Батаарыг хулгайлсан Эрик Прокопийг гурван сар хорихоор болжээ

527-14019345921a23c9d2151b25f2bigМонголын говиос олдсон Тираннозавр Батаарын олдвор урт зам туулж, Монголд эргэж ирсэн хэдий ч батаартай холбоотой дуулиан дуусаагүй байсан юм. Аварга үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсын хилээр хууль бусаар гаргаж, АНУ-д дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байсан эртний олдворын худалдаачин Эрик Прокопи гэгч этгээд олдворыг нууцаар хил нэвтрүүлсэн хэргээ хүлээж, шүүхийн шийдвэрийн дагуу Монголын Засгийн газарт шилжүүлж өгсөн олдворын эзэмших эрхээс татгалзсан юм.

Эрик Прокопи Тираннозавр батаараас гадна өөр үлэг гүрвэлийн зургаан ясыг хил давуулсныг нь тогтоосон. Тэрбээр Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс илэрсэн үлэг гүрвэлийн ясыг хэвлээр явагч амьтны яс хэмээх нэрээр Монгол Улсын хилийг давуулжээ. Монгол Улсын Ерөнхийлегч Ц.Элбэгдоржийн гаргасан нэхэмжлэл, хүсэлт чармайлтын үр дүнд АНУ-ын шүүхийн байгууллага энэ хэрэгт анхаарал хандуулж, улмаар Тираннозавр Батаарын олдвор Монгол нутагтаа ирээд жил боллоо.

Энэ хугацаанд эртний олдворын худалдаачин Эрик Прокопид арав хүртлэх жилийн ял төлөвлөж байсан юм. Гэтэл саяхан болсон шүүхийн хуралдааны шийдвэрээр 70 сая жилийн настай үлэг гүрвэлийг хулгайгаар хил давуулсан Эрик Прокопид гурван сарын хорих ял оноожээ.

Мөн гурван cap нийгэмд тустай ажил эрхлүүлэх шүүхийн шийдвэр гарчээ. Прокурорын мэдэгдсэнээр Прокопи хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, хулгайн олдворыг илрүүлэхэд тусалсан тул ийнхүү ялыг нь хөнгөрүүлжээ.

Х.Эрдэнэ

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих