хоёроо агуулдаг. Эрүүгийн хуулийн амин сүнс нь гэмт хэргийн болоод ялын тухай асуудал байдаг юм. Гэмт хэргийн тухай хууль гэчихээр ялын байдал орхигдчих байдал руу орж болзошгүй. Төсөл энэ хэлбэрээр батлагдах юм бол Монголын нийгмийг шоронжуулах учраас Үндсэн хуульд харшлах болж байна.
-Төсөлд шинэ төрлийн ял бий болгосон, торгуулийн ялыг тооцох нэгж гэдгээр шийднэ гэж заасан. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Тодорхой гэмт хэргүүдийн үндсэн шинж буюу нийгмийн хор аюул, хор уршгийг тодорхойлсны дараа ялын талаар ярих ёстой. Нэгэнт энэ талаар төсөлд сайтар тусгагдаагүй учраас ялын тухай асуудлыг ярих шаардлагагүй. Энэ дашрамд хэлэхэд, төсөлд ялын үндсэн зорилгын нэг болох хүмүүжүүлэх зорилгыг хасахаар тусгажээ. Энэ зорилгыг яагаад ч хасч болохгүй. Юуны тулд гэмт хэрэг үйлдсэн хүнийг олон жилээр нийгмээс тусгаарлаж хорьдог гэж. Тухайн этгээд харгис хэрцгий, нинжин нигүүлсэнгүй сэтгэлгүй болчихсон бол түүнийг нь засах гэж л хорих ял хэрэглэдэг. Хэрэв тэр хүн шунахай сувдаг байвал тэр хомхой сэтгэлийг нь засах гэж цээрлүүлдэг. Ийм байхад ялын зорилгоос хүмүүжүүлэх зорилгыг нь авч хаяж яасан ч болохгүй. Үгүй бол ял зөвхөн цээрлүүлэх, залхаах хэрэгсэл болж хувирна гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Та төсөлд тодорхой гэмт хэргийн нийгэмд аюултай хор уршгийг тодорхойлоогүй байна гэлээ. Төсөлд хуульчид, шүүгчийн үзэмжээр тодорхойлохоор заасан юм шиг байна лээ. Энэ нь зөв биш юм уу?
-Гэмт хэргийн хор уршгийг хуульчдын үзэмжээр тодорхойлж огт болохгүй. Тэгэх юм бол Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэнэ. Монголын нийгэмд нийтийг хамруулсан хэлмэгдэлт бий болно. 1930-аад оны үеийн улс төрийн аймшигт хэлмэгдэлт үүсэхэд нөлөөлсөн хууль зүйн гол шалтгаан нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, тухайн хэлмэгдсэн хүн албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, улсын эд хөрөнгийг идэж шамшигдуулсан байдаг. Гэтэл тэр үйлдлийг хорлон сүйтгэх, эх орноосоо урвах, гадаадын тагнуулд элссэн болгож зүйлчлээд 20 гаруй мянган хүнийг цаазалсан байдаг шүү дээ. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн бас нэг том алдаа бол гэмт хэргийн хор уршгийг нарийвчилж зааж өгөөгүй. Энэ алдааг энэ төслөөр улам лавшруулах байдалд хүргэх нь ээ.
-Х.Тэмүүжин сайд одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг Монголын нийгмийг шоронжуулсан гэж мэдэгдсэн. Төсөлд энэ байдлыг арилгах боломж харагдахгүй байна уу?
-2002 оны Эрүүгийн хуулийг төсөл байхад нь би удаа дараа УИХ-д хандаж “Энэ хууль Монголын нийгмийг шоронжуулах нь. Ийм байдалд хүргэж болохгүй” гэж бичгээр, амаар олон удаа санал хүргүүлж байсан. Харамсалтай нь, тэр үед огтхон ч хайхарч үзээгүй. 10 гаруй жилийн үйл явдлаас харахад миний тухайн үед тавьж байсан прогноз батлагдлаа. Уг нь Эрүүгийн хуулийг бүхэлд нь ингэж оролдмооргүй байгаа юм. Х.Тэмүүжингийн батлуулах гэж зүтгээд байгаа энэ төсөл бол Монголын Эрүүгийн хуулийн түүхэн уламжлал, тогтвортой байдлыг үгүйсгэсэн төсөл.
-Таныг төсөл боловсруулахад оролцуулав уу. Эрдэмтэн, судлаачийн хувиар асууж тодруулсан зүйл байна уу?
-Оролцуулаагүй. Надаас шинжлэх ухааны дүгнэлт, шүүмж ч аваагүй. Би энэ төслийг нийтийн хүртээл болсны дараа л уншиж судаллаа. Дээр хэлсэнчлэн ноцтой алдааг Монголын нийгэмд үүсэхээс сэрэмжлүүлэх гэж эрдэмтний хувиар санал дүгнэлтээ чамд хэлж байна. Ажлын хэсгийг УПЕГ-ын орлогч Г.Эрдэнэбат ахалсан юм билээ. Миний шавь нарын нэг. Шавьтайгаа таарах бүртээ төсөлд тусгах зарчмын талаар маш хатуу анхааруулга өгсөн. Харамсалтай нь, хүлээж авсангүй. Ер нь Эрүүгийн хуулийг шинжлэх ажлын хэсэг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга болон хууль сахиулах бусад байгууллагын удирдлагууд байх ёстой. Тэд л Монголын эрүүгийн бодлого ямар байх вэ гэдгээ эхлээд ярилцаж, эрдэмтэн судлаачийн санал дүгнэлтийг нь сонсох ёстой. Гэтэл Хууль зүйн сайд өөрийн брошур гаргах гэж байгаа юм шиг хандаж байгаа нь Монголын нийгэмд гай тарьж магадгүй юм.
Д.БОЛОРМАА /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: