Бид өртэй биш харин зээлтэй

бондӨнөөдөр бараг хүн бүр зээлтэй гэхэд нэг их буруудахгүй байх. Энэ зээл нь орон сууц, машины гээд янз бүрийн хэлбэрээр санхүүгийн боломжиндоо тулгуулан авсан тухайн хүнд хөрөнгө болоод үлдэх зүйл юм. Та зээлээ төлөхөөр сар бүр цалингаас тодорхой мөнгийг суутгуулж байгаа учраас тийм ч муу зүйл биш. Гэхдээ мэдээж их хэмжээний зээл таныг санхүүгийн хувьд тогтворгүй болгоно гэдгийг анзаарах хэрэгтэй л дээ. Харин өр гэдэг бол асуудал шүү.

Санхүүгийн хувьд нэгэнт төлж чадахгүй болсон зүйлийг өртэй гэж үздэг. Тэгээд ч барагдуулж чадахгүй бол шүүхийн шийдвэрээр албадан төлүүлэх арга хэмжээ авдаг хуультай. Тэгэхээр эдийн засгийн онолынхоо хувьд өр гэдэг өөр ухагдахуун, зээл нь тэс ондоо ойлголт. Манай улс анх удаагаа олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.доллар босгож үүнийгээ аль хэдийнээ эдийн засгийн эргэлтэнд оруулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна.

Түүнийгээ Чингис бонд хэмээн нэрийдсэн. Яг үнэндээ энэ бонд бол өр биш юм аа. Тэгээд ч өр биш гэдгийг эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй хүн бүр ойлгож хүлээж авсан билээ. Гэтэл зарим УИХ-ын гишүүд үүнийг зориудаар, нийгэмд буруу ойлголт төрүүлэх гэсэн аястай өр хэмээн цуураад байх юм. Уг нь бол бид эдийн засгийн хөгжлийг тулах цэг болгож байгаа бондын бодлогыг дэмжээд явах нь зөв юм. Түүнээс энэ чинь өр хэмээн гоочлох нь амархан л даа. Банкны хэллэгээр бол авсан зээлээ төлж чадахгүй, хугацаа алдсан, боломжгүй болсон тохиолдолд чанаргүй зээл буюу өнөөдрийнхөөр өр гэж хэлж болох байх.

Гэтэл мөрөөрөө зээлээ төлөөд явж байгаа тохиолдолд өр гэж хэлэх нь өрөөсгөл ухагдахуун. Амьдрал дээр хүртэл хүмүүс өр, зээлийг өөрөөр ойлгож ярьдаг. Хоёр өрөө байрны лизинг банкнаас авсан хүн “зээл авлаа” гэдэг болохоос “өр тавилаа” гэдэггүй.
Аливаа их мөнгөний араас байнгын хардлага, шүүмжлэл, хэл ам дагаж явдаг хойно, бондын мөнгөөр “боодог” хийчих вий гэж хардах хүмүүс цөөнгүй. Чингис бондын хөрөнгийг зуун хувь улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад зарцуулж байгаа нь өмнөх явдлуудаас 100 хувь илүү гэсэн үг. Байгалийнхаа баялгийг барьцаанд тавьж авсан зээлээ “Эх орны хишиг” нэрээр Эрээний бараа болгосонтой харьцуулахад энэ зээл монголчуудын ирээдүйн сайн сайханд зориулагдаж байгаа юм. Чингис бондын зарцуулалтын 77 хувь нь одоогоор олон нийтэд ил тодорхой болчихоод байгаа. Үлдсэн 23 хувь нь шаардлагатай бөгөөд стратегийн ач холбогдол бүхий салбаруудад хөрөнгө оруулалт байдлаар зарцуулагдана гэдгийг Ерөнхий сайд хэлж байсан.

Тухайлбал, Бондын хөрөнгөөр 12 аймгийн төвийг нийслэл хоттой холбох 1800 км авто замд 570 тэрбум төгрөг зарцуулахаас өнөөдрийн байдлаар 855 км авто замыг тавьжээ. Зам дагаж хөгжил гэдэг. Хэдхэн жилийн өмнө Завхан орохын тулд замдаа 3-4 хонодог байлаа. Тэгвэл одоо өглөө гараад маргааш оройдоо л орчихдог болсон. Нийслэлийн авто замын 33 уулзварыг шинэчлэх, зарим зам, хурдны замуудыг хийж гүйцэтгэхэд нийт 200 орчим сая ам.доллар зарцуулахаар төсөвлөснөөс өнөөдрийн байдлаар 18 уулзварыг ашиглалтад оруулж, 34 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Улаанбаатарчуудыг хамгийн их стресстүүлж, цаг хугацааг, эдийн засгийн хувьд ч сөргөөр нөлөөлдөг нэг том асуудал бол замын түгжрэл. Энэ асуудлыг бондын хөрөнгөөр шийдвэрлэж, ингэснээр нийслэлийн замын ачаалал 30 хувиар буурах гэсэн. Улаанбаатарын хувьд өнөөдөр бас нэг эмзэг асуудал нь агаарын болон хөрсний бохирдол болчихоод байгаа. Тиймээс нийслэлд долоон орон сууцны хороолол, 10 гэр хорооллын цэвэр бохир ус, цахилгаан дулаан, инженерийн шугам сүлжээг бондын хөрөнгөөр шийдвэрлэх юм. Өнөөдрийн байдлаар нийт 416.8 тэрбум төгрөг зарцуулахаас 60.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа аж. Монгол мал аж ахуйн орон ч гэлээ, ихэнх бараагаа импортын бүтээгдэхүүнээр хангадаг. Иргэдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахын тулд бондын хөрөнгөөр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж буй. Тавантолгой-Сайншанд-Чойбалсан, Таван-толгой-Гашуунсухайтын чиглэлд нийт 1800 км төмөр зам барихаар Засгийн газар төлөвлөөд байгаа. Энэ ажилд тодорхой хэмжээний хөрөнгийг бондоос гаргана.

Одоогийн байдлаар нийт ажлын 20 хувь нь хийгдээд байгаа бөгөөд 2015 онд гэхэд ашиглалтанд оруулах гэсэн. Монгол Улсын өнөөдрийн хөгжлийн загвар уул уурхай, дэд бүтэц дээр тулгуурлаж байгаа. Үндсэндээ уул уурхайн нөлөөгөөр дотоодын эдийн засагт өсөлт ажиглагдах болсныг үгүйсгэх аргагүй юм. Тэгэхээр уул уурхайн экспортыг Монголын хувьд тогтвортой орлогын эх үүсвэр болгох шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт экспортын 25.3 хувийг нүүрс, 21.9 хувийг зэсийн баяжмал, 15.4 хувийг төмрийн хүдэр тус тус эзэлж байна. 2011 онд эдийн засгийн бодит өсөлт түүхэн дээд 17.5 хувьд хүрэхэд хамгийн гол нөлөөлсөн зүйл нь нүүрсний экспортын хэмжээ 21.2 сая тоннд хүрсэнтэй шууд холбоотой юм. Монгол Улс өдгөө “Нүүрс, зэсийн орон” гэсэн хөгжлийн шинэ загварт шилжээд байгаа.

Чингис бондын хөрөнгөөр хийгдэж эхэлсэн Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замаас гадна Тавантолгойд 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ төслүүд хэрэгжих аваас Тавантолгойн үйл ажиллагаа эрчимжиж, тэр хэрээр экспортын орлого нэмэгдэж, улсын төсвийн орлого зузаарна.

Эцэст нь хэлэхэд манай түшээд ч гэсэн өр зээлийн тухай ойлголтоо нэг тийш нь болгомоор байна. Хуулийн төслийнхөө нэрийг хүртэл өрийг удирдана гэнэ үү. Өр бол ямар ч удирдлагагүй болсон зүйл. Харин түүнийхээ оронд зээлийн удирдлагын гэвэл яасан юм бэ.

 

П.ДӨЛГӨӨН /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих