С.В.Паушокт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал С.В.Паушокт татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Түүний удирдан ажиллаж байсан компанийн санхүүгийн тайланг Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчооны шинжээчийн дүгнэлтээр гаргаж, 127.770.848 мянган төгрөгийн төлбөр ноогдуулахаар болжээ.

“Алтан Дорнод Монгол” ХХК нь “Магнай трейд” ХХК-нд шатах тоспох материалын үнэ 413.2 сая, үл хөдлөх хөрөнгийн татварт 18.5 сая, өөрийн компанийн 368 ажилчдын цалинд 349.7 сая, нийгмийн даатгалд 140.6 сая төгрөгийн өртэй юм. Үүнийг шүүх хэлэлцэж шийдвэрлээд хариуцагч нар төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрлийг баталж, захирамж гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.В.Паушокт “Татвар ногдох орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх зэргээралбан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэл тогтоогдоогүй байна” гэж тогтоол гарган уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

“Алтан Дорнод Монгол” ХХК нь санхүүгийн тайлангаа тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж татварын байгууллагад хүргүүлдэг байсныг татварын улсын байцаагчийн мэдүүлэг, Хууль зүй, Дотоод хэргийн яамны харьяа Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчооны шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосонд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос дээд шатны прокурорт ямар ч гомдол, хүсэлт гаргаагүй байна. Прокурор илтэд эрүүгийн бус, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдлийг хуульд заасан бүрэн эрх, үүргийн дагуу шийдвэр гаргасныг мушгин гуйвуулж гүтгэлгийн чанартай мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гаргах болсон тул Улсын Их Хуралд энэхүү тайлбарыг хүргүүлсэн гэж Улсын ерөнхий прокурорын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих