Аав шигээ хөгшнийг шонгийн модонд нүцгэнээр нь гавлаж, тамлан зодсон балмад цагдаад ямар хариуцлага тооцно гэж

13139_667Увс аймгийн Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч н.Банзрагч цагдаа нартайгаа нийлж аав шигээ настай хүнийг зодож, хаврын жихүүн шөнө шонгийн модонд нүцгэнээр нь гавлан тамласан жигшмээр хэрэг гарчээ. Хөгшнийг өмөөрсөн залуугийн хавиргыг хугалж, шонгийн модонд гавлаж найман цагийн турш нүцгэн байлгасан байна.

Тухайн үед болсон явдлыг сийрүүлбэл хохирогч 1957 онд төрсөн, 57 настай Н.Чираабал Увс аймгийн Тэс сумын V багт долоон хүүхэдтэйгээ амьдардаг, малчин хүн аж.

Тавдугаар сарын 23-нд бага хүүхдийнх нь хонхны баяр болж. Хүүхдийнхээ хонхны баярт очих, нүүх машин олох ажилтайгаар сумын төвд очсон байна. Ажлаа амжуулчихаад дүүгийнхээсээ хүүхдээ аваад мотоцикль дээрээ сууж байтал хоёр цагдаа ирж уулзаад “Та каск өмсөөгүй байна. Мотоциклийг чинь журамлана” гээд түлхүүрийг нь булаагаад авчихаж.

Н.Чираабал гуай ч нүүж суух их ажилтайгаа учирлаад, гуйгаад байж байтал Цагдаагийн тасгийн дарга Банзрагч ирээд үгийн зөрүүгүй мотоциклиос нь татаад унагачихсан байна.  Тэр үед Н.Чираабал гуайн дээлний энгэр урагдаж, амнаас нь цус гарсан аж. Ингээд л дээлээ уруулж бухимдсан тэрбээр “Ийм дарга гэж юу байх вэ” гээд цустай шүлсээ газарт хаяснаас үүдэн Банзрагч “Над руу нулимлаа” гээд цагдаагийнхаа тасагт аваачиж дээл, гутлыг нь тайлуулж, бичиг баримт, түрийвчийг нь хурааж авсанаар маргаан эхэлжээ. Дүү Буянтогтох нь“Та нар хөгшин хүнийг явуулчих л даа” гэхэд нь хамт аваад явсан байна. Цагдаагийн тасагт очоод Н.Чираабалыг хувцсаа тайлсны дараа Банзрагч хошууч Билгээ, Хүрлээ гэдэг хоёр цагдаатайгаа нийлээд зодож эхэлсэн байгаа юм.

 Ингээд өдөр 13.30 цагт баривчилсан тэднийг 17.30 цагт гадаа хүйтэнд, олны нүдэн дээр шонгийн модонд гавлан тамлсан байна. Аргаа барахдаа хажуугаар нь өнгөрч явсан залуугаас утсыг нь гуйн ар гэрийнхэндээ хэл дуулган ярьж байхад нь өнөөх цагдаа нар гарч ирээд мөн л гэмгүй залууг зодож, гадаа гавласан байна. Хаврын жихүүн орой байсныг ч хэлэх үү, үүнээс болж тэрхүү гэмгүй залуу хатгаа авч, гурван хавирга нь хугарсан бол Н.Чираабал гуайн зүүн чихний хэнгэрэг хагарч, хамрын яс бяцран, нүүр ам нь шалбарсан гэсэн онош тавигджээ. Өдгөө Н.Чирбаал гуай чихний хэнгэрэгээ нөхүүлсэн ч нүднээс нь байнга нулимс асгарах болсон байна.

Ийнхүү Увс аймгийн Тэс сумын цагдаа нар ичгүүргүй, хүнлэг сэтгэлгүйгээр иргэддээ үйлчилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих