Хэн ч огцрохгүй, тэгээд Монгол дуусаа
Н.Алтанхуягийн хайрцагласан улстөр үргэлжилж, Монгол Улсыг туйлын эмзэг байдалд авчирлаа. Гэхдээ үргэлжилдгээрээ үргэлжилж л байна. Энэ хайрцгийг төрийн эрх барьсан АН, дээрээс нь ардчилсан гэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ил зандарч, далд хамгаалж байгаа болохоор хэн ч эвдэж чадахгүй бололтой. Нөгөө талаас засгийн хатавчинд суугаа “шударга ёс”-чууд хоолноосоо салчихгүйн тулд энэ хайрцгийг хүссэн хүсээгүй хамгаалж таарна. Мөн ИЗНН ч бий. Эсрэг юм шиг хэрнээ байнга л худалдагдаж байдаг “Бие даагчдын зөвлөл” гээд хамгаалалт бол сайн байна. Эрх мэдлийн өөдөөс тулалдах гэдэг юу юунаас аюултай. Ганцхан сөрөг хүчний довтолгоо үнэндээ хүчгүйдэж байгааг өнөөдрийн улстөр харуулж байна.
Харин нам дотроосоо “женко” Х.Баттулга Н.Алтанхуягийн хайрцгийг эвдэхээр сайдын суудлаасаа буусан ч хараахан ажиллагаа эхлээгүй байна. Эвээ олохгүй байна уу, цагаа хүлээгээд байна уу гэдэгт хамаг учир бий. Уг нь энэ хайрцгийг эвдэж байж улс орны амьдрал ахуй дээшилж, эдийн засгийн байдал сэргэх юм гэдгийг надаар хэлүүлэх юун. АН-ын томоохон фракцийг толгойлдог энэ эрхэмд уг нь боломж бий. Үнэхээр л Н.Алтанхуягтай тооцоо бодож улс орныхоо эдийн засгийг гацаанаас гаргахыг хүсч байгаа бол сөрөг хүчинтэй дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Сөрөг хүчин гэдэг чинь угаасаа л ард түмний дуу хоолой гэдгийг олон жил сөрөг хүчин байсан тэр сайн мэдэх учиртай. Арга ядахдаа л засгийн гадна гарсан юм байгаа биз дээ.
Эдийн засгийн байдал уруудсан энэ үед нэр бүхий сайд дарга нарт хариуцлага тооцох тухай асуудал яригдаж, тэр ч бүү хэл Засгийн газрыг огцруулах тухай ч удаа дараа шаардлага хүргүүлэв. Ерөнхийлөгчөөс нь хуулийн төсөл өргөн барилаа. Н.Алтанхуяг ёстой л Ц.Элбэгдорж гэж хэн, юу юм бэ л гэж байна. Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад томилох тухай асуудал яригдахад Ерөнхийлөгч хориг тавьсан. “Алтангадас”-чууд энэ хоригийг ч үл тооно, харж байгаарай. Энэ хэрээр Ц.Элбэгдорж гэж нэг хүчгүй нөхөр, Ерөнхийлөгч сэтэртэй билгэ тэмдэг төдий болж харагдаж байна, ард түмэнд.
Өчигдөр гэхэд л Н.Батбаярыг огцруулах, Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хамтарсан байнгын хорооны хуралдаан 09.00 цагт зарлагдсан боловч ирц хүрээгүй улмаас хугацаагаар хойшилсон. Үдээс хойш хуралдана гэсэн боловч мөн тодорхойгүй шалтгааны улмаас замхарсан. Энэ нь зүгээр нэг ирц хүрээгүй хэрэг биш. Өнөөх л Н.Алтанхуягийн хайрцагласан улстөр яваад байгаа нь тэр.
Н.Алтанхуягийн хайрцгаар явбал хэн ч огцрохгүй, цааш явна. Улс орны эдийн засгийн байдал, нийгмийн амьдрал улам уруудна. Айсуй хугацаанд Н.Алтанхуягийн хайрцагт багтсан, түүнийг хамгаалсан бүлэглэл хагартлаа цадаад 2016 онд хүссэн хүсээгүй тахимаа өгнө. Айсуй сонгуульд АН ч ард түмнээс ямар дүн авах нь тодорхой. Өөрсдөө үүнийгээ мэдэж байгаа мэт буруу бүхэнд улайрч сууна. Ямар даргыг даврааж байсандаа харамсаж, толгой руугаа шаах цаг ойрхон байна. Хагартлаа баяжсан Н.Алтанхуягийн хайрцагны нөхдөд бол юуны хамаа байхав. Офшшор бүсэд мөнгө байршуулчихна. Гадаад оронд дуртай үл хөдлөх хөрөнгөө худалдаад авчихна гээд санаа зовох зүйл өчүүхэн ч алга. Өнгөн талаас нь бодвол балай даргаасаа болж АН өөрөө хохирч үлдэнэ. Цаад утгаараа бол ард түмэн, Монгол Улс хохирч үлдэнэ. Ийм л замаар бид явж байна. Хэрвээ эрх баригчид жаахан ухаан сийлээд алдаагаа энэ хүргээд засчих юм бол өөрсдөд нь ялалт үгүй юм гэхэд гайгүй хэдэн суудал оногдож мэднэ. Одоо тэдэнд үлдсэн ганц найдвар бол Х.Баттулгыгаа дэмжих. Түүнчлэн түүнийг сөрөг хүчинтэй зуузай холбуулах л ганц арга зам байна. Н.Алтанхуягийн хайрцгаар явах юм бол хэн ч огцрохгүй, Монгол Улс дууслаа л гэсэн үг.
Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл Монгол Улсын гадаад өр хэр хэмжээнээс хэтэрсэн. “Өрийн удирдлагын тухай хууль”-ийг баталж байж өр нэмэх тухай асуудал ярьж байна. Хэрвээ батлахгүй бол хэзээ мөдгүй нууц байдлаар мөнгө оруулж ирэх тухай баттай эх сурвалжийн мэдээлэл бий. Хуулийг батлахгүй л бол мөнгө оруулж ирэх нь тодорхой. Нууц байдалд мөнгө оруулж ирнэ гэдэг улс орон, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл улс орноо худалдаж байна гэсэн үг. Ингэхээр Монгол Улс дууслаа л гэсэн үг.
С.Баяр
URL: