Ц.ЧАНДМАНИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖ, Х.АНХБАЯРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХООР БОЛЛОО
-Шүүгчид шүүх хурлыг дахин хойшлуулахгүй байхыг анхааруулав-
Дүүргийн эрүүгийн анхан шатны II шүүхэд их хэмжээний мөнгө угаасан авлига авч, өгсөн хэрэгт буруутгагдаж байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, Ц.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарын шүүх хурал болсон юм. Харин шүүх хуралд хоёр өмгөөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй юм. Иймээс өмгөөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Харин шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч энэ сарын 11-ний 09:30 цаг хүртэл хойшлууллаа.
Шүүгчид өмгөөлөгчдийг шүүх хурлыг дахин хүндэтгэх шалтгаангүйгээр хойшлуулахгүй байхыг анхааруулсан юм. Мөн энэ шүүх хуралд оролцож байгаа өмгөөөлөгчдийн оролцох шүүх хурлыг давхцуулахгүй байхыг бүх дүүргийн шүүхэд хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдсэн. Мөн шүүгдэгчдийн ар гэрийнхнийг нь бүгдийг шүүх хуралд оролцуулахыг сануулсан юм. Харин өмгөөлөгчид шүүгдэгчдийг батлан даалтад гаргах хүсэлт гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хэлэлцэж, зөвхөн Ц.Чандманийг батлан даалтад гаргасан юм. Харин Х.Анхбаярын биеийн байдал муу гэсэн дүнгэлт байхгүй байгаа учраас батлан даалтад гаргахүйгээр үргэлжлүүлэн цагдан хорихоор болсон.
Энэ үеэр талийгаач Д.Амарсайханы өмгөөлөгч Х.Пүрэвлхамтай уулзахад “Шүүх хурал хэд хэдэн шалтгаанаар энэ сарын 1-ний өдрийг хүрэл хойшилсон байгаа. Хэн нэгний хэргийг тусгаарлах асуудал яригдахгүй. Энэ шүүх хурал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.3-т зааснаар ердийн журмаар шийдвэрлэгдэх ёстой” гэв.
Ё.Оюун: Авлига хэнд өгсөн, авсан нь одоо хэр нь тодорхой бус байгаа
Х.Анхбаярын эхнэр Ё. Оюунтай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Шүүх хурал тодорхой шалтгаанаар хойшиллоо. Их хэмжээний мөнгө угаасан хэрэг гэдэг утгаар нэлээд сунжирч байна?
-Шүүх хуралд хоёр өмгөөлөгч ирээгүй учраас хойшилсон. Мөнгө угаасан гэдэг чинь бохир мөнгө оруулж ирээд ямар нэгэн байдлаар түүнийг бизнест оруулаад буцаагаад гаргах гэж ойлгож байгаа. Манай хөрөнгө оруулагчдын оруулж ирсэн мөнгөнүүд нэг данснаас нөгөө данс руу шилжиж орж байсан. Тэгэхээр тэр мөнгөнүүд бүртгэлтэй гэсэн үг шүү дээ.
-Ц.Чандманийг батлан даалтад гаргасан. Харин танай нөхрийг яагаад батлан даалтад гаргахгүй байна вэ?
-Мэдэхгүй. Батлан даалтад хүсэлт гаргасан боловч хүлээж авсангүй. Үнэхээр их гомдолтой байна.
-Х.Анхбаярын биеийн байдал ямар байгаа вэ?
-Биеийн байдал нь үнэхээр хүнд байгаа. Сэтгэл санааны хямралаас болж нэлээд турсан.
-Эмчлүүлэх хүсэлт гаргасан уу?
-Гаргасан. Гэхдээ хорих 461 дүгээр ангид нарийн мэргэжлийн шинжилгээ хийх ямар ч боломж байхгүй байгаа.
Н.АЛТАНЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: