Тал газрын төлөөх тэмцэл
Монголын парламентын сонгууль нь дэлхийд томд орох зэс, нүүрсний асар их баялагтай энэ орныг хэн удирдах вэ гэсэн асуултанд тодорхой хариулт өгсөнгүй. Энэ нь Орос, Хятад, АНУ-ын оролцож буй Монголын төлөөх тулаан үргэлжилнэ гэсэн үг юм. 1,3 триллион долларын бооцоо шагналтай энэ тэмцэлд ялах магадлал Бээжинд хамгийн их байна. 2012 оны зургадугаар сарын 28-нд болсон сонгуулийг Орос ч, ард иргэдийнх нь дийлэнх олонх ч анзааралгүй өнгөрөөв. 2,8 сая хүн амтай энэ улс оронд сонгууль тийм ч чухал үйл явдал биш аж. Гэтэл Орос, Монголын дундын хил 3,5 мянган км бөгөөд уртаараа Казахстан, Хятадын дараа гуравт ордог.
Гэхдээ “Власти” сонины мэдээллээс үзэхэд ОХУ-ын ГХЯ-ныхан, мөн Оросын удирдлага хөрш орныхоо сонгуулийн санал хураалтын явцыг анхааралтай ажиглаж байсан гэх. Монголд болж байгаа үйл явдлыг Бээжин, Вашингтон гээд дэлхийн олон орны нийслэл мөн л анхааралтай ажиглаж байв. Учир нь сүүлийн жилүүдэд геополитикийн цар хүрээтэй мөргөлдөөний талбар болсон улс орны хувь заяаг энэхүү сонгууль шийдэх байв. Чухамхүү яг энэ мөчид л түүхий эдийн хомсдолд ороод буй Хятадын, Ази дахь нөлөөгөө ихэсгэх гэсэн АНУ-ын, Алс Дорнодод байр сууриа бэхжүүлэх гэсэн Оросын ашиг сонирхолууд, мөн дэлхийн хэмжээний олборлогч томоохон корпорацуудын сонирхол ч Монголд огтлолцсон юм.
1990 оны зөвлөлтийн эсрэг хувьсгалын дараа ЗХУ-ын нөлөөллийн хүрээнээс гарсан Монгол улс удаан хугацааны турш дэлхийн улс төрийн төвд бус, зах хязгаарт хаягдан олон жил болсон билээ. Орос, Хятадын хооронд хавчуулагдсан, хүн амынх нь талаас илүү нь нийслэлдээ амьдардаг, харин үлдсэн хэсэг нь жижиг суурингуудад оршин сууж, эсвэл нүүдлийн мал аж ахуй эрхлэн амь зуудаг энэ улс орныг гадаад ертөнц огт сонирхохгүй байв. Хөрш орнууд нь ч Монголыг анхаарах сөхөө боломжгүй байлаа.
1990-ээд оны үед Орост эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө идэвхитэй тэмцэл өрнөж байсан бол Хятадад далай орчмын мужууд нь эрчимтэй хөгжиж байв. Харин Монголтой хиллэдэг хойд муж нь Хятадын хувьд хоцрогдсон зах хязгаарт тооцогдон, Бээжингийн анхааралд өртөхгүй байв. Гадаад тоглогчдоос АНУ л оролцож, Монголыг “амжилттай хөгжиж буй залуу ардчилал” хэмээн хөөрөгдөж, орон нутгийн элитүүдийг америкийн их сургуулиудад сургах, ажлын грантаар хангаж байв.
Урьд өмнө нь Монголыг тойрч гардаг байсан дэлхийн лидерүүд байн байн энэ оронд айлчлах болсон нь гайхах хэрэг биш. 1999 онд ХКН-ын дарга Зян Зэминь, 2000 онд Владимир Путин, 2005 онд Жорж Буш нар Монголд айлчлав.
2000 оны эхээр энэ бүхэн өөрчлөгдөж эхэлсэн юм. Эрчтэй хөгжлийн арван жилийг үзсэн Хятадад Чжу Жунцзигийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлт дуусч, Бээжин хаягдсан бөглүү мужуудаа анхаарч эхэлсэний зэрэгцээ хөрш зэргэлдээ орнуудтайгаа илүү нягт харилцаанд орохыг эрмэлзэв. Орост шинэ Ерөнхийлөгч Владимир Путин төрийн эрхийг авч, ЗХУ-ын задралын дараа алдагдсан дэлхийн нөлөөллөө сэргээхийн төлөө ажиллаж эхлэхдээ зөвлөлт гүрний хагархай бутархайнуудыг цуглуулж эхэлсэн байна. Эцэст нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдахчуудын намаас Жорж Буш ялан гарч, дэлхий дахинд ардчиллыг түгээн дэлгэрүүлэх нь Вашингтоны гол бодлого хэмээн тунхаглалаа.
Хэдийгээр есдүгээр сарын 11-ний хэрэг явдлын дараа АНУ нь Ойрхи Дорнын асуудалд гүн шигдсэн ч Монголтой харьцах харилцаа нь голлох асуудал болов (Үүнд Хятадын хашаалах онол ч тодорхой нөлөө үзүүлж, Вашингтонд нэлээд газар авлаа). Урьд өмнө нь Монголыг тойрч гардаг байсан дэлхийн лидерүүд байн байн энэ оронд айлчлах болсон нь гайхах хэрэг биш. 1999 онд ХКН-ын дарга Зян Зэминь, 2000 онд Владимир Путин, 2005 онд Жорж Буш нар Монголд айлчлав. 2000-аад оны эхээр Монголтой нягт нөхөрлөх тэмцэлд АНУ ялж байна гэж харагдахаар байв. Тухайлбал, 2003 онд 180 монгол цэрэг Ирак руу энхийг сахиулах хүчинд илгээгдсэн бол жилийн дараа мөн л Вашингтоны дэмжлэгтэйгээр дараагийн хэсэг нь Косовог зорьсон билээ.
Дэлхийн томоохон тоглогчид ийнхүү гэнэт Монголыг сонирхох болсон нь зөвхөн улс төрд төдийгүй эдийн засгийн шалтгаантай байв. Энэ орон зэс, нүүрс, алт, уран болон бусад ховор баялгийн асар их нөөцтэй төдийгүй томоохон орд газруудынх нь ашиглалт эхлээ ч үгүй байсанд оршино. Эхний төслүүдээ хэрэгжүүлж эхэлсэний үрээр Монголын эдийн засаг сүүлийн арваад жилд 10 дахин өссөн. ДНБ-ний эргэлт 2000 онд 1 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол 2010 онд 10 тэрбум ам.долларт хүрчээ (өнгөрсөн онд 13,3 тэрбум ам.доллар).
Энд олборлолтын өсөлт төдийгүй түүхий эдийн зах зээлийн үнийн өсөлт тодорхой үүрэг гүйцэтгэж, Монголын экспортын үндсэн бараа бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, нүүрснээс олох ашгийг нь нэмэгдүүлсэн билээ. Хөрөнгө оруулагч банкуудын тооцоогоор Монголын байгалийн баялаг нь өнөөгийн үнэлгээгээр 1,3 триллион ам.доллартай тэнцэх гэнэ. Монголд үүнээс гадна өөр сонирхолтой активууд ч олон бий. Тухайлбал, Монгол, Алтай, Тувагийн хил орчмын бүсэд байрлах Асгатын мөнгөний орд нь 3000 тонн мөнгөний нөөцтэй гэж үнэлэгдсэн ч 5000 гаруй тонн байгаа гэсэн урьдчилсан дүн шинжлэл хийгдээд байна. Ураны нөөц нь дэлхийд томоохонд орох бөгөөд 1,4 сая тонн орчмоор тогтоогдоод байгаа (голлох орд нь Дорнод аймаг, Гурван булагт буй).
Нүүрс устөрөгчийн нөөц ч бас Монголд бий. Зөвхөн хоёрхон орд газар болох Тамсаг, Дорноговийн говийн бүс дэх орд гэхэд л долоон тэрбум баррель нефтьтэй аж. Мэдээж хамгийн их анхаарал татаж байгаа активууд бол нүүрс, зэсийн орд газрууд юм. Хамгийн томоохон нь улс орны өмнөдөд байрлаж байгаа. Тавантолгойн орд хэмээх нүүрсний орд нь дэлхийн хэмжээнд олборлолт хийгдээгүй хамгийн том ордод тооцогдоно. Түүний нөөц нь 6 тэрбум тонн нүүрс, үүний 40 хувь нь коксжих нүүрс юм байна. Уг ордоос 80 км зайнд дэлхийд томоохонд тооцогдох алт-зэсийн Оюутолгой орд бий.
Нөөцийн үнэлгээ нь 35,8 сая тонн зэс, 12,8 тонн алт (2010 оны мэдээллээр). Оюутолгойн үндсэн хувьцаа эзэмшигч нь Австрали-Британийн металлургийн аварга “Rio Tinto” бөгөөд канадын “Ivanhoe Mines”-ын хамтаар нийт хувьцааны 66 хувийг эзэмшиж байгаа бол үлдсэн 34 хувь нь Монголын Засгийн газрын мэдэлд буй. “Rio Tinto” Оюутолгойд зургаан тэрбум гаруй ам.доллар оруулаад байгаа бөгөөд 2013 оноос орд газрын ашиглалтыг эхлүүлж, 2018 он гэхэд бүрэн хүчин чадлаар нь уурхайгаа ажиллуулж, жилд 450 мянган тонн олборлолт хийхээр төлөвлөж байна. Урьдчилсан дүнгээр бол 2018 онд энэхүү орд газрын зэсийн үйлдвэрлэл нь ДНБ-ний 30 хувьтай тэнцэх аж. Эдгээр орд газруудын геологийн судалгааг бүр зөвлөлтийн үед хийсэн боловч ЗХУ задарсаны дараа бүрэн зогсоод байсан юм.
1990-ээд онд Монголын ашигт малтмалын судалгаанд Америк, Европ, Бразили, Японы компаниуд орж ирсэн боловч хамгийн ирээдүйтэй газруудад олборлолт хийгдээгүй билээ.Түүхий эдийн үнэ нь орд газарт хайгуул хийх, хүдрийг дэлхийн зах зээлд гаргах дэд бүтцийг байгуулах олон тэрбумын хөрөнгө оруулалт хийх боломжийг олгохгүй байлаа.
Гэвч 2000-аад оны дундуур металл, нүүрсний үнэ огцом өсч, Монголын баялгийн төлөөх тэмцэлд дэлхийн томоохон компаниуд орж ирсэн: “Rio Tinto”, Австрали-Британийн “BHP Billiton”, болд гангийн концерн болох “ArcelorMittal, Британи-Швейцарийн “Xstrata”, Бразилийн “Vale”, Америкийн нүүрсний компани болох “Peabody”, Хятадын “Shenhua”, Японы “Mitsui”. Орос ч энэ тэмцлийн гадна үлдсэнгүй. 2000 оны дунд үед Оюутолгойг “Русал”, “Норильский никель”, “Полиметалл”, тэр ч бүү хэл ВНИИ “Зарубежгеология” хүртэл сонирхож байлаа. Тавантолгойгоос хувь эзэмшихээр “Северсталь”, “Реновы”, “Базэл” зэрэг Оросын компаниудын нэгдэл хөөцөлдөж байв.
Монголын активуудыг сонирхож байгаагаа Орос-Монголын хамтарсан “Эрдэнэт”, “Монголросцветмет” зэрэг компаниудын Оросын талыг төлөөлөгч “Ростехнология” ч илэрхийлж байв. “Ростехнология” нь Орост томоохонд орох Забайкальскийн Удоканы зэсийн ордын лицензийг 2008 оны намар авч чадсан Алишер Усмановын “Металлоинвест”-ын түнш болсоныхоо дараа Монголын активуудыг улам ихээр сонирхох болсон билээ. Гэвч Оросын Монголын баялгийн төлөөх тэмцлийн гол зүтгүүр нь РЖД хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болсон гэдэг нь маргаангүй билээ.
Владимир Якунин эртнээс л Монголын орд газруудыг сонирхож байсан боловч тэдгээрт яхналтаа тогтоохын төлөөх идэвхитэй үйл ажиллагаанд 2009 оноос л орсон билээ. Тэгэхэд 2009 оны тавдугаар сард Владимир Путин Улаанбаатарт зочилж, Ерөнхий сайд Санжийн Баяртай хэлэлцээр хийсэн юм. Моквагийн их сургуулийн хуулийн факультетийн төгсөгч, 2001-2005 онд Монголыг төлөөлөн Орост ажиллаж байсан энэ улстөрчийг Москвад Орост хамгийн элэгсэг ханддаг хүн гэж үзэж байв.
Хэлэлцээрийн дараа талууд Монголын “Эрдэнэс МГЛ”, “Монголын төмөр зам”, ”Оросын төмөр зам хамтран “Дэд бүтцийн хөгжил” компанийг байгуулах болсноо зарласан. Энэхүү хамтарсан компани нь улс орны өмнөд дэх орд газруудыг тэр дундаа Оюутолгой, Тавантолгойг төмөр замаар холбох ёстой байв.
Тэр үед Якунин “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө Баяр Тавантолгой, Оюутолгойн лицензийг “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан компанийн мэдэлд шилжүүлнэ гэдгээ Путинд биечлэн амалсан гэжээ. Үүний хариуд хамтарсан компани нь Улаанбаатарын төмөр замыг шинэчлэхийн зэрэгцээ шинээр Транссибиртэй холбосон замыг барьж, Монголын нүүрсийг Оросын Алс Дорнод дахь усан онгоцны буудлуудад хүргэн, Япон, Өмнөд Солонгос руу гаргах боломжоор хангах ёстой байв.
“Власти” сонины ОХУ дахь эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд Транссибирийг ажиллагаанд оруулах нь энэхүү амаргүй төслийг Якунин сонирхох болсоны үндсэн шалтгаан гэжээ. Төмөр зам барихаас гадна Тавантолгой, Оюутолгойн олборлолтод ч оролцохоор төлөвлөж байв. Үүний тулд тухайн орд газруудын олборлолтод оролцох түншийг шалгаруулах уралдаан зарлах ёстой байлаа (үр дүнд нь “Дэд бүтцийн хөгжил” компани 25%+1 хувьцааг, хөрөнгө оруулагч 75%-1 хувьцааг эзэмших байв). Уралдааны гол нөхцөлүүдийн нэг нь олборлосон баялгийг хөрөнгө оруулагчид Оросоор дамжуулан тээвэрлэх явдал байв.
“Дэд бүтцийн хөгжил” компанид Монголын орд газруудын ашиглалтын лицензийг олгосны хариуд Орос улс энэ компанид 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээжээ. Түүнээс гадна 2009 оны сүүлч хүртэл Улаанбаатар төмөр замын дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлж, Орос улс нь өөрийн оруулах хувь дээр нэмээд Монголын талын нэмэх ёстой хувийг ч гаргахад бэлэн байсан гэж Якунин “Коммерсант” сонинд ярьжээ.
Ийм маягаар Оросын төмөр замын Монголд хэрэгжүүлэх геополитикийн төсөл нь Оросын төсвөөс 1,75 тэрбум ам.долларыг гаргуулах байв. Гэхдээ энэ мөнгө бол бүх төлбөрийн эцсийн хэмжээ бас биш байлаа. Оросын төмөр замын тэргүүний хэлсэнээр бол Монголын дээрх орд газруудыг ашиглахад багаар бодоход долоон тэрбум ам.доллар (энд төмөр зам барих өртөг төсөв ч багтсан) хэрэгтэй болох байв. Үнэнийг хэлэхэд, Владимир Путин өөрийн биеэр, 2009 оны наймдугаар сард Дмитрий Медведев нарын лоббидсон төслийг монголчууд тийм ч халуун дотноор хүлээж авсангүй.
Асуудлын гол нь 2008 оны сүүлчээр Дэлхийн банк Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх аль зам нь илүү хямд төсөр, өртөг багатай тусах вэ гэдгийг Улаанбаатарын захиалгаар судалсан юм. Судалгааны тайлангаас үзэхэд, өмнө зүг, Хятадын хилийн зүгт тээвэрлэх нь нүүрсний хамгийн том хэрэглэгч бол БНХАУ-ын аугаа том зах зээлд гарах боломжийг олгоно гэж тэмдэглэсэн байна. Үүний тулд 100 км багагүй үргэлжлэх төмөр замыг барих ёстой гэжээ. Хятадад болохоор улс орны баруун хэсгийг Тянжинтай холбосон төмөр зам нэгэнт баригдчихаад байгаа.
Дэлхийн банкнаас хйисэн тооцоогоор Хятадын Тянжингаар дамжуулан Япон, Өмнөд Солонгост нүүрсээ тээвэрлэх нь Оросоор дамжуулсанаас хоёр дахин хямд тусах юм байна. “Монгол ямар ч нөхцөлд Хятад руу төмөр зам тавих ёстой. Эс тэгвэл тэд Австралийн өрсөлдөгчдөдөө ялагдаж, өсч буй зах зээл дээрх өөрийн хувиа алдана. Харин нүүрс, зэсийг үндсэн зах зээлийнх нь хажуугаар тээвэрлэнэ гэдэг бол сонин санаа шүү” хэмээн гонконгийн Eurasia Capital Partners-ын захирал Сергей Мэн хэлсэн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадад монголын хөрсөн дэх баялгийг сонирхох дотоод шалтгаан олон байгаа аж. “Сүүлийн жилүүдэд Бээжин аж үйлдвэрийн үндэс сууриа төв болон баруун бүс рүүгээ идэвхитэй зөөвөрлөж, үүнтэй нэгэн зэрэг ашиг багатай, уурхайчдын хувьд осолтой нүүрсний уурхайнуудыг нээхийг оролдож байгаа нь амжилт муутай байна” гэж Мэн хэлэв. Түүнээс гадна хямд төсөр төмөр зам барих боломжоороо Хятад нь Орос улсыг давж байгаа.
Улаанбаатарт амьдардаг Оросын монгол судлаач Юрий Кручкины үгээр бол хятадуудын барих төмөр замын 1 км нь дунджаар 3 сая ам.доллар байхад Оросынх болохоор 13 сая ам.доллар болж байгаа гэнэ. Владимир Якунин хариуд нь хэлэх үндэслэлүүдийг хайж байна. Тухайлбал, хэрвээ монголчууд нүүрсээ Тавантолгойгоос Транссибирээр дамжуулан тээвэрлэх юм бол тээврийн үнийг Находкаар дамжуулах нь Тянжинтай өрсөлдөхүйц хэмжээнд хүртэл буулгаж болох юм гэж тэрбээр өнгөрсөн жилийн турш ярив. Үнэнийг хэлэхэд ингэх юм бол Оросын төмөр зам тээврийг санхүүжүүлэх болно гэсэн үг.
Якунин “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө Баяр Тавантолгой, Оюутолгойн лицензийг “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан компанийн мэдэлд шилжүүлнэ гэдгээ Путинд биечлэн амалсан гэжээ. Үүний хариуд хамтарсан компани нь Улаанбаатарын төмөр замыг шинэчлэхийн зэрэгцээ шинээр Транссибиртэй холбосон замыг барьж, Монголын нүүрсийг Оросын Алс Дорнод дахь усан онгоцны буудлуудад хүргэн, Япон, Өмнөд Солонгос руу гаргах боломжоор хангах ёстой байв.
Энэ тохиолдолд Монголд төмөр зам барих мега төслүүдийн эдийн засгийн агуулга ойлгомжгүй болно. Оросын төмөр зам алдагдалтай тээвэр эрхлэнэ гэсэн үг. Оросын компаниуд төмөр замын гүйцэтгэлийн гэрээнээс л их мөнгө олох байтал шүү. Улаанбаатарт айлчлах үедээ Якунины тууштай дэвшүүлж байсан хоёрдох үндэслэл бол Монгол орон ганцхан хэрэглэгч болох Хятадаас хэт хамааталд орж болохгүй гэх үндэслэл байлаа. Хөршүүдийн нэн эртний, амаргүй харилцаанаас үүдэн геополитикийн үндэслэл Монголд их нөлөөтэй гэдэгтэй Мэн санал нэгддэг.
Сүүлийн хорин жилийн турш хөгжин бэхжиж буй Хятад орон болон хятадын үндсэрхэг үзэлтнүүдийн түрэмгий үг ярианаас үүдэлтэй айдсаар цэнэглэгдсэн хятадаас айх үзэл Монголд хүчээ авч байна. Харин 2000-аад оны үеэс анхны хэт үндсэрхэг байгууллагууд гарч ирсэн бөгөөд тэдгээрийн үзэл суртал нь хятадуудыг үзэн ядах, монголчуудын соёл, яс угсааны давамгай байдлыг сурталчлан тунхаглах (ялангуяа Чингис хаан болон Хятадыг эзэлсэн түүний үр удмын үеийг гол үндэслэл болгодог) дээр тогтдог.
Олонд танигдсан, үндсэрхэг гурван байгууллага Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байгаа (“Хөх Монгол”, “Даяар Монгол”, “Монголын үндэсний холбоо”), тэдний залуу идэвхитнүүд хас тэмдэг зүүж, хятадуудтай зодоон цохион хийж байв. “Хөх Монгол” бүлгэмийн залуус бүр ч хол явж, хятад эрчүүдтэй холбогдсон монгол бүсгүйчүүдийн үсийг хусч байгаагаа гайхуулан ярьцгаасан байна. Хэдийгээр өмнөд хөршдөө ийнхүү сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг ч гэсэн Монголын элитүүд харьцангуй прагматик байр суурьтай байгаа. Тавантолгой, Оюутолгойд орж чадсан дэлхийн ямар ч компани хүдрийг Хятад руу экспортлох санал тавина гэдэг нь эргэлзээгүй.
Тиймээс сүүлийн жилүүдэд Монголын бүх засгийн газрууд (эхлээд Санжийн Баяр, дараа нь түүнийг өвчний улмаас ажлаа өгөхөд Ерөнхий сайд болсон, мөн л МГИМО-гийн төгсөгч Сүхбаатарын Батболд ч) Москватай, ялангуяа Якунинтай идэвхитэй тоглож, орд газруудаас хувь өгнө гэсэн боловч энэ амлалтаа ямар ч бичиг баримтаар баталгаажуулаагүй. Монголын түшмэдүүд “Власти”-йин сэтгүүлчдэд ярихдаа Тавантолгой буюу Оюутолгойн лицензийг Оросын талд өгөх талаар Баяр ч, Батболд ч ямар ч амлалт өгөөгүй, харин оросын түшмэдүүд л тэдний хэлсэн ярьсаныг өөртөө тохируулан тайлбарласан гэжээ.
Эцсийн үр дүнд Орос улс эхлээд Оросын төмөр замын мэдэлд өгнө гэсэн Оюутолгойн лиценз 2009 онд “Ivanhoe Mines”, “Rio Tinto”-гийн нэгдэлд (лиценз канадчуудын мэдэлд хэдэн жил байсан, зөвхөн хэрхэн ашиглах талаар Улаанбаатартай ярилцсан гэдэг нь дараа нь тодорхой болсон) бүрмөсөн шилжихийг гайхан харсаар хоцорсон. Үүний дараа Тавантолгойд олон улсын тендер зарласан. “Ерөнхийдөө бол Оюутолгойтой холбоотой төөрөгдлийг тайлбарлахын аргагүй.
Лиценз нь аль хэдийн Ivanhoe-гийн мэдэлд байсан бөгөөд түүнийг тийм ч амархан булааж авч чадахгүй гэдгийг бүгд мэдэж байсан. Зүгээр л Google рүү ороод “Оюутолгой” гэх үгийг шивээд, 20 минутын дотор бүгдийг мэдэж болох байсан. Харин Тавантолгойн хувьд газрын зураг хараад, Дэлхийн банкны тайланг үзээд, дүгнэлт хийхэд л хангалттай. Танай Засгийн газар энэ төсөлд мөнгө зарахад бэлэн байгааг бид мэдээд тун их гайхсан” хэмээн гадаадын хөрөнгө оруулагч банкны Монголд ажиллах төлөөлөгч “Власти”-д ярьжээ.
ОХУ-ын Засгийн газар дахь “Власти”-гийн эх сурвалжууд Монголын байгалийн баялаг руу хийсэн үсрэлт нь үнэхээр бэлтгэл муутай, монгол судлалын мэргэжлийн дүн шинжлэлгүй байсныг хүлээн зөвшөөрсөн юм. “Жишээлбэл, энд “Росатом”-ын залуус Монгол руу явж, стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хуультай танилцах гэсэн боловч орчуулга нь олдоогүй байна. Элчин сайдын яаманд байгаа ихэнх дипломатууд нь монгол хэл мэддэггүй тэртээ тэргүй бүгд оросоор ярьдаг юм чинь гэх. Харин цаг үе өөрчлөгдөөд л байдаг” хэмээн “Власти”-гийн эх сурвалж ярив.
/Зууны мэдээ/
URL: