Э. БАТ-ҮҮЛ ТАНАА ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ
Юуны өмнө амрыг чинь эрж, эрхэлж байгаа ажилд чинь амжилт хүсье.
Чи бид Ардчилсан хөдөлгөөнд хамт оролцож, гол цөмийг нь бүрдүүлж, нэг санаатай, оволзсон халуун сэтгэлтэй явсныхаа хүчинд амжилтанд хүрсэн тэр цагаас хойш хорь гаруй жил өнгөрч, их ч юм өөрчлөгджээ. Хэдийгээр гол цөм гэдэг дотор дагуулж, хошуучилж намирсан, дагаж дууриаж явсан нь хамт багтаж байсан боловч, тэр тусмаа дагуулж намирсны нь дотор би байж, дагаж явсны нь дотор Элбэгдорж та хоёр багтаж байсан боловч би хувьдаа ингэж ялгах дургүй. Гэхдээ ялгахаас өөр аргагүй үе бас байх юм, учир нь өнгөрсөн хориод жилийн дотор хамгийн их өөрчлөгдсөн хүмүүсийн нэг нь чи.
Ардчилсан холбоонд тээр хойно гуйж орж ирчихээд, анхны цуглаанд ч оролцолгүй бултаж, шившгээ дэлгэж явсан чи өнөөдөр өөрийнхөө хулчгар зан, дутуу ухаан, дундуур соёлоо ихэрхэг, мэдэмхий зангаар далдалж, даруу зан гээчийн тухай ор тас мартаад, байгуулаагүй гавъяа, хийгээгүй үйлсээ дэвэргэн магтахад бүхнээ зориулдаг нэгэн болжээ. Чи дөчин мянгатын атаман байгаагүй, далжиганаж байгаад зодуулчихаараа цагдаад гомдоллож, заргалддагаараа л нэртэй байсан. Чамайг ганц өшиглөчихснөөс болж шүүхээр таслагдаж, ял эдэлсэн хүн одоо ч байж л байна, адгийн муу би хүртэл чамайг шөргөөснөөсөө болж хорин таван төгрөгөөр торгуулаад салсныг чи мартаагүй л байх.
Даварчихаад, “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөр хэдэн залуучууд байгаль хамгаалах тухай л ярьсан, харин би тэднийг улс төрийн чигтэй болгосон гэж халихыг чинь сонсоод хэлэх ч үг олсонгүй. Дарьсүхбаатар, Чимидийн Энхээ тэргүүтэн ойн цагдаа нарын холбоо байгуулах гээд ухнатаж байхад нь Владимир Ильич Бат-Үүл гуай ирээд л чиг замыг нь зааж ухааруулсан юм биз дээ? Тэгж ярих юм бол улс төрийн байгууллага байгуулахад чамаас илүү түлхэц үзүүлсэн мөртөө өнөөдөр таг даруу явж байгаа хүн бий. Анх зөвлөгөөн дээр бид улс төрийн байгууллага байгуулах санааг дэвшүүлэх үеэр эргэлзэж байсан хүмүүс цөөнгүй. Тэд өөрчлөн байгуулалтын хүрээнд асуудал аяндаа шийдэгдэж магадгүй гэсэн санааг зөвлөгөөний индэр дээрээс дэвшүүлж, эрх баригчдад уриалах талыг барьж байсан юм. Тэр үеэр драмын найруулагч Баатар /одоо УГЗ/ огт өөр хүний нэр дуудсаныг далимдуулан индэр дээр гарч ирээд:
-Та нар энэ эрх баригчдаас гуйгаад ямар ч нэмэр байхгүй. Эд нар та нарын үгийг нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөрөө гаргана, эд нар юуг ч өөрчлөхгүй, өөрчлөх чадвар ч байхгүй. Залуучууд өөрийнхөөрөө л яв.- гэж билээ. Энэ үг эргэлзэж байсан хүмүүсийг /бид дотроо тэднийг “умеренные радикалы” гэдэг асан/ дор нь эргүүлснээр МоАХ-ны эх үүсвэрийг тавьсан юм. Тэхээр “би эднийг улс төрийн замд оруулсан” гэж хэлэх эрх чамаас илүү, одоо бараг тэгж хэлж байснаа ч мартчихсан байж магадгүй Баатар найруулагчид бий шүү.
Ардчиллын нэрийн дор зөвхөн өөрийнхөө нэр төр, хангалуун амьдрал, албан тушаалын төлөө явсаар байгаад, сүүлдээ ардчилсан хөдөлгөөнийг үүсгэгч бидний хамгийн их шүүмжлэн тэмцэж байсан шударга бус зүйлүүдийг бүгдийг нь шат дараалан сэргээсэн тэр хүчний манлайд чухамдаа Элбэгдорж та хоёр л явсан шүү дээ. Ардчиллын тухай ямар ч ойлголтгүй байхдаа /чи Ардчилсан хөдөлгөөн эхэлсэн хойно орж ирсэн гэдгийг дахиад сануулъя, Элбэгдоржийн хувьд Ардчилсан хөдөлгөөний эхний үед юунд орчихоод, юуны төлөө явж байгаагаа огт ойлгохгүй явсан гэдгээ номон дээрээ дурдсан юм чинь давтаад яах вэ/ Ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд гарч ирсэн та хэд ерөөс ардчилал гэдэг нь хувийн ашиг завшааныг нэн тэргүүнд тавихыг л хэлдэг юм байна гэж ойлгоод, хэрэгжүүлээд эхэлсэнд л өнөөгийн ардчиллын эмгэнэл оршиж байгаа юм. Энэ үйл ажиллагаа чинь дангаараа жирийн тэнэгтэл мэт боловч өнөөгийн улс төр, нийгмийн амьдралд буруу, халдвартай үлгэр, загвар, жишиг болгож тогтоосон нь та нарын хамгийн том нүгэл мөн.
Дэлхий даяар хамгийн шударга, хүнлэг гэж үнэлэгдэн зөвшөөрөгдсөн ардчилсан хууль ёсыг хүртэл хамгийн хүнлэг бус, хууль бус үйлдлүүдийг хамгаалах, улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож хувиргасныг чинь юу гэх вэ? Ардчилсан хөдөлгөөний эхэн үед хамгийн их тэмцэж байсан боловч та нар эрх мэдэлд хүрэнгүүтээ амь тариа хийн сэргээсэн төрийн хүнд суртлаараа халхавчлан, шударга ёсны замд чулуу овоолж, тэр чулууг зайлуулахын тул хувийнхаа хөрөнгө зоорийг шавхан ТББ байгуулж, цуглаан, жагсаал хийсэн шударга эх орончдын өөдөөс бууны нохойнуудаа турхирах болжээ.
Та нарын “Ардчилал” гэдэг нэрийн дор тэжээсэн “хувийн ашиг сонирхол” гэсэн өлөн нохойн цустай аманд нь наад захын соёл, үнэнч нөхөрлөл, шударга ёс, тэр бүү хэл садан төрлийн холбоог ч ямар ч эргэлзээгүйгээр хаяж өгдөг боллоо. Энэ нохойг та нар төрүүлээгүй бол нийгмийн амьдрал хэдийнэ голдрилдоо ороод, бид бүгдээрээ ардчиллын үр шимийг хүртээд, тайван сайхан амьдарч байх байсан даа гэж би үргэлж харамсдаг. Нийт ард түмэндээ хүртээхээр бидний зорьж зүтгэсэн эрх чөлөөний үр шимийг өнөөдөр чам мэтийн хэдхэн хувиа хичээгчид эдлэх болоод, харин жирийн иргэдийг төрийн анхаарал халамжийн гадна зөнд нь хаячихаад, түүнийгээ “бид та нарт эрх чөлөөг чинь олголоо шүү” гэж молиго үмхүүлэв. Энд ганц жишээ хэлэхэд хангалттай. Хувийн өмчийн эрхийг баталгаажуулах хүрээнд төрийн өмчийн зарим нэгжүүдийг хувьчлах асуудал яригдсаныг чи одоо санадаг уу? Социалист хөгжлийн үед байгуулсан аж ахуйн байгууллагуудын ашиг орлогыг хоёрдугаар зэрэгт үзэж, зөвхөн хэрэгтэй гэдэг үүднээс ханддаг байснаас тэр үед байгуулсан үйлдвэрийн нэлээд нь ашиггүй ажиллаж байсан, тэгж ч төлөвлөгдсөн байсан. Бид ярилцаад, хэрэв тийм нэгжүүдийг хувьчлах бол эхний ээлжинд техник, технологийн шинэчлэл хийхэд нь туслах зэргээр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хөл дээр нь босгох тухай ярьсан даа. Гэтэл ингэж хэрэгжүүлээгүйгээс хувьд очсон аж ахуйн нэгжүүд тэр дороо унаж, бутарч, өнөөдрийн ажилгүйдлийн эхийг тавьсан. Жирийн хүмүүсийг зах зээлийн нөхцөлд хөлөө олтол нь арга зүйн туслалцааг төрийн зүгээс байнга үзүүлж байх тухай ярьсан маань ч лөөлөө боллоо. Тэгвэл ажилгүй, ядуу хүний эрх чөлөө гэдэг ойлголт энэ дэлхийн бөмбөрцөг дээр байдаггүй юм.
Өнөөдөр америкийн улс төрчид, солонгосын үйлдвэрийн эзэд та нарын дотны найзууд болж, ардчиллын төлөө мөр зэрэгцэн тэмцэж байсан хүмүүс, бусад шударга эх орончид та нарын дайсан болж хувирсны цаад учир ердөө л энд байдаг шүү дээ.
Эцэг өвгөдийн маань байгуулж, ард түмний итгэл ухаанаар гагнагдан зуун зууныг туулсан монгол үндэсний төрт ёс, үндэстний онцлог шинж болон, гадныханд гайхагддаг асан тусч нөхөрсөг, цагаан цайлган сэтгэлийн хэлтэрхийнүүд сүүлийнхээ хоногуудыг өнгөрөөж байна. Хүнд өвчлөөд хоног хоногоор доройтсоор байгаа эх орноо хайрлаж, эдгээж, босгохын оронд, үлдээд байгаа сүүлчийн үнэт зүйл нь болсон газар шороо, байгалийн баялгийг нь хиртэй гараараа сүйтгэн хамж, америк, канад, хятад, солонгосчуудад найр тавин өгөөд, өөрийнхөө халаасыг түнтийлгэн, хилийн чанадад худалдан авсан үл хөдлөх хөрөнгөөрөө гайхуулах нь хэрээс хэтэрч байна. Үүнд чиний сэтгэл өвдөхгүй байна уу?
Бидний тунхагласан ардчилсан зарчим тэр даруйдаа маш олон хүний үзэл санаа, итгэл үнэмшил болж хувирсан. Тэд өөрсдийн нь анх төсөөлж байснаас шал өөр, “ардчилсан” гэдэг нэрээр халхавчилсан шударга бус явдалтай хожим нь олонтаа тулгарсан боловч ардчилсан үзэл санааны түүхэн үнэн зөвд итгэх итгэл нь мохоогүй өнөөг хүрчээ. Ийм хүчтэй үзэл санааг бид анх тавьж чаджээ гэдгээрээ бахархах нь зүй боловч, нөгөө талаас нь харвал энэ үзэл санаанд тулгуурласан нэгдмэл байдалд бидний үеийнхний хүч чадлаас гадна эмгэнэл оршиж байгааг харахгүй өнгөрөх аргагүй. Чухамдаа бидний үеийнхэн ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийг тэргүүлж, шилжилтийн үе болон өнөөгийн шударга бус явдал, хүнд суртал, ажилгүйдэл, ядуурал ноёрхсон цагийн хамаг хүнд бэрхийг нуруундаа үүрлээ.Бидэнд итгэж, дэмжээд, эцсийн бүлэгт хууртаж орхисон ард түмнийхээ өмнө би ч, чи ч адилхан хариуцлага хүлээх ёстой.
Өнөөгийн хуурамч ардчиллын үнэн төрхийг ганцхан жишээгээр хэлье. Тухайн үедээ биднийг эсэргүүцэж, ардчиллын өрнөлтөд саад учруулж байсан зарим хүмүүс өнөөдөр улаан ардчилагчийн дүрд тоглож, та нарт долигонож байгаад өндөр албан тушаалд хүрэх, “ардчиллын хөгжилд хувь нэмэр оруулсан” гэдэг үндэслэлээр төрийн дээд шагнал хүртэх явдал юу ч биш болсон байна. Бүр байчихаад, ардчиллын ач буянаар дээшээ гарч ирсэн энэ хэдэн дураакууд ардчилсан хөдөлгөөнийг анх зохион байгуулж, удирдахад гар бие оролцож явсан мань мэтийг хүртэл дэвсэлж, доромжилж, таашаал авдаг боллоо. Нэрээр нь хэлвэл нэлээд урт жагсаалт гарах тэднийг та нар л турхирч байгаа шүү дээ, худлаа гэх үү?
Ардчилсан нийгмийн хамгийн гол шинж гэж бидний тодорхойлж байсан нэг зүйл бол нийгэм өөрийнхөө хэрэгцээ, зардлын ихэнхийг өөрөө нөхөх чадвар байлаа. Тухайн үеийн МАХН-ыг бид үүгээр нь хамгийн их шүүмжилж, Зөвлөлтийн зээл тусламжгүйгээр өөрсдөө юу ч бүтээж чаддаггүй, гаргасан зардал, хүн амынхаа хэрэгцээг дотоодоосоо хангаж чаддаггүй, “байнгын угжтай”, “өлгийндөө өтөлсөн” нийгмийг байгуулсан гэж балбасаар байгаад унагаасан даа. Бид ардчиллыг бүтээн байгуулалт гэж харж байснаас биш, өмнө буй болгосон, барьж байгуулсан бүхнийг нураачихаад сэвсэн дээр нь майхан барьж, маангаа татаж амьдрах явдал гэж харж байгаагүйг энэ гэрчилнэ. Тэгээд яав? Монгол улс бусад улсаас, тэр дотроо бидний адилаар 90-ээд онд ардчилсан тогтолцоонд шилжсэн улсуудаас нийгмийн зардлыг өөрийнхөө бүтээн босголт, баялгийн үйлдвэрлэл, иргэдийнхээ хөдөлмөрөөр нөхөх чадвараараа улам хоцорч, гадны зээл тусламж, хөрөнгө оруулалтаас хараат байдал нэмэгдсээр байгааг статистик харуулна. Одоо болохоор өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн баялгийн сүүлчийнх болох ашигт малтмалаа харийнханд үнэгүй шахуу өгөх замаар хэсэгхэн хугацаанд ч гэсэн “статистикийн өнгийг хувиргаж” албан тушаалдаа үлдэх аргыг олсон юм биз дээ? “Зардлаа нөхөх чадвар” гэж бид энийг ч хэлээгүй л юм даа.
Гэх мэтээр яриад байвал их л юм байна. Гэхдээ үүнээс бидний ардчилсан зорилт огт биелээгүй юм байна аа гэсэн ганцхан дүгнэлт хийнэ. Ардчиллын төлөө анхнаас нь үнэнчээр зүтгэж, үүнд сэтгэл оюунаа зориулсан хүмүүс үүнийг хэлнэ, үнэхээр тэдний тухайн үед мөрөөдөж байсан зүйл одоо ч мөрөөдөл хэвээр үлдэж, ярьж байсан зүйлийн олонхи нь таг мартагджээ. Ардчиллыг цаашид улам гүнзгийрүүлэх, ололтыг нь түрүүлж далбаганасан хэдхэн хүнд биш, нийгмийн бүх давхрагынханд хүртээмжтэй болгох тал дээр хэрэгжүүлж байгаа бодлого, авч байгаа арга хэмжээ, шийдлүүд нь шинэлэг, сэргэг байдлаа хэдийнэ алдаад, хэн хүн авсаар ойлгохооргүй, ерөнхий, тархи угаах шинжтэй боллоо. Ажаад байхад бид өнөөдөр зөвхөн өмнөх үеийнхээ “баасыг цэвэрлэх” ажил л хийж байна. Хамгийн инээдтэй нь, энэ “баас” нь социализмын үеэс үлдсэн зүйл биш, чухамдаа ардчилсан өөрчлөлтийн үед л гарч ирсэн зүйл байх юм. Авилга, ажилгүйдэл, архидалт хэдийд нийгмийг хамарсан гамшгийн хэмжээнд хүрсэн юм бэ, тураалтай цэрэг, траншейны амьдрал гэдэг ойлголт хэдийг гарч ирсэн юм бэ гэдгийг чи үүр шөнийн оддоос нэг асуугаарай. Ардчилсан нийгмийн тогтолцоог гүнзгийрүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны үндэстэй гаргалгааг олж, нийгмийн өмнө үзэгдэхүйц, үнэмшигдэхүйц шинэ зорилтыг тавихын оронд “Одоо жаахан тэсчих, та нар ч бас бидэн шиг амьдрах цаг хариу мөдгүй ойрхон байна” хэмээн шилний цаанаас чихэр долоолгосоор хорин хэдэн жилийг ардаа хийжээ. Үүнээс үзэхэд та нар ардчилал гээч юмыг цааш яаж хөгжүүлэхээ мэдэхээ байгаад, харанхуйд тэмтчиж явдаг болжээ гэсэн ганц дүгнэлтийг хийж болно.
Чи бид нар анх ардчиллын төлөө тэмцэж байхдаа мэдээллийн өлсгөлөнд хатаж байсан. Бид наашаа гэсэн хүн бүрийг сонсч, олдсон бүхнийг уншдаг байсан. Гэтэл ардчиллын нэр хүнд өсөхийн хэрээр та нар өөрсдийгөө бурхнаас заяагдсан онцгой тавилантай гэдэгт гэнэт үнэмшиж, хэн нэг хүн ардчилсан үзэл санааны тухай надаас илүү мэддэг байж болно гэсэн бодлоо хуу хамж жорлон руугаа хийчихээд эрдэмтэй мэдлэгтэй хүмүүсээс, тэр дотроо Ардчилсан холбоонд байсан арай дөмөг мэдлэгтэй, унаган гадаад хэлтэй, удам дамжсан сэхээтний хэсгээс зайгаа барин хөндийрч эхэлсэн нь бас үнэн. Өнөөдөр Ардчилсан тэмцлийн эхэн үеэс шахагдсан хүмүүсээ нэг бүртгээд үзээрэй, Бошигт гуай, “Малыш” Энхтүвшин, Нинжээс эхлээд Нэргүй доктор, философич Оюунбилиг, А.Мурат, би ч бас өртсөн. Тухайн үед би эд нараас илүү юмыг уншиж, сонссон байсан гэж чи хэлж чадах уу? Та нараас, ядахдаа орос хэл дээр улс төрийн ном уншаад ойлгочих чадвартай нь ганц Зориг байж, бусад нь паг, “дараас дэрийс”-ээс цаашгүй амьтад байсан, чи ч бас адил. Англи хэлний тухайд бол дурсаад ч хэрэгггүй. Би эхлээд гайхдаг л байлаа. Тэмцлийг хамт эхэлсэн нөхөдтэйгөө нийлж ардчиллыг цааш нь өрнүүлж, бэхжүүлэхгүй юм бол өөр хэнтэй нийлдэг хэрэг вэ гэж боддог байлаа. Намайг ардчиллын тухай ярихаар ам ангайгаад гайхан сонсдог байсан Элбэгдорж та хэдийг хэдийдээ ийм мундаг мэдлэгтэй болчихов оо гэдэг байлаа.
Гэтэл мэдлэгтэй болсондоо биш, ардчиллын төлөө тэмцэл ялалтанд хүрэх найдлагатай гэдгийг олж харангуутаа шинэ нөхцөлд эзлэх өөрийнхөө байр суурь, тав тух, албан тушаалын тухай бодож эхэлсний анхны шинж тэгж илэрсэн юм билээ. За яах вэ, биднийг явуулж, та нар бидний эхэлсэн зүйлийг үргэлжлүүлж чадсан уу? Үгүй шүү дээ. Элбэгдорж та хэд эрдэм ухааныхаа савыг ёроолд нь хүртэл шавхаад шавхаад, шинэ коммунист үзэл санаанаас өөр олигтой юм гаргаж ирж чадаагүй. Үүгээрээ та нар Коминтерний Монгол дахь хамгийн сүүлчийн төлөөлөгчид, өөрсдийгөө ил зарласан хамгийн сүүлчийн коммунистууд болж түүхэнд үлдсэн. Азаар ард түмэн, ялангуяа сэхээтний давхарга үүнийг хүлээж аваагүй. Үүнээс хойш хорин хэдэн жил өнгөрсөн ч чи биднээс сурсан “ард түмний эрх ашиг” гэдэг үгнээс өөр ардчиллын үзэл санааг зөв илэрхийлэх ганц үг цээжилж чадсангүй. Гэхдээ “миний л зөв” гэдэг булчирхай чинь энэ хугацаанд зогсолтгүйгээр, дээд цэгтээ хүртэл хөгжиж ирснийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнээс болоод ардчилсан тогтолцооны хөгжил зогсонги байдалд орж, ардчиллын үр шимийг нийтээр хүртэх, тэр дундаа баялаг бүтээгчдийн тоог нэмэгдүүлэх замаар хуримтлал үүсгэж, шударгаар хуваарилах гэх мэт тулгамдаад байгаа асуудлууд өөрийн гэсэн шийдэлгүй өнөөдрийг хүрлээ.
Монгол улс гайгүй хөгжиж байсан хөнгөн үйлдвэрийн салбартай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжиж байсан орон байснаа одоо зөвхөн байгалийн баялагт дулдуйдан зүүний үзүүрт дөнгөн данган тогтох эдийн засагтай, амиа аргацаасан хэмжээнд хүртэл тарж жижгэрсэн үйлдвэрлэлийн салбартай, түүхий эдийг нь дотооддоо боловсруулж чаддаггүй мал аж ахуйтай, иргэдийн олонхи нь тохиолдлын наймаагаар гол зогоосон, соёлын түвшин нь тогтвортой доошилж, бие даасан тусгаар улсын улс төр, эдийн засгийн болон нийгмийн сэтгэл зүйн шинж нь байнга суларч байгаа орон болжээ. Үүнд ч чи бид нар адилхан буруутай, гэхдээ миний хувьд үнэхээр жинхэнэ, нийтэд хүртээмжтэй ардчилсан өөрчлөлтийг хүсч, эхлүүлснээрээ уучилж болох талтай байх. Харин чи? Намайг бодвол анхны сонгуулиас эхлээд төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө нэг ч удаа алдаж үзээгүй намын даргаас эхлээд хамгийн нөлөө бүхий албан тушаалуудыг хашиж, эрх барилцаж явсан чи энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийсэн юм бэ?
Бид эдийн засгийн тогтолцоог муутгах биш, сайжруулах л гэж өөрчилсөн, гэтэл өнөөг хүртэл үйлдвэрлэлийн нэг ч салбар /хямд үнээр баялгаа өгөөд өөрөө хоосон хоцордог уул уурхайн салбарыг эс тооцвол/ хөгжсөнгүй. Харин төрийн хөрөнгөөр хөлжиж баяжих өргөн боломжийг нээсэн нь одоо ч үргэлжилсээр. Үүнтэй тэмцэх тэмцлийг эхлүүлсэн нэр хэмээсэн боловч үүнийгээ өрсөлдөгчөөсөө улс төрийн өс хонзон авах арга болгож бүр ч дампууруулав.
Өмнө төрт ёсны мэдлэг багатай, төрийн үйл ажиллагааны соёл дутмаг хүмүүс эрх барьж байсныг бид буулгаж чадсан мөртөө эргээд, өмнөхөөсөө долоон дор, төрт ёсны мэдлэг, үйл ажиллагааны соёл огт байхгүй хүмүүст эрхийг нь өгчихжээ. Үүнийгээ ардчиллын ололт гэх үү?
Өнгөрсөн социалист нийгмийг бид их муулдаг. Муулах юм ч их байсан, гэхдээ тэр үед хүн амынхаа сонирхлыг нэг зүгт чиглүүлж, хүчийг нь нэгтгэж чаддаг байсныг хүлээн зөвшөөрөх нь зүй. Тэр үеийн хүмүүс коммунизмын ялалтад үнэн сэтгэлээсээ итгэдэг, түүнийг ойртуулахын тулд биеэрээ зүтгэх хүсэл эрмэлзэлтэй байжээ. Тэр эрмэлзлээрээ атар газрыг эзэмшиж, мал аж ахуйн салбарт илгээлтээр гарч, Дархан, Эрдэнэтийг босгож, дэлхийн хэмжээнд хүрсэн сонгодог урлагийн баазтай, спортын салбартай, шинжлэх ухаантай болсон.
Өнөөгийн монголчууд, яг тэр үед коммунизмын үзэл санаанд итгэдэг байсан шигээ ардчиллын үзэл санаанд итгэдэг боловч түүнд биечлэн оролцох сонирхолгүй болжээ. Өмнөх үеийнхэн энэ их үйлсэд би өөрийнхөө хувь нэмрийг заавал оруулах ёстой гэсэн итгэлд шууд хөтлөгддөг байсан бол, одоо яваад байгаа зам нь хаа хүрэх нь тодорхойгүй болсон учраас, магадгүй зарим хүмүүсийг ерөөс ардчиллын хөгжил дээд цэгтээ хүрчихсэн, үүнээс цааш явах газаргүй, явах шаардлагагүй гэсэн бодолд хүргэж орхисон учраас, зарим нь зөвхөн мөнгөнд хөтлөгдөх болсон учраас, хэдий итгэдэг ч гэсэн ардчиллыг хөгжүүлэх үйлсэд биечлэн оролцох ямар ч сонирхолгүй болсонд гайхах юмгүй. Өнөөгийнхөн зөвхөн өөрийнхөө ирээдүйг л бодож, хийснээрээ би бусдаас илүү баян, бусдаас илүү албан тушаалтай болно гэх найдлагатай л бол ажилдаа сэтгэл, хүчээ зориулахаас биш, “эх орон, ард түмэн” ч гэх шиг хаа хамаагүй юмны төлөө зүтгэх нь ичгүүртэй гэх үзэл баттай тогтлоо.
Нэг үгээр хэлэхэд монголын нийгмийг нэгтгэж, хүчийг нь төвлөрүүлж чадах, хүрэх арга зам, шат дараалал, хугацаа нь ойлгомжтой тодорхойлогдсон, шинжлэх ухааны үндэслэлтэй том зорилго байхгүй болжээ. Нийгэм нь өөрөө нэг зорилгын төлөө явж байгааг тусгаар тогтносон улсын хамгийн гол шинжүүдийн нэг гэж үздэг, энэ шинжээ бид алджээ гэсэн үг. Зорилгогүй болохоор хүмүүсийн идэвх мохож, амьдрал өөрөө сонирхолгүй болдог. Энэ нь ерөөс “нийгэм” гэдэг ойлголтыг задлаад, өөр өөрийн ашиг сонирхолд захирагдсан хувь хүмүүсийн цуглуулга төдий болгодог, энэ нь дагаад ар араасаа үргэлжилсэн ужиг хямралын эх үүсвэр болдог, энэ тохиолдолд эрх баригчид суурь суудлаа хадгалахын тулд дарангуйллын тогтолцоог бий болгодог. “Хоёр хоёрын дөрөв” гэдэг шиг хөдөлбөргүй, түүхээр шалгагдсан үнэн гэвэл энэ л байна даа.
Чи бол хүний нүдэн дээр л зогсоолдоо ирсэн тэх шиг архайж дархайж чадахаас биш нарийн дээрээ зурам шиг хулчгар амьтан, өөдгүй новш, албан тушаал, эрх мэдлийн төлөө хэнийг ч, тэр дундаа ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд чиний өмнөөс зогсож, цохилтын хүндийг өөр дээрээ авч байсан мань мэтийг ч хайрлахгүй гишгээд гарах хүн гэдгээ нэгэнт харуулсан. Гэхдээ чи бидний өнөөгийн харьцаа тэндээ л биз, ямар ч гэсэн бидний хамтын тэмцлийн дүн болсон ардчилал ийм байдалд хүрчихээд байгаа энэ үед чиний судсаар Монголын удам дамжсан, эх оронч сэхээтний цус гүйж байгааг санавал санах цаг боллоо. Чи худлаа ярьж явахаа түр ч гэсэн зогсож, орчин тойрноо нэг харж, ардчилал маань хаана халтирчихаад байгаа талаар бодох цаг болоогүй юу? Нэгэнт зогсчихоод байгаа ардчиллын тэргийг түлхэж, суучихаад байгаа намаг шавраас нь гаргахаар ханцуйгаа шамлах цаг ирсэн биш үү? Өнөөдөр чамд бий болсон бүхнийг дан өөрийнхөө эрдэм ухааны ач буянаар олсон биш, бидний бүгдийн оролцож явсан ардчиллын үр шимийг л бусдаас булааж, өөртөө төвлөрүүлж яваа гэдгээ дахин нэг санаж, хэрэв одоо цадаж ханасан бол ард түмэндээ энэ үр шимээс бага ч гэсэн хүртэх боломжийг эрж хайхад Ардчилсан нам, ардчилсан хүчний дунд босгосон нэр хүндээ ашиглах талаар бодох болсон юм биш үү? “Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гэж үг байдаг даа.
Чимидийн ЭНХЭЭ
URL: