Дугар зайсан

Юм бэйсийн хошуунд Дугар зайсан гэгч нутагладаг байж. Үлгэр ярих гэж байгаа юм биш шүү. Төвдийн шашин гажуудаж, Бурхан багшийнхаас өөр номоор явна хэмээсэн бүлэглэл хүчирхэгжээд байхад тэр хүн очиж завхралаас нь гэтэлгэсэн ухаантан гэлцдэг.

Нэгэн удаа Дугар зайсан багшаасаа “Та одоо хаашаа явах вэ” гэж асуужээ. Живуужав нь “Энэ Төвдүүд бүр болохоо болилоо. Хавьтсан ойртсон болгонд хараал хийж алаад өөр хоорондоо дийлсэн нь дийлдсэнээ идээд хэцүүдлээ. Тэднийг очиж дарахаар явна” гэжээ.
Үүнийг дуулаад Дугар зайсан “Багш та орон нутагтаа буц. Би явж тэднийг чинь дараад ирье” гэсэнд багш нь зөвшөөрөв.
Дугар зайсан цагаан тэмээ унаад, урт сэлмээ зүүгээд Лхас хотын зүг явжээ.
Энэ үед Төвдүүд бурхан багшийн дүрийг бүр мөсөн устгаж, дүдийн хааны дүрийг шүтээнээ болгон залсан байв.
Төвдүүд Халхын Дугар зайсан биднийг дарахаар ирж явна хэмээн мэдээд нүдийг нь ухуулахаар хоёр хар хон хэрээг илгээсэн гэдэг. Удалгүй нөгөө хоёр хэрээнийх нь нүд ухагдчихсан ирэв.
Ингээд нэгэн зэрлэг барыг номын хүчээр галзууруулан Дугар зайсангийн өөдөөс тавьжээ. Дугар зайсангийн саатаж зогссон даваан дээр бар улаан галзуу юм давхиж ирэв. Дугар зайсан түүнийг номын хүчээр номхоруулан ногтлож унаад Цогчин дуганых нь үүдэнд очив. Төвдүүд айж гайхан яах аргагүй болсон гэдэг.
Дугар зайсан Төвдүүдийг дуганыхаа үүдэнд цугларч сөхөрч суухыг шаардан, хараал хийдэг, хэл нь хав хар болсон болгоны хэлийг сэлмээрээ тас цавчсанаас Төвдүүд бууж өгч өргөл барьц ихээр өргөжээ.
Тэднээс Бурхан багшийг үзтэн залах, дахиж хараал хийхгүй, Дүдийн хааныг шүтэхгүй гэсэн ам өчгийг авчээ.
Тэрээр нутаг буцахдаа “Энэ даваан дээр миний тэмээгээ уясан шонг авч хаяж болохгүй. Тэр шон далдрах цагт би дахин ирж, та нарын юу хийж байгааг үзнэ” гэжээ. Тэр цагаас хойш тэр газар нь дээш овойгоод нөгөө шон нь далд орчих гээд болохггүй, тэгэхээр Төвдүүд шонг тойруулан ухсаар байгаад нүх болчихсон ажээ.
Төвдөөс эргэж ирээд Дугар зайсан “Надаас илүү эрдэм чадалтай хүн байдаг юм байна” гэдгийг мэдэж Бурхан номынхоо үйлд улам шамджээ.
Харин Төвдүүд бар овоодон хөтөлсөн Дугар зайсан хэмээх бурханыг шүтэж, гэрийнхээ үүдэнд хараал жатгыг буцаах бэлгэдлээр байрлуулдаг болжээ.

/Бар нь Манзушир, гинж нь Очирваань, Дугар зайсан нь Жанрайсигийг бэлгэддэг /


URL:

Сэтгэгдэл бичих