“Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаяр мөрдөнгөөс шүлэг бичжээ
Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайхан энэ сарын 13-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид нас нөгчсөн билээ.
Д.Амарсайханы хэрэгт Ц.Чандмань, Н.Отгонболд, “Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын гурван хүн холбогдоод байгаа юм. Д.Амарсайхан, Ц.Чандмань нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар хээл хахууль авсан, Н.Отгонболдыг хээл хахууль өгсөн, гэх зүйл ангиар буруутган шүүхээр болсон.
Харин “Тэнгри” холдингийн захирал Х.Анхбаярыг ашигт малтмалын хугацаа нь дууссан лицензээ сунгуулахдаа хэсэг албан тушаалтантай үгсэн хуйвалсан хэмээн буруутгаж байгаа билээ.
Түүнийг 2013 оны 7 дугаар сарын 1-нд АТГ-аас баривчилсанаас хойш тэрбээр өнөөг хүртэл цагдан хорих 461 дүгээр ангид хорьж буй.
Тэрбээр, саяхан талийгаач Д.Амарсайханд зориулан шүлэг бичжээ.
АНДЫНХАА ДУРСГАЛД- МӨРДӨНГИЙН 325 ХОНОГ
Хэлмэгдлийн хар шуурганаар анд минь
Хийгээгүй хэргийн гүтгэлгийг үл тэвчин
Билиг танхай, бардам Монгол эр байсан анд минь
Биднээс түрүүлээд Тэнгэр өөд одлоо.
Хаврын адаг сарын шинийн 14-ний гал өдөр
Хавирга нэвт сийгсэн салхитай өдөр
Харанхуй шоронгийн чулуун шалан дээр
Хайран анд минь хорвоогоос халилаа
Арчаагүйдээ өнөөдөр нулимс унагасангүй
Андыгаа өрөвдөөд, харуусалд автлаа
Авга дүүгийнх нь хамт, унасан нөхрийгөө
Аварч чадаагүйдээ нулимс урсгалаа
Ялын дүгнэлт атгуулсан өдөр анд минь
Яршигтай энэ орчлонг орхиод одлоо
Яасан хүний зовлонд ханадаггүй хорвоо вэ!? гэтэл
Яр шархандаа баригдсан нийгмийг яллаад явчихлаа анд минь
Арав хоноод гурвуулаа шоронгоос гарна аа гээд
Анд минь инээж байсан нь сэтгэлд тодхон
Аймшигт үхэл гэнэт дайрахад бид хүчин мөхөс
Асгарах нулимсаа тэвчихийг хичээвч сэтгэл үертэй
Захиж хэлэх үгээ хэлж амжилгүй
Замбуулинг орхин одлоо анд минь
Даанч яав даа гэж чулуун хана балбамаар ч
Дайсны чинь бах ханана!тэвч! гэсэн бодол төрнө
Буруугүй байж сэрдэгдэн шоронд шидэгдсэн
Буурал найз минь биднийг орхижээ
Бурангуй нийгмийн бусармаг тогтолцоо
Бузар санаатны хорт урхиар биднийг олзолжээ
Олон уулсын оргилд хамтдаа гарсан анд минь
Орон шоронгийн харанхуй нүхнээс гарч түвдсэнгүй анд минь!
Орчлонгийн эрээвэр хураавар амьдралд баригдалгүй анд минь
Орхиод биднийгээ, дүүллээ анд минь!
Олон улс орноор хамтдаа аялсан анд минь
Орхиод биднийгээ, тэнгэрийн орныг зорилоо
Ороо бусгаа цагийн тонгочоог үл тэвчин
“Огт ор үгүй”-г эрэлхийлэн нөхөр минь мордлоо
Шилийн Богдын оройд хийморь юугаа сэргээн
Шинэхэн нарыг угтан золгож зогссоон бид
Алтан овоо, Дарьганга нутгаар салхи татуулан
Андын үгийг солилцон санаа нийлж явсан бид
Мөнгөн цагаан титэмтэй Очирвааний оргил
Мөнх цаст Отгон тэнгэр хайрхандаа бараалхаж явлаа бид
Мөрөн голыг гаталж, уулсыг даван довтлохдоо
Монгол эрийн жавхааг дуулан явсан анд минь
URL: