Чингис хааны онгоныг олсон гэв үү

Хойд хөршид сүүлийн үед гарч байгаа Чингис хааны тухай яриа хөөрөө тасрахгүй шинжтэй. “Чингис”, “Тэмүжин” нэрнүүдийг аялал жуулчлалын брэнд болгох талаар ярьж байсан бол энэ удаад Буриадад Чингис хааны онгоныг оллоо гэсэн мэдээ гарлаа.
ОХУ-ын “Смарт Ньюс” сэтгүүлийн энэ сарын 3-ны дугаарт “Улаан-Үд хотын оршин суугч чулуун дээрх газрын зургаар Чингисийн онгоныг олсон байж магадгүй боллоо” гэсэн гарчигтай мэдээ гарлаа. Мэдээнд дурдсанаар “Улаан-Үд хотын Дмитрий Багадаев хэмээх эр эцэг өвгөдөөсөө үе уламжлан ирсэн эртний чулуун дээрх нууцлаг бичиг, зургийг тайлан уншжээ. Чулуун дээрх зураг газрын зураг байж таарсан бөгөөд Дмитрий Багадаев энэ картаар 500 км яваад Монгол хаадын бунханг олсон байна. Түүний бодлоор энэ бунхнуудын нэг нь Их Чингис хааных гэнэ” гэж бичжээ.Дмитрийгийн гэр бүлийн нандин шүтээн энэ чулуу нь хагас метр өндөртөй хавтгай боржин бөгөөд түүнд өвөө нь гэр бүлийн шүтээнийг хайрлаж хамгаалж яваарай хэмээн гэрээслэн захиж үлдээсэн эд аж. Олон жил гэрт хэвтсэн чулуун дээрх бичгийг Багадаев нэг өдөр тайлан уншихаар шийдсэн байна. Олон ном уншиж, эрдэмтэн мэргэд, түүхчидтэй ярилцсаны эцэст тэрбээр чулуун дээрх бичиг хятад ханз, ари бичиг, Эртний Египетийн бичгээр бичсэн зүйл болохыг тогтоожээ. Харин зураг нь газрын зураг байсан аж. Газрын зургийг сайтан ажсаны эцэст Дмитрий Багадаев Эрхүү мужийн Оса дүүргийн төвийн ойролцоох нутаг байгааг таниж мэдсэн байна. Энэ дүүрэгт түүний өвөө амьдарч байсан аж. Ингээд газрын зургаа харан мөрдөөд ердөө 500-хан км тайгаар яваад эртний булшнууд олсон байна. Түүний бодлоор энэ булшнууд монгол хаадынх, тэр тусмаа нэг нь Их Хаан Чингисийн онгон байж магадгүй гэнэ. Ямар ч гэсэн Дмитрий үүнийгээ батлах хэд хэдэн нотолгоотой гэж ярьж байна.

 Дмитрий Багадаев

Дмитрий Багадаев- Манай өвөө Прокопийг тосгонд Обоха гэж нэрлэдэг, хүндэлдэг байлаа. Обоха гэдэг нь овоо хамгаалагч гэсэн утгатай үг. 1930-аад оны үед хэлмэгдэл ид явагдаж байхад тосгоныхон түүнийг үлдээхийг коммунист намын төлөөлөгчөөс гуйж байгаад авч үлдэж байлаа. Прокопий  өвөө тосгоны хэд хэдэн хүнтэй жил бүр тайга явж, нэг нууц газар очиж, мөргөл хийдэг байсан юм. Тэнд ямар нэг булш байсан гэж ярьдаг. Өвөө намайг дагуулж явдаг байлаа. Хамгийн сүүлд 1960-аад оны сүүлээр явсан. Тэр үед би дөнгөж 16-17 той л байсан болохоор надад энэ бүхэн ямар ч сонирхолгүй санагддаг байлаа. Нас барахынхаа өмнө өвөө надад шүтээн чулуу үлдээсэн, гэхдээ юу ч тайлбарлаж хэлээгүй. Харин хэзээ нэгэн цагт чи энэ чулуугаар их мөнгө олох болно гэж хэлэхэд нь би итгэлгүй инээж байлаа.

Хэдэн жилийн өмнө Дмитрий Багадаев чулуун дээр юу бичээстэй байгааг тайлахаар шийдэж, зургийг нь цаасан дээр буулгаад эрдэмтдэд ханджээ. Боржин чулуун дээр гурван өөр соёл иргэншлийн дүрс бичиг байгааг эрдэмтэд хэлсэн аж. Хятадын агуу хүчирхэг гэсэн утгатай ханз, тэнгэрийн сүлд тэмдэг болсон Аригийн хэрээс, Эртний египетийн бух юм уу бугыг дүрсэлдэг ханз байжээ. Ингээд нийлүүлээд уншихаар “Агуу тэнгэрийн буга” болж байгаа юм. Тэнгэрийн буга гэдэг нь монгол, буриад, якут зэрэг хөх тэнгэрийн шүтлэгтэй ард түмнүүдийн гол шүтээн билээ.

Соёл судлаач Игорь Александров “Бид тэнгэр шүтэх ёсны талаар ихийг мэдэхгүй. Лев Николаевич Гумилев Төв Азийн ард түмнүүд Хөх тэнгэрийг шүтдэг гэж бичсэн байдаг. Талын нүүдэлчдийн хувьд тэнгэр шүтэх үзэл нь бөө мөргөлтэй холилдож, одоо ялгахын аргагүй болсон. Тэдний гол шүтээн бол Тэнгэрийн буга, хандгай юм” гэж ярьж байна.

Тэгвэл Дмитрийд өвөө нь үлдээсэн боржин чулуу нь Буган чулууны хэлтэрхий байх магадлалтай. Буган чулуу гэдэг нь чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг. Бугыг нисэж буй мэтээр дүрсэлсэн байдаг аж.

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Буддын судлалын хүрээлэнгийн  түүх соёлын хэсгийн дарга Сергей Данилов “Буган чулууг ариун дагшин газар, тэр дундаа булш бунханг тойруулан босгодог байсан. Буриадад их цөөхөн үлдсэн байгаа. Заавал бугын дүрс байдаг хөшөө юм. Онцгой гавьяа байгуулсан удирдагч, жанжинд зориулан босгодог байсан гэсэн тайлбар бий” гэж байна.

“Агуу тэнгэрийн буга” гэсэн үгийг тайлан уншсаны дараа Дмитрий чулуун дээрх зургийг судлах ажилд оржээ. Ном уншин, монгол тууль судлаж байтал гэнэт толгойд нь энэ чинь газрын зураг байна шүү дээ гэсэн нээлт орж ирсэн гэнэ. Тэр байтугай түүний сайн мэдэх нутгийн газрын зураг байлаа.

Дмитрий Багадаев- Би эхлээд нэг зураасыг харж байгаад гол гэж ойлгосон юм. Эндээс хоёр зураас салаалсан байгаа нь голын хөндий байлаа. Миний мэддэг газар байна гэж би шууд ойлгосон. Оса дүүргийн Наймагут тосгоны ойролцоох голоос хойд зүгт хоёр хөндий бий. Тэнд манай өвөө амьдарч, миний бага нас өнгөрсөн газар. Энэ хөндийгөөр яваад байвал том хадан асганд тулж очдог. Чулуун дээр энэ хадыг дөрвөлжингөөр дүрсэлсэн байсан.

Дмитрий Багадаевийн өв залгамжлан авсан чулуу

Чулууг судалсан эрдэмтэд чулуун дээрх газрын зураг нь бичигнээсээ хамаагүй хойно зурагдсан байх, магадгүй хөшөөнөөс салж унасан хойно нь зурсан байх гэж үзэж байна. Харин Сергей Данилов “Буган чулуун дээр газрын зураг зурна гэж байхгүй. Ямар ч л гэсэн бид тийм заншил мэдэхгүй юм байна. Гэхдээ мэдээж хэрэг энэ чулууг сайн судлах шаардлага бол байгаа” гэж хэлсэн байна. Чулуун дээр газрын зураг байгаа гэж таамагласан Дмитрий хавар болонгуут Эрхүү муж руу яван, яг тэр зургаар аялжээ. Хадан асганы хойд талд том газар нүх олсны эргэн тойронд өвөөгийнх нь үлдээсэн чулуутай адилхан чулуу олон байжээ. Дахиад зуун метр яваад том булштай таарч, дахиад л баахан бичигтэй чулуунууд олжээ. Нэгийг нь Улаан-Үдэд авчран Буриадын шинжлэх ухааны төвийн түүхчдэд үзүүлсэн боловч тэд тоймтой тайлбар өгч чадсангүй. Энэ чулууны гарал үүслийг тодорхойлохын тулд малтлага хийх хэрэгтэй. Харин Оса дүүрэг Эрхүү мужид байдаг тул нутгийн архелогчид малтлага хийх эрхтэй болж байгаа юм.

Дмитрий Багадаев- Би Эрхүүгийн эрдэмтэдтэй ярилцаад, энэ зун хайгуул хийхээр тохиролцсон. Булш ч, чулуунууд ч их сайн хадгалагдсан юм байна лээ. Оса дүүргээс зөвшөөрлөө авчихсан. Нутгийн иргэдийн хувьд тэр газар ариун газар тул хэн ч ойртдоггүй. Энэ булш Чингис хааных байх магадлал өндөр байгаа. Ямар ч гэсэн газар нүхний дэргэдээс олсон чулуун дээр хуучин монголоор бичсэн зүйл байсан дээр Чингис гэж бичсэн байсныг түүхчид уншиж чадсан. Гэхдээ энэ булшийг Хятадын Шинжааны Жунгарстан нутгаас энд авчран дахин оршуулсан булш байж магадгүй шинж тэмдэгүүд байгаа. Тэнд л Чингис хааны өвөг дээдэс амьдарч байсан.

Харин эрдэмтэд энэ явдалд итгэлгүй хандаж байгаа юм. Гэхдээ Дмитрийгийн олсон булшийг сайтар шинжлэх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа аж. Соёл судлаач Игорь Александров “Нэг л худлаа сенсаац дэгдээх гэсэн шинжтэй харагдаад байгаа. Чингис хааны онгоныг монгол, хятад, тува, түвдүүд өөрийн нутаг дэвсгэр дээр хайж байгаа. Яг хаана байгааг нь хэн ч мэдэхгүй. Чингис хаан өөрөө нас барахынхаа өмнө шарилийг нь хэн ч олохгүй байхыг захисан байдаг. Гэхдээ Дмитирийгийн олсон булш Чингис хаанд ямарч хамаа байхгүй байсан ч Төв Азийн нүүдэлчдийн түүхийн талаар олныг өгүүлж чадах үнэтэй олдвор” гэж ярьсан байна.

М.Сугар-Эрдэнэ

 


URL:

Сэтгэгдэл бичих