Уйлдаг улиасны домог

780(1)Үр хүүхэдтэй болохыг хүсдэг бүсгүй байж. Сэтгэлийг нь дэвтээн, энгэрийг нь дүүргэх шинэ хүн түүнд заяасангүй. Ханилсан хань нь орхин одож, бүсгүй ганцаар үлджээ. Намар оройхон ойд түлээ бэлтгэж яваад эхээсээ төөрсөн хоцорсон бамбарууштай таарчээ. Үнгэсэн малгай шиг царай муутай тэр амьтныг дагуулаад харьсан ажээ. Эзэнгү ойд ганцаардсан бамбарууш ч бүсгүйг элгэмсэн дагажээ. Үст амьтан боловч мөнөөх ойн үр садыг эмэгтэй хүүхдээсээ өөрцгүй өсгөжээ.

 

Том баавгай болсон хойноо ойн эзэн түлээ мод, усыг нь дөхүүлж, муухан хүнээс илүү нэмэр болов гэнэ. Гэвч амьтан л юм хойно хээрийн амьдралаа хөөн одож, ичээгээ бараадах нь элбэг. Он жил өнгөрч, нэгэн хавар ичээнээсээ дөнгөж гарсан хүү баавгай ээжийгээ хайсаар ирэхэд бүсгүй урт өвлийг дуусгалгүй бие барж, нутгийнхан хөдөөлүүлсэн байж. Баавгай үнэрээр нь хөөсөөр нутаглуулсан газрыг нь олж хэдэн өдөр тэндээ хөдлөлгүй хэвтжээ.

 

Тэгээд ойгоос улиас модыг үндэс шороотой нь булга татан авчирч тэр газраа суулгасан гэдэг. Улиасны хормойг даган 2 жижиг булаг оргилж, хэдхэн метр урсаад шороонд шингэх болжээ. Завхан аймгийн Тэс сумын нутагт байх энэ модыг нутгийнхан уйлдаг улиас гэлцэх.


URL:

Сэтгэгдэл бичих