Малын эм нийлүүлдэг байгууллагууд шалгалтад уналаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас малын эм нийлүүлдэг байгууллагуудад шалгалт хийж дүнгээ гаргалаа. Шалгалтын дүнг Газрын даргын зөвлөлийн 2014 оны зургаадугаар сарын дөрөвний өдөр хэлэлцэв.
52 байгууллагыг шалгахад 20 нь их эрсдэлтэй, үлдсэн нь дунд болон бага эрсдэлтэй гарчээ. Мөн дээрх байгууллагуудын 16 салбарын хоёр нь эрсдэл ихтэй үнэлэгдсэн байна. Товчхондоо шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 70 хувьд нь малын эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй, 63 хувь нь хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа хангалтгүй хэрэгжүүлж байна гэж болно.
Тухайлбал “Төхөм хайрхан”, “NGE”, “Happy animal”, “Лүнфэтэн”, “BAGG”, “Эрдэнэбаяндэлгэрэх”, “ГуоХуа Нэн Юуан”, “Баджо”, “Уянга найман нуур”, “Үржинбадрах”, “Мон-энзим”, “Ханхайрхан-Уул”, “Абудай”, “Амарвет”, “Жи Эф Би”, “Реактив”, “Астра Фарм”, “АОЭ”, “Цагаан давс”, “Хашатбүл” зэрэг компани, нэр бүхий иргэд импортын лицензгүй хэрнээ хилээр эм, бэлдмэл оруулдаг. Ганцхан цуврал эмийг лабораторид шинжлүүлж дүгнэлт гаргуулсан нэрийн дор малын эм, бэлдмэл худалдаж байгаа нь хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах нөхцөл бүрдүүлсэн гэж улсын байцаагчид дүгнэлээ.
Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 58,2% нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлтэй боловч стандартын шаардлага хангасан ажлын байр, агуулах болон аж ахуйн нэгжид хөтлөвөл зохих баримт бичиг байсангүй. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн газар хяналт тавьдаг. Харамсалтай нь энэ чиглэлээр шаардлагын хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа нь шалгалтаар илэрлээ.
Мэргэжлийн бус, тоног төхөөрөмж нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд малын эм хилээр оруулах тусгай зөвшөөрөл олгосон. Тэр байтугай Малын эмийн салбар зөвлөл шаардлага хангахгүй эм, бэлдмэлийг улсын бүртгэлд бүртгэж байгаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандлаа.
Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори батлагдаагүй арга, аргачлалаар, хугацаа дууссан бодисоор шинжилгээ хийж, эмийн хэмжээг буруу тооцоолж байна. Энэ бүхэн нь чанаргүй эм, бэлдмэл зах зээлд нийлүүлэх, улмаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүйд хүргэжээ.
Гэхдээ “Монгол Ви И Ти НЕТ”, “СВС”, “Монветмед”, “Монфа трейд”, “Агро-эх”, “Монголын хувийн мал эмнэлгийн холбоо”, “Сорлог-сүрэг”, “Чандмань-Идэр”, “Малчин Монгол”, “Глобал бизнес Линк”, “Бинсэ”, “Биоимпекс”, “Еврофарм”, “Иммунофилакси”, “Цагаан Залаа Агвет” зэрэг аж ахуйн нэгж шаардлагыг бүрэн биелүүлж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөл шалгалтын дүнг хэлэлцээд цаашид авах арга хэмжээний төсөлд гишүүдийн гаргасан саналыг тусган Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газарт хүргүүлэхээр тогтлоо.
bolod.mn
URL: