С.Дэмбэрэл: Залуус Монгол хүн сансарт ниссэн гэдгийг ч мэддэггүй

527-1401863697b45b3c324218b2854e1385fa7844709c_LШУА-ийн Одон орон, геофизикийн төв “Сансар судлал, од эрхэсийн ордон”-гоо энэ сарын нэгэн буюу хүүхдийн баярыг тохиолдуулан нээсэн. Харин өнөөдөр ШУА-ийн Одон орон, геофизикийн төвийн захирал С.Дэмбэрэл сэтгүүлчдэд уг төвийг танилцууллаа. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-“Сансар судлал, од эрхэсийн ордон”-ын талаар танилуулаач?

-Манай ордон гурван хэсэг бүхий цогцолбор юм. Эхний хэсэг нь Сансар танхим байна. Энэ хэсэгт өнгөрсөн хугацаанд хүн төрлөхтний сансар, огторгуйг судлахад гаргасан ололт амжилтыг харуулсан үзүүлэн байрладаг. Дараагийн танхимд одон орон судлалын тухай кино үзүүлэх танхимтай.

Гуравдугаарт планетари танхим байна. Планетари нь тэнгэрийн мандлыг од эрхэс, гариг болон түүний дагуулууд сүүлт од, солир болон нар, сарны хиртэлтийг харуулдаг төхөөрөмж юм. Анх 1925 онд Герман улсад планетари төхөөрөмжийг зохион бүтээсэн. Одоогоор дэлхий нийтэд 4000 oрчим планетари ажиллаж байна.

Манай төвд ашиглаж байгаа “Минолта MS-8” загварын төхөөрөмжийг Японы эрдэмтэн Сакай Ёшихито тусгай багаж, тоног төхөөрөмжийн хамт бэлэглэсэн. Энэ ордон хүүхэд залууст одон орон, сансар судлалын шинжлэх ухааны ололт амжилтыг сурталчлах зорилготой.

-Сансар танхимд түүхийн үнэт үзвэрүүд олон байгаа юу?

-Тиймээ. Сансар танхимд гурван хэсгээс бүрдсэн үзүүлэн байгаа. Эхний хэсэгт алдарт одон орон, сансар судлаачдын түүх байгаа. Хоёрдугаар хэсэгт Сансрын нисгэгч  Ж.Гүррагчаагийн ажил, амьдралтай холбоотой материалыг танилцуулсан.

Хамгийн үнэтэй үзүүлэн бол “СОЮЗ- 39” хөлгийг Байкаль нуурын сансрын пуужин хөөргөх тавцан дээр байгаа хэлбэрээр бүтээсэн загвар болон В.А. Джанибеков болон Ж.Гүррагчаа нар сансарт нисээд дэлхий дээр буухдаа ашигласан буугч аппарат ч бий. Мөн сансрын нисгэгчийн гурван төрлийн хувцас байна.

-Хүрэл тогоотод байрлах Одон орон судлалын төвөөс ямар давуу талтай вэ?

-Өнөөдөр бороотой байна. Тэнгэр бүрхэг учраас од эрхэсийг харах боломжгүй. Манай ордны Планетарийн танхимийн тусламжтайгаар өдөр ч байсан од эрхэсийг дурандаж болно. Мөн энэ үеэрээ орчлон ертөнцийн гарал үүсэл, өөрчлөлт зэргээр илтгэл тавих юм.

Хүрэл тогоотын Одон орон судлалын төвд бол бодитоор харах боломжтой. Энд үзэсгэлэн үзсэн хүмүүст сургалт зохион байгуулж Одон орон судлалын төвд аваачиж одон орныг дурангаар харж болно.

-Энд ирсэн хүүхэд, залуус сансар судлалын тухай сургалтад хамарна гэсэн үг үү?

-Хүүхдүүдэд одон орон судлалын талаар ойлголт өгөх зорилгоор Планетарийн танхимд од эрхэстэй танилцаж байх үед нь илтгэл тавина. Хүүхэд, залуус  ч үүнийг илүүтэй сонирхох байх. Тиймээс бид тусгай хөтөлбөр гаргаад сургалт зохион байгуулах бодолтой байгаа.

Хүүхэд нэг удаа ирээд л одон орон судлалын талаар бүх мэдээллийг авч чадахгүй. Тиймээс эхний удаад нарны аймгуудын талаар, дараагийн удаа нарны шар зам, 12 ордны талаар гэх зэргээр тусгай сургалтын хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна.

-Монгол Улсын одон орон судлалын шинжлэх ухааны хөгжил бусад оронтой харьцуулахад ямар байна вэ?

-Ер нь Их гүрэн болохын нэг баталгаа нь сансарт өөрийн хөлгөө хөөргөх юм. Манай улс хиймэл дагуулаа хөөргөх тухай ярьж байгаа. Сансарт пуужин хөөргөж байгаа улс орнуудтай гэрээ хийж, зөөгч пуужинд нь хиймэл дагуулаа байрлуулж сансарт гаргана гэсэн үг. Манай төвийн сансар судлалын шинжлэх ухааны хөгжилд оруулах хувь нэмэр өндөр.

1981 онд ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа сансарт ниссэн. Гэтэл сүүлийн үеийн залуус Монгол хүн сансарт ниссэн үгүйг ч мэдэхгүй байна. Тиймээс бид ирээдүйгээ харах хэрэгтэй. Бидний ирээдүй болсон хүүхэд, залууст түүхээ сурталчилж, дэлхий нийтэд сансар судлалын чиглэлээр гарч байгаа ололт, амжилтуудыг таниулах хэрэгтэй.

Сансар судлалын хөгжил, нийгэмд эзлэх байр суурийг таниулж чадвал залуус энэ салбарыг сонирхож, ирээдүйн сансар судлаачид болох нөхцлийг бүрдүүлэх юм. Одоо дахин Монгол хүн сансарт нисэх талаар ярих болсон.

Ер нь бол сансарт нисэх тал дээр өндөр хөгжилтэй орнууд ихээхэн анхаарч байна. Тухайлбал, БНХАУ Ангараг гараг дээр хүн буулгах төслийг эхлүүлж байна. Тиймээс манай улс ч энэ салбарын хөгжлийг хурдасгах хэрэгтэй.

-Манай улсад сансар, одон орон судлалын чиглэлийн боловсон хүчин хэр байдаг юм бол?

-Сансар судлал бол их төвөгтэй салбар. Энэ чиглэлийн мэргэжилтэн залуус одоо Монгол Улс хиймэл дагуулыг сансарт хөөргөх төсөлд ажиллаж байгаа. Энэ салбарт уул уурхай болон барилгын салбар шиг олон мэргэжилтэн хэрэггүй. Тиймээс боловсон хүчин хангалттай байгаа гэж үзэж болно.

-“Сансар судлал, од эрхэсийн ордон”-ыг үзэхэд төлбөр авч байгаа юу?

-Ордон нээгээд гурав хонож байна. Ордонг үзэх тасалбарын үнийн талаар бид БШУ-ны сайд Л.Гантөмөртэй ярилцаж байгаа. Ямар ч байсан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй музейнуудын жишигтэй адилхан байна. ШУА болон харъяа хүрээлэнгүүд бол ашгийн бус байгууллага. Бидний гол үүрэг бол шинжлэх ухааны ололт амжилтыг олон нийтэд сурталчлах юм.

-Ордон байгуулахад хэдэн төгрөгийн санхүүжилт шаардагдсан бэ?

-Засгийн газар 100 хувийн санхүүжилтээр байгуулсан. Нийт 1 тэрбум 200 гауй сая төгрөг орсон. Нэг удаад 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Харин Планетарийн танхим 60-70 хүний багтаамжтай.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг П.Төгөлдөр

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих