Хар тамхины хэрэгт холбогдсон монголчууд суллагджээ
Гадаадад суугаа Монгол Улсын иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэлээд өссөн талаар холбогдох албаны хүмүүс хэлж буй. Тухайлбал, он гараад хагас жил хүрэхгүй хугацаанд манай улсын 122 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаархи мэдээлэл Гадаад харилцааны яамны Консулын газарт иржээ.
Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон дээрх иргэдийн дийлэнх нь хулгайн хэрэгт холбогдсон бол хил гаалийн журам зөрчиж, хориотой бараа нэвтрүүлсэн 19, танхайн гэмт хэрэг 12, хар тамхи хадгалсан хэрэгт нэг иргэн холбогдсон байна. Харин энэ хугацаанд 39 иргэн ялын хугацаа дуусан суллагдаж, албадан буцаагдах арга хэмжээний дагуу эх орондоо иржээ.
Түүнчлэн өнгөрсөн оны нэгдүгээр сард Малайзад хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдан шалгагдаж байсан манай улсын хоёр иргэний шүүх хурал тавдугаар сард болж, тэднийг суллах шийдвэр гаргасан байна.
URL: