УИХ-ын 13 гишүүн ардын намаас гарна гэв үү
Монголын улс төрийн хамгийн том хүчнийхэн Ардын нам хэмээх уугуул нэрээ сэргээсэн нь тус намын зарим гишүүнд ихээхэн далим өгөв.
Намын XXVI их хурлын үеэр нэр, үзэл баримтлалаа шинэчлэхийг төлөөлөгчдийн олонхи нь дэмжсэн ч экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, “Уламжлал, шинэчлэл Ардчилал, шударга ёс” жигүүрийн Н.Удвал нар эсэргүүцсэн. Тэд Ардын намын нэн шинэ түүх эхлэхтэй зэрэгцэн хувь, хувьсгалын шинж чанартай тоглолтуудыг хийж эхэллээ.
Н.Энхбаярыг квотын дагуу нийслэлээс Бага хуралд нэр дэвшүүлэн сонгосон ч түүний арын албаныхан МАХН хэмээх товчлол дээр тоглохоор шийджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, УИХ дахь Ардын намын бүлгээс Ц.Шинэбаяр тэргүүтэй 12 гишүүн намаасаа гарах гэж байгаа сурагтай. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяраас өчигдөр энэ талаар тодруулахад “Бид тэмцлээ үргэлжлүүлэх болно. Миний хувьд, Ардын намд элсэхгүй гэдгээ мэдэгдчихсэн шүү дээ” хэмээв.
Ямартай ч XXVI их хурлын өмнөхөн “Н.Энхбаяр нар гуравдагч хүчний орон зайг эзлэх үү” гэх таамаглалыг талууд дэвшүүлж байсан. Хэрэв экс Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид намаасаа ийн гарах бол Ардын намын Бага хурлын гишүүн хэвээр үлдэж, удирдаж явсан намдаа цөөнхийн үүрэг гүйцэтгэх үү, аль эсвэл Үндэсний шинэ нам, Бүгд найрамдах нам, иргэний зарим хөдөлгөөнийхөнтэй нэгддэгээрээ нэгдэж, гуравдагч хүчнийг тэргүүлэх үү гэдэг сонголт Н.Энхбаярт тулгараад байна.
URL: