Их хааны хөрөг дээр төмөр хашаа хатгажээ
“Зарлигаар дархат, хамгаалсан Богд уул руу уулгалан дайрагчид улам бүр нэмэгдсээр байна.
Тэд бол дандаа эрх мэдэлтнүүд, түүнээс дугаар хорооны иргэн Дорж тэнд газар эзэмшиж чадахгүй. Санаа нь байвч сачий хүрэхгүй. Яагаад гэвэл дархан газрыг зөвхөн танил тал, хамаатан садан, нам, эвсэл бүлгийн хэмжээнд өгч авалцдаг. Богд уулын Зайсангийн ам барилгаар дүүрсэн. Барилгажсан талбайн хэмжээ одоо улам бүр тэлсээр байна.
Дархан газар дахь суурьшил хүрээ хаяагаа тэлж, олны ярьдгаар Чингис хааны хөрөг зурагтай уулыг ч орхилгүй нүхэлж сэглэн барилга барихаар төлөвлөж байна” хэмээн “Экологи-Зайсан” ТББ-ынхан хэвлэлийн бага хурлынхаа үеэр бухимдаж байлаа.
Тэдний ярьж буй энэ сэдвийг манай сонин өмнө нь хөндөж байсан. Их эзний хөрөг дүр бүхий уулыг хажуугаас нь сэтлэн барилга барих гэж буйг газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн.
Гэвч холбогдох албаныхан нь ямар ч арга хэмжээ аваагүйгээр барахгүй Богд уул, Зайсангийн амны газар өмчлөлтэй холбоотой асуудал урьдын адил хэл ам хуулиар дагуулсан хэвээр байгаа аж.
Эрх мэдэл, эд мөнгөтэй л бол дархан цаазтай газрыг ч өмчилж болдог болсон энэ үед Хан-Уул дүүргийн иргэдийн сайн дурын нэгдэл болох “Экологи-Зайсан” төрийн бус байгууллагын гишүүд Эзэн Чингис хааны хөрөг зурагтай уулаа хамгаалахаар тэмцэж буй аж.
Гэвч эрх мэдэлтний өмнө хүч мөхөсдөж шинэчлэлийн Засгийн газраас тусламж гуйхаас аргагүйд хүрснээ албан ёсоор зарлалаа. Ийн тэмцэх болсон шалтгаан нь Богд уулын ойр орчимд хүссэн газраа хашаа хатгаж, байшин барьсан О.Одсүрэнгээс үүдэлтэй аж.
Энэ хүн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн төрсөн эгч Л.Оюундалайн хүү гэнэ. Гишүүн асан тийнхүү дүүгийнхээ нэрийг ашиглан газар авч Богд ууланд Чингис хааны хөрөг зургийг дагуулан төмөр торон хашаа хатгажээ. Урьд нь уулыг хажуугаас нь ухаад эхэлснийг мэдээлсэн ч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй төдийгүй тун удахгүй барилгаа бариад эхлэх нь хэмээн болгоомжилж буйгаа “Экологи-Зайсан”-гийнхан ярьж байна.
Үүнээс гадна оршин суугчдын гэртээ орох замыг хааж хашаа босгосон. Гэртээ орохын тулд хашааг буулгасныхаа төлөө бусдын эд хөрөнгөд халдсан хэргээр хоёр жилийн турш шүүхээр явж байгаа Л.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй бий. Гишүүн асан Л.Гүндалай ганц түүнийг шүүхэд өгөөд зогссонгүй хууль бус газар өмчлөлийнх нь талаар ярьж хэлсэн Хан-Уул дүүргийн иргэн Б.Жагар болон түүний хамтран зүтгэгч гурван эмэгтэйг ч шүүхэд өгчээ.
Б.Жагарын хэлж буйгаар Л.Гүндалай 2008 онд О.Одсүрэнгийн нэр дээр долоон га газар авсан. Газрын гэрчилгээг авсны дараа гурвалсан гэрээ хийдэг байтал гэрээнээсээ нэг жилийн дараа гэрчилгээгээ авсан будилаан ч байдаг гэнэ. Мөн 2013 онд гэрээгээ сунгуулахдаа хоёр га-г нь АПУ компанид зарсан байсан гэнэ.
Тиймээс “Экологи-Зайсан” ТББ-ынхан Эзэн Чингис хааны хөрөг бүхий дархан цаазат Богд уулаа хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээхийг зорьж байгаа болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас уг зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүсч буйгаа хэлсэн юм.
URL: