Гэмт хэрэгтэнд ч амьд явах эрх бий
Андынхаа дурсгалд-Мөрдөнгийн 325 хоног
Хэлмэгдлийн хар шуурганаар анд минь
Хийгээгүй хэргийн гүтгэлгийг үл тэвчин
Билиг танхай, бардам монгол эр байсан анд минь
Биднээс түрүүлээд тэнгэр өөд одлоо
Хаврын адаг сарын шинийн 14-ний гал өдөр
Хавирга нэвт сийгсэн салхитай өдөр
Харанхуй шоронгийн чулуун шалан дээр
Хайран анд минь хорвоогоос халилаа…
Энэ бол “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр хамт хоригдож байхдаа амиа алдсан Д.Амарсайхан агсанд зориулж бичсэн шүлгийн эхлэл. Өнгөрсөн өдрүүдэд энэ шүлэг цахим ертөнцөд хурдтай түгэж, хүний эрх шоронгийн хүйтэн шалан дээр хөсөр хаягдсан энэ явдлыг мартах ёсгүйг сануулсаар байна.
Бид бусдын гэм бурууг шүүх эрхгүй. Хийсэн хэрэг, гэм бурууг нь тогтоож, шийтгэл оногдуулах эрх зөвхөн шат шатны хуулийн байгууллагад бий. Гэхдээ хуулийн байгууллага тэр эрхээ зөвхөн Монгол Улсын хуульд нийцүүлэн эдлэх үүрэгтэй. Тиймдээ ч бид тэдэнд бас хуулиндаа итгэдэг.
Энэ удаад хэн нэгний хийсэн хэрэг, учруулсан хохирол, шийтгүүлсэн ялыг бичих гэсэнгүй. Зөвхөн хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм хаачив гэдгийг асуух гэж байна.
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих ангид амиа алдсан явдлын хариуцлагыг ШШГЕГ-ын дарга Д.Ядамдоржид үүрүүлж, албан тушаалаас нь огцрууллаа. Ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага хүлээх нь зөв гэж олон нийт үзэж байна. Харин энэ явдлын жинхэнэ буруутан нь хэн бэ гэдгийг шүүн тунгаасангүй. Д.Амарсайхан агсны өмгөөлөгчид шүүх байгууллагад худал санал хэлсэн прокурор хариуцлага хүлээх ёстойг хэвлэлээр сануулсаар. Өнөөдөр болох шүүх хурлыг ч тэд дахин эсэргүүцнэ гэдгээ хэлжээ. Үнэндээ энэ явдлын цаана мөсөн уул мэт нуугдаж үлдсэн шат шатны хуулийн байгууллагын ялзрал, завхрал дахиад яригдсангүй үлдлээ. Хариуцлага хүлээх жинхэнэ хүмүүс нь дахиад л нуугдаж чадлаа. Эцсийн дүндээ бидний байгуулсан ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгэм үнэн төрхөө гээчихэж.
Зүрхний хагалгаанд ороод хоёрхон хонож байсан хурандаа О.Зоригтыг тэргэнцэр дээр өргөж суулгаад, элэгний хагалгаа хийлгээд удаагүй байсан генерал Ч.Амарболдыг дамнуурган дээр хэвтүүлээд шүүх хуралд нь хүчээр авч явж байсан нь хоёр жилийн өмнө. “Бид үнэхээр хүчгүйдэж байна. Миний бие үнэхээр хүнд байна” гэж арай ядан сэтгүүлчдэд хэдэн үг хэлж амжсан хурандаа О.Зоригтын шаналалт царай хэвлэлд хэрхэн гарсныг бид мартаагүй. Саяхан “Жаст” группын захирал Ш.Батхүүг 461 дүгээр хориход есөн сар суулгасны эцэст сахарын өвчин нь ихэд сэдэрсэн шалтгаанаар нэгдүгээр шатлалын эмнэлэгт шилжүүлж, батлан даалтад гаргалаа. МИАТ-ийн экс дарга нар ч 461 дүгээр ангид хоригдсоныхоо дараа өвчин нь сэдэрч, эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байгаагаа уламжилж байсан мэдээлэл бий. Д.Амарсайхан агсны төрсөн ахынх нь хүү 29 настай Ц.Чандмань гэх залуу өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус ангид хоригдож байна. Түүнийг бөөрний дутагдалтай гэсэн оноштойгоор батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгчид нь удаа дараа АТГ-д тавьсан ч зөвшөөрөл олгохгүй байгаа гэнэ. Анддаа зориулж хорихоос шүлэг бичсэн “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр мөн л хүнд өвчтэй байгааг хэвлэлүүд мэдээлсээр. Цагдан хорих ангиудын орчин нөхцөл тааруугаас хүний эрүүл мэнд муудсаар байгааг олон баримтаас ийнхүү харж болно. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хүний амьд явах, эрүүл байх эрхийг ингэж боогдуулж байгаа юм чинь ял авчихсан хоригдлуудын орчин нөхцөл ямар байдаг бол. Тодорхой хэмжээнд олны танил, дээгүүр албан тушаалтангууд хоригдоод өвдсөн тохиолдолд нийгэмд мэдээлэл нь харьцангуй хурдан ирчихэж байна. Тэгвэл тэдэн шиг, тэднээс ч дор нөхцлд зовж шаналж, хорихын шалан дээр амиа тавьж буй хэдэн хүн байгаа вэ. Сүүлийн 10 жилийн судалгаагаар хорих байранд амь насаа алдсан хүний тоо 210-т хүрч, он гарсаар таван хүн хориход нас барсныг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат мэдээллээ. Тэдний дийлэнх нь сүрьеэ, зүрхний шигдээс, бөөрний дутагдал, чихрийн шижин өвчний улмаас амиа алдсан юм. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн мэдээлснээр 2013 онд нийт 650 өргөдөл гомдол тус байгууллагад ирснээс 289 нь хорих, цагдан хориход хоригдож байгаа хүмүүсийнх байсан байна. 2014 он гарснаас хойш нийт 282 өргөдөл ирсний 134 нь хорих анги, урьдчилан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсээс ирсэн байжээ.
Хангалттай баримт байсаар байтал бид нүдээ аниад, чихээ таглаад хүнлэг сайхан нийгэмд амьдарч байгаадаа итгэсээр явах уу. Дахин хэлэхэд гэмт хэрэг хийсэн хүнийг өмгөөлөх гэсэнгүй. Тэдэнд зохих шийтгэл нь очих ёстой. Гэвч гэмт хэрэгтэнд ч гэсэн амьд явах болон бусад эрхийг нь өгдөг хүнлэг, энэрэнгүй Монгол Улс биш бил үү.
Харамсалтай нь жишээнд дурдагдсан хүмүүс болон ХЭҮК-д ирсэн гомдлын дийлэнх хэсэг нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад эрх нь зөрчигдсөн байсан билээ.
Б.Солонго
Эхсурвалж:
URL: