Гавъяат эмч Г.Дэжээхүүгээс болоод шүүх эмнэлгийн дүгнэлт саатав уу

 News74

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нь Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа зуурдаар нас барсан харамсалтай явдал болсон билээ. Талийгаач Д.Амарсайханы нас барсан шалтгааныг БГД-ийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүн өнөөдрийг хүртэл гараагүй байна.

Шүүх эмнэлгээс комисс томилон талийгаачийн цогцост задлан шинжилгээг хийлгэх үед талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр өмгөөлөгч Р.Пүрэвлхам, талийгаач Д.Амарсайханы хадам ээж “Хүмүүн” эмнэлгийн захирал, Монгол Улсын хүний гавъяат эмч Г.Дэжээхүү нарыг байлцуулжээ.. Эх сурвалжийн мэдээллээр урьдчилсан дүгнэлтээр шүүх эмнэлгийн эмч нар Д.Амарсайханыг зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан байх магадалтай гэж үзжээ.

Гэсэн ч задлан шинжилгээний дүгнэлт албан ёсоор гаралгүй 22 хонож байгаа ажээ. Учир нь эх сурвалжийн мэдээллээр гавъяат эмч Г.Дэжээхүү нь шүүх эмнэлгийнхний ажилд ийн “садаа” болж, өөр дүгнэлт гаргуулахаар шахаанд оруулаад байж болзошгүй. Тодруулбал, тэрээр шүүх эмнэлгийнхнээр  нойр булчирхайн хурц үрэвслийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргуулахаар шахаж байгаа гэнэ.

Хэрэв шүүх эмнэлэг Г.Дэжээхүү эмчийнхээр “Д.Амарсайхан зүрхний шигдээс бус нойр булчирхайн хурц үрэвслийн улмаас нас барсан…” гэсэн дүгнэлт гаргавал Цагдан хорих 461 дүгээр ангийн эмч нар буруутаж, ял үүрэх ажээ.

Б.Дамдин-Очир

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих