САНАЛ ХУРААЛТАД САВЛАГАА ҮҮСГЭЖ МЭДЭХ АЛБАН БУС БҮЛЭГ
УИХ дахь бие даагч гурван гишүүн хийгээд “Шударга ёс” эвслийн дөрөв, Ардчилсан намын төдий тооны гишүүд нийлэн парламентьш албан бус бүлэг байгуулах болсноо С.Ганбаатар гишүүн мэдэгдсэн. Парламентад хуулийн хүрээнд байгуулагдсан гурван бүлэг байдаг. Угаас Улсын Их Хурлын тухай хуулиар сонгуульд оролцсон нам, эвсэл наймаас дээш суудал авсан тохиолдолд бүлэг байгуулах зохицуулалттай. Энэ хүрээнд байгуулагдсан нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж, сонгогдсон гишүүд орно гэсэн заалт байдаг. Тиймээс албан бус хэмээн нэрлээд буй дээрх бүлэг УИХ-ын аливаа асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхгүй гэсэн үг юм.
С.Ганбаатар гишүүн уг бүлэгт Шударга ёс эвслээс дөрвөн гишүүн орохоо урьдчилж мэдэгдсэн гэж байгаа ч, Г.Уянгаас бусад нэр таамаг төдий гэнэ. Тэр тусмаа саяхан тус бүлгээс албан ёсоор гарч байгаагаа мэдэгдсэн Д.Батцогт гишүүн бол тас үгүйсгэж байгаа.
Харин Ардчилсан намаас Ж.Батзандан, Д.Болор нарын гишүүд орохоор санал зөвшилцсөн зүйл бий гэнэ. Энэ талаар Д.Болор гишүүн “УИХ-д анх сонгогдсон залуу гишүүд долоо хоногт нэг удаа ч юм уу уулзаж санал бодлоо хуваалцаж байх юм. Аль нэг нь хууль санаачилсан бол тэр талаар саналаа хуваалцаж, нэг нэгийгээ дэмжинэ. Түүнээс биш улс төрийн зорилготой биш. Одоо байгуулагдах шатандаа явж байгаа, миний хувьд энэ клубыг дэмжинэ” хэмээн байр сууриа “дипломат”-аар илэрхийлсэн.
УИХ-д албан бус бүлэг нэг бий нь Л.Эрдэнэчимэг гишүүний тэргүүлдэг эмэгтэй гишүүдийн фракц.
Гэхдээ тэд УИХ-ын үйл ажиллагаанд төдийлөн нөлөөлөөд байдаггүй. Одоо байгуулагдаж буй албан бусаас ялгаатай нь Ардчилсан намын бүлгээс гол цөмийг нь бүрдүүлдэг. Харин энэ удаагийн албан бус энд тэндээс нэгдэж буй, жинхэнэ эрээвэр хураавар өнгө төрхтэй. Тиймээс одоогийн УИХ шиг намын бүлгийн нэгдсэн кнопоор шийдвэр гардаг жишигтэй үед санал хураалтад савлагаа үүсгэх талтай.
Тухайлбал саяхан Их хурлаар хэлэлцээд унагасан давхар дээлийн тухай санал хураалтад асуудал нэгхэн кнопоор шийдэгдэх шахаж байсан жишиг бий. Угаас парламент дахь олонхи, цөөнхийн суудлын тоо хол зөрөөгүй өнөө үед албан бус бүлгийн гишүүд байр сууриа хэний талд өгөхөөс шалтгаалж, УИХ дээр шийдвэр гарах нөхцөлийг албан бус бүлэг бүрдуулэх талтай юм. Одоогийн эрх баригч Ардчилсан намд “62-ын бүлэг” гэх гунигт түүх бий. Хоёр гуравхан суудлаар хүчний харьцаа зааглагдаж буй өнөө үед дээрх түүх давтагдахгүй гэж хэлэх баталгаагүй. МАН-аас бусад улс төрийн хүчин, бие даагчидтай хамтарч эрх барьж буй олонхи дотроос ийм бүлэг байгуулагдсан нь ч дээрхийг зөгнөх мэт.
Нэгэнт албан ёсны үйл ажиллагаа явуулж чадахгүй учир, УИХ дахь гурван бүлгийн аль нэгд тэд нэгдэж болно. Гэхдээ дотоодцоо эв зүйгээ олохоо байсан “Шударга ёс” эвслийн бүлэг энэ жагсаалт хамаарахгүй гэхэд болно.
Мөн энэ санаа олонхиос эхэлж “ургасан” болохоор Ардчилсан намын бүлэгт хүч нэмэх нь юу л бол. Тиймээс эрх ашгийн тохироо нь бүрдвэл албан бус бүлэг Ардын нам гэсэн “арми”-д алба хааж мэдэх л юм.
Б.ЭНХЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: