Эмэгтэйчүүд улс төр, шийдвэр гаргах түвшинд 30 хувийн квот бий болгохын төлөө байна

“Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль – жендэрийн тэгш эрх” сэдэв бүхий нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр “Иргэний танхим”-д боллоо.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оруулах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Иргэний Зориг-Ногоон нам хамтран зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар оролцон нээж, хааж үг хэлснээс гадна УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар дэмжин үг хэллээ.

Хэлэлцүүлэгт Нийгмийн үүрэг хариуцлагын төлөө төвийн төлөөлөгч С.Түмэндэлгэр “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо”, НАМЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал “Сонгуулийн тогтолцооны шинэтгэл – эмэгтэйчүүдийн оролцоо”, АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл “Сонгуулийн санхүүжилтээр эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь”, ИЗНН-ын төлөөлөгч Ч.Энхзаяа “Нэрсийн жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийг тэгш байрлуулах нь” гэсэн илтгэлүүдийг тус тус тавив.

Мөн хүмүүс хэлэлцэж буй асуудлаар саналаа илэрхийлсэн юм. Илтгэгчид болон оролцогчид УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квот заах, сонгуулийн бэлтгэлийн дансанд хандив төвлөрүүлэх эрх олгох, пропорциональ давамгайлсан холимог хувилбар, хаалттай нэрсийн жагсаалтын хэлбэрийг сонгон хуульчлахыг УИХ-ын гишүүдэд санал болгож байлаа. Үүний зэрэгцээ нийгэмд болон улс төрд эмэгтэйчүүдийг дэмждэг сэтгэл зүйн хандлага бий болгохын чухлыг тэд онцлон тэмдэглэж өөрсдийн саналыг дэмжин хуульчлахгүй бол 2012 оны сонгуульд оролцох эсэх тухайгаа ярих болно, тэмцлийн өөр хэлбэрүүдийг сонгоно гэдгээ мэдэгдлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид УИХ-ын гишүүдэд хандан зөвлөмж, санал, уриалга гаргав. Зөвлөмждөө “2005 онд Монгол Улсын Их Хурлын 25 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд”-ын улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь болгож нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэх, мөн оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 28.2 дахь заалт “нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх” гэсэн заалтыг хуулийн төсөлд шинээр найруулан оруулах, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуульд орхигдсон улс төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш эрхийг хангах зэрэг бодлогыг нэн яаралтай хуульчлахыг зөвлөж байна” гэжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих