АРИЛЖААНЫ БАНКУУД Н.АЛТАНХУЯГААС ИЛҮҮТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН ИЛЭРХИЙЛЭЛ БОЛЖ БАЙНА

untitledЭдийн засгийн төлөв байдаыг Н.Алтанхуягаас илүүтэй арилжааны банкуудын үйл ажиллагаа илэрхийлж байна.
Ерөнхий сайд бол ялимгүй бэрхшээл байгаа, гэхдээ ноцтой биш гэдгийг л түрүүлж дуулгадаг. Бас  болж  бүтэж  байгааг  нь
зорилготойгоор зориуд харлуулж цуу яриа дэгдээгээд байна гэж учирлах уурлахын тэг дундуур хэдэнтээ сануулж байсан нь бий. Тийм байж болно, тэгээд ч Эдийн засгийн хөгжлийн сайдын хэлдэгчлэн “эвэр хошуулаад” байх нь монгол бэлгэдэл талаасаа хүсээд байх зүйл биш.

Гэвч газар тэнгэр хоёр гэдэг адилтгахын аргагүй аж. Талхаа таллаж авч байгаа нь цуу яриа, биш, бор хоногийн амьдралын үнэн агшин. Ерөнхий сайдын чихэнд эрхбиш өртсөн байлгүй дээ, “Монголд Алтанхуягаас өөр мөнгөтэй хүн байхгүй” гэсэн егөө үг ч өргөж явна билээ.

Хоёр хоногийн өмнө телевизээр Ерөнхий сайд шууд ярилцлага хийв. Энэ үеэр орон сууцны найман хувийн хүүтэй зээл хэвийн үргэлжилж байгааг дуулгасан. Ерөнхий сайдын үг замхарч амжаагүй байхад өөр нэг сувгаар арилжааны банкууд мөнөөх найман хувийн хүүтэн зээлийг олгохгүй байна гэж мэдээллээ. Зээл олгохыг бүр дээрээс зогсоогоод банна гэиэ. Ийм л нэг эсрэг тэсрэг мэдээлэл яваад байхад эргэлзэхгүй гээд яах билээ. Арилжааны банкууд зээд олгохгүй байгаа, хөрөнгө санхүү нь ихээхэн дундарсан гэх яриа хэдийнээс л чих дэлссэн болохоор үүнийг бас цуурхал гэж бодохгүй байна.

Учир нь арилжааны банкууд дахь найдваргүй зээлийн хэмжээ ихэссэн, зээлдэгчид, ялангуяа ам.долларын зээл авсан аж ахуй эрхлэгчдийн эргэн төлөлт тааруу байгаа гэсэн сигнал оны эхнээс хангинаж эхэлсэн. Сараар бус цагаар өсөх нь холгүй байгаа валютын ханш үндэсний мөнгөн тэмдэгтийг “золигт гаргаж” эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг үндсэндээ зогсоочихоод байна. Ханшийн уналтад хөтлөгдсөн үнийн өсөлт эргээд эдийн засгийн эрчмийг сааруулах том хүчин зүйл болж байна. Бүтнээр нь авч байсан талхаа таллаад эхлэхээр хар ухаанаар бодоход эдийн засгийн урсгалд орж байгаа мөнгөний жин бан мөн тэр хэмжээгээр буурна аа даа. Ингэж л төсөөлөгдөж байна.

Валютын ханш ингэж өссөнөөр арилжааны банкуудын хэтэвч зузаарч, ард түмний халаас хоосорч байна гээд аль өнгөрсөн оноос яриад байсан. Ханшийн зөрүү, эрэлт дээр тоглолт хийж чамлахааргүй ашиг олж байгаа гэдгийг О.Магнай олонд дэлгэхээс нь өмнө иргэд бараг мэдэж байсан байх.

Эдүгээ Монголд арилжааны 13 банк үйл ажиллагаа явуулж байна. Тухайн үед мэдээлж байснаар бол энэ оны нэгдугээр сард эдгээр арилжааны банкуудын нийт актив 57,7 хувиар огцом нэмэгдэж 17.2 их наяд төгрөгт хүрсэн гэж байсан билээ. Түүнчлэн арилжааны банкуудын өөрийн хөрөнгө энэ оны эхний сарын байдлаар 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэдгийг онцолж байсан юм даг. Эдийн засаг хүндэрсэн, гадаадын хөрөнгө оруулалт саарсан ийм үед банкууд маань ингэж “түүхэн” амжилт тогтоогоод байсны нууц гол менежмент нь харин юу байв. Арай нөгөө ханшийн зөрүү биш биз гэсэн хар сэр төрж байсан хүн цөөн биш байх. Гэтэл энэ эргэлзээг тайлах гэсэн мэт хэдхэн хоногийн өмнө ШӨХТГ-ын дарга О.Магнай банкнуудад  хаягласан хатуухан мэдээлэл хийлээ. Төрийг төлөөлж байгаа тэр хүний үгэнд харин эргэлзэх шалтгаан байхгүй байх.

Тус газрынхан зургаан сарын турш арилжааны 13 банкинд шалгалт хийжээ. Ямар “Но” илрэв гэвэл банкууд зээл олгохдоо шимтгэл авдгийн дээр хураамж гэж давхар авдаг. Зээлдэгчийн авч байгаа мөнгөний чамгүй хэсэг нь ийм хууль бус татвар хураамж хэлбэрээр банкинд үдддэг аж.

Өөр нэг анхаарал татсан асуудал нь Арилжааны банкуудын тайланг харахад нэр бүхий томоохон банкуудын нийт орлогын 70-80 хувийг валютын ханшийн зөрүүн дээрээс олсон гэсэн статистик гарсан байна. Тэгэхээр нийт орлогынхоо 70-80 хувийг валютын ханшаар олно гэдэг валютын ханшийг урьдчилан мэдэж байсан, эсвэл зориуд бодлогоор өсгөөд байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, ханшийн зөрүүг орлого олох гол арга хэрэгслээ болгосон гэдгийг эндээс анзаарч ядах юмгүй. Ханшийн өсөлт нь арилжааны банкуудын ашгийг нэмэгдүүлж, ард түмний халаасыг дундруулдаг гэсэн урвуу хамаарал Монголын нийгэмд хэвшиж тогтож эхэлж байгаа бололтой юм.

Манай арилжааны банкуудын харагдах дүр төрх нэг талаасаа ийм байгаа бол өөр нэг илэрхийлэл нь тэд годд живж буй хүн шиг аврал эрж байгаа гэх мэдээлэл. Ингэж харах шалтгаан нь дээр өгүүлсэн банкууд зээлийн эх үүсвэрийн хомсдолтой байгаа, зээлийн эргэн төлөлт хүндэрсэн гэх мэдээллээс гадна хэдхэн хоногийн өмнө хийсэн УИХ-ын эрхэм гишүүн Р.Амаржаргалын мэдээлэл болж байна.

Тэрбээр “Монголын томоохон дөрвөн банкны хоёр нь тун сул дорой, эмзэг байна. Өөрийн хөрөнгө өчүүхэн, хадгаламж хумигдаж, зээлийн эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас хөрөнгийн асар их хомсдолд ороод байна. Банкны активын 21 хувийг Монголбанк үндсэндээ өмчилж байна. Манай арилжааны хэдэн банкны Төв банкнаасаа хамаарах хамаарал Грекээс илүү болчихоод байна” гэж мэдэгдсэн. Эрхэм гишүүн энэ үгийг хэлэхдээ зүгээр нэг салхи хөлөглөсөн зуугуул яриаг эш үндэс болгоогүй нь тодорхой. Ер нь банкуудын байдал нэг л биш гэдгийг үйлчлүүлэгчид нь хүртэл хэлээд байгаа болохоор гишүүний энэ үгийн сэжүүр оргүй хоосноос биш “овоон” дээрээс хөллөсөн гэдэгт итгэж байна.

Өнөөдөр жижиг, дунд зээлийн түвшинд манай арилжааны банкууд аль ч улсын банкаас дутахааргүй   чадвартай   болсон гэдгийг онцолдог. Тэгэхээр энэ тал дээр боломжийн засаглалтай  болсон гэсэн үг. Харин эдийн засгийн хүндрэл энэ тогтож хэвшсэн засаглал, уламжлалыг маань боомилж мэдэхээр болоод байна.

Арилжааны банкны эх үүсвэрийн 90 хувь нь хадгаламж болон бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө байдаг гэсэн. Энэ өнцгөөс нь харвал эдийн засгийг эрчимжүүлэх том хүчин зүйл нь иргэдийн хадгаламж боддог. Харин өнөөгийн дүр байдлаар иргэд хадгаламжаа нэмэх биш эргүүлэн авч амь амьжиргаагаа залгуулж байна. Банкны бяр чадал буурах нэг шалтгаан энэ байж мэднэ.

Оны эхний улиралд арплжааны банкуудын олгосон зээлийн хэмжээ нийт активынх нь талаас илүү хувьтай тэнцэж байгаа гэсэн мэдээлэл байсан юм даг. Өнөөдөр арилжааны банкуудын зээлийн эх үүсвэр хангалттай биш, төлөлт ихээхэн удаашралтай байгаа гэдгийг үйлчлүүлэгч, харилцагчид нь нотолсоор байна. Эдийн засаг “амарч” байгаа ийм үед мөнгө эргэж, төгрөг “төллөнө” гэдэг заан тугалахтай адил урт удаан хүлээлт үүсгэх нь тодорхой. Мөнгөний нийлүүлэлт багасч, эрэлт нь ихсээд ирэхээр банкныхан барьц авдаж мэдэх л юм.

 

П.ЯДАМДОРЖ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих