Э.Бат-Үүл дарга аа, чанар муутай барилга барьдаг Орчлон констракшнд давуу эрх олгосоор байх уу?
Хамгийн чанар муутай барилга барьдаг, барьсан барилгууд нь байнга шахуу асуудал дагуулдаг, дөнгөж ашиглалтад орлоо, хагас жил ч бололгүй нурж унах нь халаг болдог Орчлон конштракшнд давуу эрх олгосоор байх уу гэж Хотын захирагч Э.Бат-Үүл танаас асуумаар байна.
Давуу эрх гэдэг нь социализмын үед баригдсан, хуучны хоёр, гурван давхар орон сууцнуудыг нурааж, суурин дээр нь шинэхэн өндөр барилгууд барих ашигтай хувилбар юм. Ийм ажлыг Орчлон констракшн давуу эрхээр хийсээр багагүй хугацаа өнгөрлөө.
“Орчлон констракшн” ХХК нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 2011 оноос эхлэн ашиглалтын шаардлага хангахгүй хуучирч муудсан, улсын төсвөөс засвар үйлчилгээ орохгүй, газар хөдлөлтийн тэсвэр болон бусад талаараа шаардлага хангахгүй болсон хуучин байруудыг буулгаж, суурин дээр нь стандартын шаардлага хангасан, орчин үеийн, хотын өнгө үзэмжийг чимсэн орон сууцны барилга барих ажлыг хийж эхэлсэн юм.
Нийслэлийн хэмжээнд дахин барилгажуулалтын анх¬ны төслийг “Эв Эе” нэртэйгээр Хан-Уул дүүрэг дэх “Арьс ширний 27, 28” гэх хоёр давхар цагаан байр¬ны оршин суугч ир¬гэдтэй тохиролцон 2011 онд эхлүүлсэн бөгөөд 2013 оны есдүгээр сард 27, 28 дугаар байрууд ашиглалтад орсон билээ.
Гэвч уг барилга өнгөрсөн гуравдугаар сараас сонин, хэвлэлийн бай болж, тун удахгүй нурахад бэлэн боллоо гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн нь үндэслэлгүй зүйл биш. Уг барилга сантекник муутайн дээр шал нь цөмөрч, хана, тааз нь цуурч, бутарсан. Зарим айлууд цуурсан ханаа зурагтаараа тагласан байдалтай байсан гэх. Иргэдэд анх худалдахдаа 1,2 сая гэж байсан боловч эцэстээ 2,1 сая төгрөгөө борлуулсан гэдэг. Ярьсан, хэлсэндээ ч байдаггүй энэ компани Хан-Уул дүүрэгт “Төрийн үйлчилгээний төв байгууллагын оффис”, “Зайсан- үйлчилгээ бүхий орон сууц”, “Шинэ дүр төрх хотхон” 214 айлын орон сууц, 40 айлын орон сууц зэрэг олон ажил хийж, гүйцэтгэжээ. Харамсалтай нь барьсан барилгууд нь дөнгөж ашиглалтад ороод л хэл дагуулсаар байна.
Мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороололд байрлах Орчлон констракшны барьж ашиглалтад оруулсан 75а, 75б гэх хоёр байрны оршин суугчдын төлөөллөөс нэгэн сайтад захидал ирүүлсэн байдаг.
Уг захидалд дурдсанаар ашиглалтад ороод жил гаруй болж буй тус хоёр байрны цахилгаан ойр ойрхон тасардаг. Цахилгаан байхгүй болоход халаалт, ус нь мөн адил тасарна. Энэ нь тус хоёр байрны 200 орчим айлын 1000 гаруй оршин суугч, нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг, цэцэрлэг, дэлгүүр, үсчин зэрэг байгууллагуудыг хохироож байгаа талаар өгүүлсэн байв. Мөн уг захидалд “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороололд байрлах 75а, 75б байруудыг Орчлон констракшн хууль дүрмийн дагуу барьж ашиглалтад оруулсны дараа Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээний харьяа Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд байраа хүлээлгэн өгсөн. Ингэхдээ айл бүрээр цахилгааны код олгох ёстой ч одоог хүртэл бүгд нэг кодоор цахилгаанаа авдаг. Нэг кодтой учир зарим айлууд цахилгааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоёр байрны цахилгааныг тэр чигт нь тасалдаг. Ингээд төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн өмнөөс төлбөрөө хугацаандаа төлдөг хэрэглэгчид хохирч байна. Цахилгааныг таслахдаа өглөөнөөс орой болтол өдөржин тасалдаг тул хүүхэд хөгшид, өндөр настангууд, нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, дэлгүүр, эмнэлгийн өвчтөнүүд хохирдог. Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвд хандахаар Орчлон констракшн компани байраа хүлээлгэж өгөөгүй болохоор бид нийтээр нь таслахаас өөр аргагүй, бид Орчлон констракшн компанийг зөндөө дуудсан ерөөсөө ирэхгүй байна гэдэг” гэхчилэн гомдол, саналаа илгээж байсан удаатай.
Энэ мэт хариуцлагагүй хандлага гаргасаар ирсэн Орчлон констракшн бусад барилгын компаниудын адил нийслэлийн төвд газар авах гэж зовохгүй байна. Хуучны барилгуудад оршин суудаг иргэдтэй тохироод л хуучин барилгыг нураан, суурин дээр нь өндөр орон сууц бүхий хороолол барьж, маш их ашиг олж байгаа хэрнээ чанартай, стандартад нийцсэн барилгуудыг нийслэлийнхэндээ хүлээлгэж өгдөгсөн бол өдгөө Э.Бат-Үүл даргын чих халууцахгүй байхсан.
Тиймээс нийслэлийнхний итгэлийг хэдийнэ алдаж эхэлсэн Ганзориг захиралтай Орчлон констракшнд уг давуу эрхийг олгохоо боливол яасан юм бэ, ажиллаж чаддагт нь боломж олгооч ээ гэдэг саналыг Э.Бат-Үүл танд хүргэж байна.
Уг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” А/143 дугаар захирамж гаргасан.
Уг захирамжийн дагуу үнэлгээ, дүнгэлт хийгээд Орчлон констракшнд давуу эрх олгох эсэхээ дахин нягталбал яасан юм бэ Э.Бат-Үүл дарга аа.
Бид Орчлон констракшнын талаарх таагүй, ноцтой баримтуудыг үргэлжлүүлэн дэлгэх болно.
mongolcomments.mn
URL: