Эрдэнэт хэмээх эрдэнэсийн сав
“Амьдрал тааруухан байна” гэсэн үг гудамжаар сонсогдсоор байгаа ч үнэндээ сүүлийн хэдэн жил манай эдийн засаг гайхамшгийг үзүүлж байна. Дэлхий нийтээрээ эдийн засгийн “гутрал”-д ороод байсан 2010-2012 онд эсрэгээрээ бид “гялалзаж” байлаа. Экспортын орлогын 80 гаруй хувийг алт, зэс, нүүрс, газрын тос гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүн “үүрч” байгаагаас манай эдийн засгийг чухам хэн авч явааг харж болно. Тэр дундаа зэс, нүүрсийн эзлэх хувь хамгийн өндөр.
Ерээд оны шуурганаас “эсэн мэнд” үлдсэн хэдхэн төрийн өмчит үйлдвэрийн газар байдаг. Эдгээрээс стратегийн шинж чанараараа хамгийн чухалд тооцогдох, чухамхүү биднийг нэгэн үе дангаараа тэжээж байсан үйлдвэр бол “Саалийн үнээ” хэмээн нэрлэгдсэн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК юм. Сүүлийн 10 жилийн дунджаар улсын төсвийн орлогын 25 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн нь үүнийг гэрчилнэ. Тус үйлдвэр нь зэс, молибдений хүдэр олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм.
Одоогоор тус үйлдвэрийн МТХХ (материал, техник хангамжийн хэлтэс) нь үйлдвэрийн хэмжээний нийт худалдан авалтыг хариуцан ажилладаг.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн худалдан авалттай холбоотой хэдэн тоо баримтыг дурдвал:
• Сүүлийн 3 жил нийтдээ 1500 худалдан авалтын гэрээ хийсний 1270 гэрээ нь дотоо-дын бэлтгэн нийлүүлэгчидтэй, 230 нь гадаа-дын бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ байна.
• Нийт гэрээний үр дүнд жилд дунджаар 14500 нэр төрлийн бараа материал, техник технологи, хангамжийн зүйлс худалдан авсан.
• Дээрх нэр төрлийн зүйлсийн 1120 нэр төрөл нь нийт худалдан авалтын дүнгийн 91 хувийг эзэлдэг нь ихэвчлэн үйлдвэрлэлийн түүхий эд материал, хангамжийн зүйлс болон үйлдвэрлэлд ашиглах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл байна. /Шатахуун, хүнд даацын машин механизмын сэлбэг хэрэгслүүд, тэсэлгээний материал гэх мэт/ Нийт худалдан авалтын 66 хувийг дотоодын бэлтгэн нийлүүлэгчидтэй, 34 хувь нь гадаадын бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсэн байна.
“СААЛИЙН ҮНЭЭ”-НИЙ МААНЬ ДЭЛЭН ЧИНЭРЭЭД БАЙНА УУ?
Сүүлийн 3 жилийн хандлагаас харахад тус үйлдвэр нь худалдан авалтаа бууруулах төлөвтэй байгаа нь бараа материал, хангамжийн зүйлсийн асар их үлдэгдэлтэй байгаатай холбоотойгоор шинэ удирдлагуудын авч буй арга хэмжээний үр дүн юм. Гэвч худалдан авалтаа бууруулахаас гадна худалдан авалтын хэрэгцээ шаардлагыг сайтар харгалзан үзэх нь чухал мэт. Тус үйлдвэр нь хангамжийн материалын хэрэгцээг тодорхойлохдоо ажилчин нэг бүрээс шугаман удирдлагуудаар дамжуулан хэрэгцээт хэмжээг тодорхойлдог бөгөөд уг тогтолцооны сул тал нь цаг үеийн хэрэгцээнээс давсан худалдан авалт хийж, нөөцийн илүүдэл давхарга үүсгэж байгаа явдал юм. Үүнээс гадна худалдан авалтыг шуурхай хийхийн тулд бэлтгэн нийлүүлэгчдэдээ зах зээлийн үнээс өндөр үнэ санал болгодог нь зардлын үр ашигт байдлыг бууруулж байгааг дурдах нь зүйтэй болов уу.
Дээрх мэдээллүүдээс харахад асар их хэмжээний хэрэгцээгээ тодорхойлох систем нь нилээдгүй үрэлгэн байдлыг бий болгож байх шиг санагдаж байна.
НИЙТЛЭЛЧИЙН САНАЛ
Нийтлэлч, нөгөө талаар судлаач миний бие саалийн үнээгээ бордож таргалуулах, үр шимийг нь бүрэн дүүрэн хүртэхэд тус болох дараах санал зөвлөмжийг гаргав:
Үйлдвэрлэлийн байгууллагын хувьд бараа материалын зүйлс нь хамгийн чухал нөөцөд тооцогддог бөгөөд зардал, орон зай болоод цаг хугацааны багтаамж ихтэй нөөц болохын хувьд байнгийн хяналттай байхыг шаарддаг учир зориулалтын програм хангамжийг нэвтрүүлсэнээр хяналт сайжрах юм.
Бараа материалын, тэр дундаа хангамжийн материалын илүүдэл нөөц ихээр үүсэж байгаагийн гол шалтгаан нь ажилчид, алба, хэлтэс, нэгжүүдийн шаардаж буй хэрэгцээ нь тэдний бодит хэрэгцээнээс давдаг явдал юм. Тиймээс ажилчдын эрхэлж буй ажлын шинж чанартай уялдуулан, өнгөрсөн тайлант хугацаануудын үр дүнд суурилан албан тушаал бүрийн хувьд хэрэгцээт хангамжийн материалын нормыг тогтоох нь уг асуудлыг шийдвэрлэх зөв зүйтэй гарц нь байж болох юм.
Худалдан авалтын үйл ажиллагааг хариуцаж буй менежерүүд хоорондын мэдээллийн уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ хөндлөнгийн хяналтыг сайжруулсанаар бараа материалын худалдан авалтын үнийг зах зээлийн үнэтэй ойролцоо түвшинд барих боломжтой юм. Өөрөөр хэлбэл хэт өндөр үнээр бараа материал худалдан авах нь байгууллагыг маш үрэлгэн байдал руу түлхэж, үр ашиггүй зардлыг нэмэгдүүлэх сөрөг талтай бол хэт доогуур үнээр бараа материал худалдан авах нь байгууллагын нэр хүнд, бүтээгдэхүүний чанар, бэлтгэн нийлүүлэгчидийн найдвартай байдалд сөргөөр нөлөөлөх хор уршигтай юм.
Судлаач нийтлэлч миний дэвшүүлсэн эдгээр санал зөвлөмжүүд нь байгууллагын бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхид тохирно хэмээн найдаж байна.
Ш.ДЭМБЭРЭЛ
URL: