Засгийн газар өнгөрсөн онд төлөвлөсөн 166 ажлынхаа ердөө 55-ынх нь ард гарчээ

засгийн газрЗасгийн газар өнгөрсөн онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 166 арга хэмжээнээс 55-ынх нь ард гарчээ. Харин 101 нь дутуу хэрэгжсэн бол, арван арга хэмжээ ор тас биелээгүй байна. Тиймээс УИХ-аас баталсан Үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний төлөвлөлт оновчтой болоогүй, өмнөх жилийнхээс тодорхой ахиц гараагүй, авсан арга хэмжээ нь үр дүнд хүрээгүй гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газар хийснээ өчигдөр нэгдсэн чуулган дээр танилцууллаа. Тус газрын дарга А.Зангад “Үндсэн чиглэлийн биелэлт, түүний тайлагнал болон үнэлгээгээр оролцогч талуудын хамтын ажиллагаа сул, уялдаа холбоогүй байгаагаас зарим зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй” хэмээж байлаа.

Харин яагаад ийм байдалд хүрснийг гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг тайлбарлахдаа “Үндсэн чиглэлийн нийт арга хэмжээний 121 нь улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжихээр тусгагдсан байсан. Гэсэн ч тэдгээрийн 25 буюу 20.6 хувьд улсын төсвөөс хөрөнгө батлагдаагүй, тавынх нь санхүүжилт төсвийн тодотголоор хасагдсан. Үүнээс шалтгаалан улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх нийт арга хэмжээний 24.7 хувь буюу 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс хэрэгжээгүй” гэлээ. Гэвч гишүүд Ерөнхий сайдын тайлбарыг үндсэн чиглэл биелэхгүй байх шалтгаан биш, харин шалтаг хэмээн шүүмжилж байлаа.
Үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх тайланд гишүүдийн байр суурь ямар байсныг багцлан хүргэхэд:

О.Баасанхүү: Ард түмний амьдрал хүнд байгааг бүгд мэдэж байна. Одоо бид яах ёстой юм бэ. Ер нь бол эдийн засаг гайгүй, нүүрсний үнэ боломжийн байхад МАНАН нийлж байгаад самраад хаячихсан. Тэгээд овоо МАНАН саллаа гэсэн чинь одоогийн эрх баригчид маань яг МАНАН-тайгаа адихан л байна. Хариуцлага тооцох ч боломжгүй болчихсон. Тэгэхээр нэг минутын өмнө ч гэсэн үүнийг өөрчилмөөр байна. Ний нуугүй хэлэхэд нүүрсээ 30 ам.доллараар зарж, хоёр хөршдөө ашиглуулаад л байж байна. Ажиллаж чадахгүй бол чаддагт нь өгөөд УИХ тарах хэрэгтэй. Ард түмэн тэнэг биш. Өлсөөд ирвэл хоолныхоо төлөө хүн тэмцдэг юм шүү. 2013 оны биелэлт 60 хувь гэдэг нь үнэхээр тоглоом шиг байна.

Д.Дэмбэрэл: Ер нь төслийн хүрээний мэдэгдэл бол чухал зүйл. Гэтэл Засгийн газар 20 жилийн өмнөх юм яриад байх юм. Тэгээд яагаад үндсэн чиглэл чинь биелэхгүй байгаа юм гээд асуухаар шал ондоо зүйл яриад эхэлдэг. Дөлгөөхөн хандаж асуудал тавихаар дуугарахгүй, хатуухан бараг л огцруулах хэмжээний юм тавихаар бага зэргийн хөдөлсөн болоод өнгөрөх юм даа. Ер нь Засгийн газар маш муу ажиллаж байна шүү. Аудитын дүгнэлтийг сайн харж ажиллаарай. Та нарын мууг үзэх гээд байгаа хүн нэг ч алга.

Н.Номтойбаяр: 2013 оны Үндсэн чиглэлийн талаар байнгын хороо санал дүгнэлтээ гаргасан байна. Нийгмийн бодлого, боловсрол. шинжлэх ухааны байнгын хорооны дүгнэлтээс харвал хариуцлагагүй ажилласан гэж дүгнэсэн байна. Н.Алтанхуяг даргаас намын даргын хувьд хариуцлагын асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм бэ. Төсвийн байнгын хорооны дарга хуулиараа хяналт тавих ёстой. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хяналтаа тавьж чадахгүй, хариуцлага хүлээхгүй байна. Дан ганц Засгийн газраас бус УИХ дотроосоо ч гэсэн хариуцлага тооцох ёстой гэж бодожбайна. Цаашид хариуцлагын тогтолцоог яах ёстой вэ.

Г.Батхүү: Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг ярилцаж байхад бид анхаарлаа хандуулах ёстой. Ийм чухал асуудал ярьж байхад яамдын төрийн нарийн бичгийн дарга нар ирдэггүй, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дүгнэлтээ гаргасан. Бусад байнгын хороо хэлэлцээгүй. Энэ асуудалд бид хариуцлагатай хандах байсан. Цаашид Үндсэн чиглэлийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хуулиудтай холбогдуулан оруулж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, бодитой дүгнэлт хийх боломжгүй болно гэсэн үг. Тиймээс Засгийн газар бодлого батлуулсны дараа дараагийн үндсэн чиглэлээ батлах ёстой.

Н.Энхболд: Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ гэж үг бий. Энэ Засгийн газар хамгийн их мөнгөтэйгөөр ажлаа эхлүүлсэн. Энэ мөнгөө зөв зарцуулж чадахгүй, бодлого байхгүй байсаар ажиллаж ирсэн. УИХ-ын хяналт, хариуцлагын механизм байхгүй, хянах бололцоогүй болсон. Үнэхээр энэ их мөнгийг зөв зохицуулсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байсан. Жишээлбэл, үнэ тогтворжуулахад гурван их наяд төгрөгийг АН-ын хүмүүст өгсөн, эдийн засаг хоёр жилийн дотор 40 хувиар унасан байхад сайн байна гээд чадахгүй болохоороо МАН-ын лайг цэгцлэх гээд ийм боллоо гэж яриад сууж байх жишээтэй. Эцэст нь долларын ханш сөрөг хүчнээс болж өссөн гэж би лав дуулаагүй юм байна. Кабинетийн зарчмаар ажиллахгүй, АН-ын фракциудад хувааж өгснөөс энэ бодлогын алдаа эхэлсэн.

Гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, зарим арга хэмжээ авах талаар санал хураасан ч 61 гишүүнээс 30 зөвшөөрч, Засгийн газар зарим арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзлээ.

 

 

Б.ЭНХЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих