Д.Мөнхтуяа: 1111 төв бол “шал худлаа”

58974_114794 хэвлийн баялагаараа гадаадынханы арааны шүлсийг асгаруулж байгаа Монгол Улсын иргэд сайхан амьдрах боломжтой л баймаар. Гэвч ёстой нөгөө дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчийн үлгэрээр монголчууд гүйдлээ олж чадахгүй явсаар… Хэдий болтол ийм байдал үргэлжлэх вэ? Ингээд “Хүчит шонхор” зах дээр зогсдог ногооны худалдаачин Д.Мөнхтуяагийн яриаг уншигч танаа хүргэе.

Худалдан авах чадвар хэр байна ?

Ерөнхийдөө тааруухан байна. Ганц үнэ нь өсөөгүй байсан юм нь ногоо. Гэхдээ одоо өсчихсөн. Тийм учраас хүмүүсийн худалдан авах чадвар муу болж байгаа нь харагдаж байна.

Яаж мэдрэгдэж байна?

Албан байгууллагууд дээр л мэдрэгдэж байна. Албан байгууллагуудын гал тогоо хуучин их хэмжээгээр авдаг байсан. Одоо тийм биш болсон. Бүх газрын борлуулалт муу байна. Энэ бол амжиргааны түвшинтэй шууд холбоотой гэж бодож байна. Ногоочдоо ч гэсэн дэмжиж байгаа юм ерөөсөө байхгүй. Сүүлийн хоёр жил төмс тарьсан ногоочид бүгд шатсан. Төмс нойлын цааснаас хямдхан 250 төгрөг болсон. 250 – даа ч бөөндөж чадаагүй айл зөндөө байгаа.

Ногооны үнэ хэдэн сараас эхэлж өсдөг юм ?

Ёолкноос хойш бага багаар өсдөг. Өнгөрсөн хоёр жил ногоочид хаширчихсан болохоор энэ жил төмсний тариалалт багасчихсан. Төр засгийн өндөрлөгүүд хамгийн том арга хэмжээ авч өгсөн нь Орос руу төмс гаргадаг болсон. Ингээд арай гайгүй ургац авсан төв аймгийн Жаргалант, Борнуур байсан. Тэрнээс болоод төмсний нөөц багасчихсан. Өмнө нь бол Монголд 150 дахин илүү өсгөсөн гэж байсан.

Таны хувьд төмс хүнсний ногоогоо өөрөө тарьдаг уу?

Би өнгөрсөн жил хөл хүнд байсан учраас үр,  таваараа ялгаж амжаагүй. 2013 оны 4 сард өнөө маргаашгүй төрөх том гэдэстэй хэрнээ  засгийн газрын 1111 төв дээр очоод Алтанхуяг сайд дээр орсон. Бүр 1000 тн–оор их хэмжээгээр шатаж байсан учраас өөр арга байгаагүй. Тэгсэн чинь их гоё хүлээж авсан.

Д.Мөнхтуяа: Ногоочид шатсан шүү дээ

Овоо доо. Асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хэрэг үү?

Н.Алтанхуяг сайдын эдийн засгийн зөвлөх Батмөнх гэдэг хүн хүлээж аваад чухам л та ганцхан ингээд байна уу ? эсвэл бүх нийтээрээ ийм байна уу гэж асуусан. Ингээд Рэнцэнсэнгэ гэж хүнтэй шууд утсаар холбогдоод ямар тусламж байна, эд нарт үр тарианыхан шиг төр засгаас татаас олговол ямар байна гээд ярьсан юм. Тэгээд 7 хоногийн дараа эргээд уулзая гэсэн юм. Тэгэхээр нь би арай өөдрөг болоод горьдлого тавин хүлээсэн. Гэвч таг чиг болчихсон.

 

Юу гэсэн үг үү? Асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхийг судлахаар болсон биш билүү?

Харин тийм. Би дахиад 1111 дээр очоод сурагласан чинь шал өөр болчихсон. Ер нь бол энэ 1111 төвд асуудал хэлээд нэмэргүй, шал худлаа юм шиг байгаа юм. Өөрсдөө эдийн засгийн байдалаа бодолцож тарихгүй яасан юм гэсэн. Бид жилийн өмнөөс төлөвлөх ёстой байсан юм шиг байгаа  юм. Бид чинь жилийн дөрвөн улиралд ногооны бизнес эрхэлж байгаа юм чинь аль болох Монгол ногоогоо хангахыг боддог. Тэгээд тарьсан ногоогоо хурааж аваад өвөлжингөө, хаваржингаа зардаг. Харин зараад илүүдчихсэн энэ их төмсийг яах вэ гэсэн чинь нааштай хариу өгөх хүн нэг ч байдаггүй юм билээ. Тухайн үед Х.Баттулга сайд дээр хүртэл би очсон. Тэгсэн чинь холбогдох хүмүүст нь хэлж яриад хариу өгье гэж байсан. Тэгээд зугтааж явсаар байгаад хаврын чуулган болсон. Хаврын чуулганаас намрын чуулган болтол завгүй гээд ямар ч сэтгэл байдаггүй юм билээ.

Тэгээд л орхисон уу?

Төрснийхөө дараа 10 гаруйхан хоногийн дотор хүүхдээ тэврээд Х.Баттулга сайд дээр очсон. Гэтэл чи хүүхдээ тэврээд яваад баймааргүй байна гэсэн. Намрын хураалтан дээр хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлчихсэн байсан. Ажил хийх , амьдрах арга алга ямар туслалцаа байна гэсэн чинь тодорхой хариу өгөөгүй. Ариунбаяр гэсэн хүний гарын үсэгтэй олгож чадахгүйн гэсэн бичиг өгсөн. Харин Н. Алтанхуяг сайдын зөвлөх Дэнзэн гэдэг хүний гарын үсэгтэй чадахгүй гэсэн бичиг өгсөн.

Нэгэнт чадахгүй, болохгүй гэсэн бол тийм хариу өгөхөөс өөр аргагүй байсан байх. Тийм үү?  

Тийм л байх. Гэвч өнөөдөр нийт ард иргэдийн байгаа байдал хэцүү байна. Яагаад гэвэл мах шөл нь хүртэл үнэтэй байгаа юм чинь. Ард түмэн юугаар амьдрах юм. Би ч гэсэн ард түмний нэг төлөөлөл болоод өөрөө өчнөөн хөөцөлдөөд яваад үр дүнд хүрээгүй. Зоорь өргөтгөлийн төсөл бичсэн. Дэмжлэг хүссэн өргөдөл барьж яваад бүтэхгүй юм байна. Аргаа бараад төсөл бичсэн. Одоо тэр 888 төсөлд манай төсөл шалгарсан гэж байгаа. Тэгээд санхүүжилт нь юу болж байна гээд сураг ажиг тавихаар ямар ч мэдээлэл байхгүй. Төрийн банкнаас журам гарна гэсэн тэр нь хэзээ ч гарах юм. Ханшийн уналт, хаврын тариалалт эхэлчихсэн, хүмүүсийн худалдан авах чадвар муу байгаа энэ үед хамаг байр зоорио өрөнд алдчихсан хүмүүс юугаа барьцаалж тэр банкнаас зээл авах юм бүү мэд. Батлан даалтын сан гээд гоё, гоё юм  яриад байдаг. Яг амьдрал дээр байхгүй. Барьцаа хөрөнгөгүй хүн зээл авах эрхгүй, амьдрах арга байхгүй л болчихоод байна.

Д.Мөнхтуяа: “Хүчит шонхор”-ын “босс”-ыг дийлэх хүн байхгүй

Ингэхэд “Хүчит Шонхор” захын түрээс их өндөр гэж дуулсан. Та хичнээн төгрөг төлж суудаг юм ?

Манай захын түрээс маш өндөр.  Миний сууж байгаа газар урт нь 17, өргөн нь 3 хүрэхгүй метр 51 м / кв мөртлөө сард 3 сая төгрөгийн түрээс өгдөг. Би 10 сарын 20–ноос хойш 21 сая төгрөг өгсөн байна. Түрээсэнд өгөөд ажилчдынхаа цалинг өгөөд өөрт юм унахгүй байна.

Хүн хэлээрээ , мал хөлөөрөө гэдэг. Түрээс хэт өндөр байгааг захын удирдлагуудад хэлж яривал яасан юм?

Хэлэлгүй яах вэ. Энэ захын түрэслэгчид бүр тэмцсэн. Гэвч энэ авгайг дийлдэг хүн байдаггүй. Би 10 жил чамайг хөдөлгөхгүй гэж байгаад миний түрээсийг 3 сая болгочихсон. Тэгсэн хэрнээ биднээс ийм их мөнгө аваад баримт  үйлдэж өгдөггүй. Түрээсийн гэрээ, мөнгө тушаасан баримт өгөхгүй бүр 7 сар болж байна. Тэр баримтаа авъя гэхээр одоо намайг гар л гэх байх. Гарахаар би хаачих вэ дээ. Энэ урд талын 13 павилонууд манайхтай адилхан гэхдээ 500 мянган төгрөгийн түрээстэй. Минийх яагаад ийм гэхээр кв / м нь эд нарынхыг 3 нугалсан юм  шиг байгаа, байршил нь ашигтай гэдэг утгаар нь үндэслэлгүйгээр нэмчихсэн. Одоо би ямар арга хэмжээ авч байна гэхээр худалдан авагч нартайгаа л хэл амаа ололцож утас , шөрмөсөө авалцаж байгаа. Дарамт шахалт нь үргэлжлээд байвал болъё гэж бодож байгаа.

 

Д.Мөнхтуяа: Баян нь хэт баян, ядуу нь хэт ядуу африкийн орон л болж байна

Эцэст нь танд нэмж хэлэх үг байна уу?

Ер нь бол төр засгийнхан өөрснийгөө л болгоод байгаагаас ард түмнийг гэсэн юм алга гэж бодсон. Үнэхээр хэнд нь хандах ёстойгоо ойлгохгүй байна. Монголчуудын нэг хэсэг ажилгүй зүгээр суугаа бол тэрнээс олон хэсэг нь бөхийтөл ажиллаж байна. Би бол гурван хүүхдээ хөдөө аваачаад орхичихсон. Нэр нь аягүй сайхан агаарт сайхан байгаа гэж боловч эцэг , эхээсээ хол , үр хүүхдийн ирээдүй утгагүй байна. Манай улс уг нь баян сайхан орон л гэдэг. Гэвч монголчууд нэг иймэрхүү л дүр төрхтэй хүүхдүүдээсэээ хол байж, хэдэн төгрөгийн төлөө л нойр хоолгүй шахам ажилласаар байна. Ингээд байхад өнөөх гишүүд, дарга сайд нар шиг амьдрал сайхан болоод байгаа зүйл алга. Баян нь хэт баян, ядуу нь хэт ядуу болж өнөөх африкийн орон шиг л болж байгаад харамсаж байна.

Ж.Батхишиг

эх сурвалж: hunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих