С.Бямбацогт: Үндэсний компаниуд дампуурч иргэд ажилгүй, орлогогүй болж байна

527-14017704257qb7fllcf47trsb09sudmh9n0uУИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Монголын Үнэн” сонины редакцид зочилж, улс орны эдийн засгийн байдал болон цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцлаа

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тогтоолын төслийг МАН-ын бүлгээс хоёр дахь удаагаа өргөн барих шалтгаан нь юу байв?

-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах тогтоолыг хоёр дахь удаагаа өргөн барьж байна. Аль алинд нь хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэх үндэслэл байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Хөгжлийн банкны тухай хуулиудыг зөрчсөн. “Чингис” бондын зарцуулалтын талаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг Засгийн газар биелүүлээгүй.

Ер нь Монголын нийгэм, эдийн засгийн амьдрал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээд муудлаа. Урьд нь хүрсэн төвшингөөсөө ухарлаа. Хамтарсан Засгийн газрын үеийн ололт, амжилт бүхнийг үр дүнгүй болгосон. Бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувь нэмэгдсэн. Валютын ханш 1350-тай байснаа 1820 болж өслөө. Гадны хөрөнгө оруулалт 55 орчим хувиар багассан.

Олон улсын төвшинд манай улсын хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадвар бүгд буурлаа. Зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд 25 орчим мянган жижиг дунд бизнес эрхэлдэг аж, ахуй нэгж үйл ажиллагаагаа түр болон бүр мөсөн зогсоосон. Тэгвэл одоо үндэсний бүтээн байгуулагч том компаниуд руу энэ хямрал шилжиж байна.

Манай төсвийн орлогын нэлээд хувийг бүрдүүлдэг манлайлагч компаниудын зарим нь хаалгаа барьж, үлдсэн нь цалингаа тавьж чадахгүй ажилчидаа цомхотгож байна. Жишээ нь, “Изинис Эйрвейз” үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарласан бол “Оюутолгой” 300 ажилтнаа цомхотгож, “АПУ” ажилчидынхаа цалинг 50 хувиар бууруулах шийдвэр гаргасныг хэвлэлүүд мэдээлж байна.

Эдийн засагт нүүрлэсэн эдгээр доргилтыг дагаад ард түмний амьдрал хүндэрч байна. Ажилтай, орлоготой байсан Монгол хүн ажилгүй, орлогогүй боллоо. Ард иргэд маань амьдрал ахуй, дэвжин дээшиллээ гэж ярихаасаа илүүтэй одоогийн төвшинөөс яаж дордуулахгүй байлгах вэ гэдэгт санаа зовж байна. Ажлаа хийгээд, амьдралаа авч явж байсан хүмүүс юунаас болоод ийм байдалд хүрэв гэдгийг бодож л байгаа байх.

Энэ бүхэн Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Ард иргэдээ ийм байдалд хүргэсэн албан тушаалтнуудын нэг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гэж манай бүлгийнхэн үзэж хариуцлага хүлээлгэхээр огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа.

-”МАН-ынхан улстөржөөд ажил хийлгэхгүй байна” гэсэн агуулгатай үгийг Н.Батбаяр сайд саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан. Гэтэл хаврын чуулган эхэлснээс хойш “Давхар дээл” тайлах тухай хуулийн төсөл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэхийг хэлэлцсээр нэлээд цаг хугацаа алдлаа. Яг хэн нь улстөржөөд ажил хийлгэхгүй байгаа юм бэ?

-УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн. Намрын чуулган завсарлахаас өмнө Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцэх явцад АН-ынхан завсарлага авсан. Уг нь намрын чуулганы хугацаанд багтааж “Давхар дээл” гэж хэлц үг болчихсон хуулийн төслийг нэг мөр шийдэх бололцоо байсан. Харамсалтай нь тэгсэнгүй.

“Давхар дээл”-тэй байх дуртай Засгийн газрын гишүүд УИХ дахь АН-ын бүлэгт шахалт үзүүлж байгаад завсарлага авхуулсан. Үүнээс өмнө УИХ-ын дарга З.Энхболдыг шахаж байгаад товоороо бол хоёрдугаар сарын 10-ны өдөр завсарлах байсан чуулганыг нэгдүгээр сарын 29-ны өдөр завсарлуулсан. Ер нь “Давхар дээл”-ийн асуудал хаанаас улбаатай, хэн шийдэхгүй цаг алдаж зугтсаныг бодохоор яалт ч үгүй АН-ын бүлэг, эрх барьж байгаа Засгийн газартай холбоотой.

Хаврын чуулган эхлэхэд “Давхар дээл”-ийн асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан. Ийм байдлаар явсаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл хад мөргөсөн. Байнгын хорооны хуралдаанд давхар албан тушаал хашихгүй байх нь зөв гэдэг. Чуулганы хуралдаанаар сайд нар нь “Давхар дээл”-тэй байхыг дэмждэг. Эцэстээ чуулганаар хамгийн их цаг хугацаа зарцуулсан гэх хуулийн төслийг эрх баригчид тоглоом болгож дууслаа.

Мөн Засгийн газрыг бүрдүүлж байгаа эрх баригч бүлгийн гишүүн О.Баасанхүү хаврын чуулган эхэлсэн өдөр Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ асуудалд мөн л муур хулгана болж тоглосоор тавдугаар cap гаргасан. МАН-ын бүлгийнхэн “Давхар дээл” тайлах тухай хуулийн төсөл, Хууль зүйн сайдыг огцруулах асуудалд анхнаасаа тодорхой байр суурь баримталж байсан.

Түүнээсээ гуйвж дайваж, наашаа, цаашаа зугтааагүй. Бид асуудлыг хөндөөгүй. Эрх баригчид дотроосоо нэг сайддаа хариуцлага тооцох тухай ярьж эхэлсэн. МАН-ынхан улстөржиж ажил хийлгэхгүй байгаа болохоор эдийн засаг муудаж байна гэдэгтэй санал нийлэхгүй. МАН-ыг 2012 онд бүлэггүй байлгаж байгаад УИХ, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ байгуулсан. Тухайн үед байнгын хороонд биднийг оруулаагүй. Эрх баригч намын нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагдсан.

Ийм байдлаар олонхиороо хүч түрж, хууль зөрчиж байгаа. АН-ын гишүүд эхэндээ “Ард түмэн бидэнд саналаа өгсөн учраас эрхээ эдэлнэ. Та нар дуугай байж бай” гэсэн хандлагаар МАН-ын гишүүдтэй харьцсан. Тухайн үед ард түмэн АН-д эрх өгчихсөн байхад цөөнх чимээгүй байсан нь дээр гэсэн өнцгөөс хандаж байлаа. Сүүлдээ АН-ынхан хэтэрхий дураараа авирлаж буруу бодлого явуулж эхлэхэд бид өөрсдийн байр сууриа илэрхийлж, заавар зөвлөгөө өгсөн.

Харамсалтай нь тэд хүлээж авалгүй зүтгүүлсээр эдийн засгаа муутгаж, ард иргэдийнхээ амьдралыг доройтууллаа. Ард түмэн ч бидний санал, санаачилга, шаардлагыг сонсч байна. Яах аргагүй туршлагатай, тулхтай улс төрийн хүчин алсыг хардаг гэдгийг эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед улам ихээр ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид бүхнийг өөрийнхөө дураар хийсэн. Тэгчихээд цөөнхийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй.

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын өргөн барьсан Төмөр замын царигийн талаарх тогтоолын төслөө засаг эргүүлэн татсан нь анхаарал татлаа. Энэ үйл явдал Н.Батбаярыг огцруулахтай холбоотой гэж та бүхэн хардаж байна уу?

-Төмөр замын өргөн царигтай байх ёстой гэдэг байр сууринд Х.Баттулга сайд олон жил тууштай зогссон. Нөгөө талд нь яах аргагүй нарийн царигтай байх хэрэгтэй гэдэгт Засгийн газрын олонхи гишүүн санал нэгдсэн. Үүнээс үүдсэн зөрчил их байлаа. Уг нь салбар хариуцсан сайд А.Гансүх царигийн асуудлыг ярих ёстой байсан ч өргөн барихыг хүсээгүй. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр урдуур нь орж тогтоолын төсөл өргөн барилаа. Энэ үйлдлээрээ Н.Батбаяр сайд хууль зөрчиж байгаа юм. Тэгэхээр юун түрүүнд хуулийн зөрчлөө арилгах гэсэн байх гэж харж байна.

Оргил өөд тэмүүлж байсан эдийн засгийг уулын бэлрүү унагачихаад 100 хоногт сэргээнэ гэдэгт итгэхгүй байна

-Олон улсын банк санхүүгийн байгууллагууд манай эдийн засагт тааруухан үнэлгээ өгч байна. Ийм тохиолдолд эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлэх боломж бий юу ?

-Манай Улсын зээлжих зэрэглэл дөрвөн шатаар буурч байна. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд Монголд итгэх итгэл суларч байна гэсэн үг. Бид “Гаднаас зээл авмаар байна” гэж хашгирч байна. Ер нь олдох магадлал бага. Олдлоо гэхэд өндөр хүүтэй байх болов уу. Бид “Чингис” бондыг босгож чадсан гээд л байгаа юм. Тухайн үед Монголын зээлжих зэрэглэл өндөр байсан.

Өөрөөр хэлбэл Засгийн газар, УИХ-ын нэр хүнд тэр чинээгээр сайн байсан гэсэн үг. Өмнөх Засгийн газрын бүрдүүлсэн хөрс суурь дээр “Чингис” бондыг бага хүүтэйгээр авсан. Одоо манай зээлжих зэрэглэл ингэж буурсан үед гаднаас “Чингис” бонд шиг нөхцөлтэй зээл олдохгүй. Маш өндөр хүүтэй. Богино хугацаатай зээл олдох байх. Оргил өөд тэмүүлж байсан эдийн засгийг уулын бэл рүү унагачихаад 100 хоногийн дотор онгоцны хошууг эргүүлнэ гэдэгт би итгэхгүй байгаа.

Гэхдээ Монгол Улс хөгжөөсэй, иргэдийн ахуй амьдрал сайжраасай, энэ Засгийн газрын явуулж байгаа бодлого үйл ажиллагаа оновчтой байгаасай гэдэг үүднээс эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг дэмжсэн. Болохгүйг нь ингэж засч сайжруулаарай гээд бид тодорхой санал өгсөн. Харамсалтай нь, бидний өгсөн саналын олонхийг бас л хүлээж аваагүй.

Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “ЭЗЭН-100″ хөтөлбөрийг хянахын тулд бид “АРД-100″ аяныг зохион байгуулж эхэлсэн. Эрх баригчид УИХ-аар дуртай зүйлээ батлуулдаг. Дараа нь хэрэгжүүлэхгүй хаячихдаг гэм бий. Тиймээс МАН-ынхан “АРД-100″ аянаар дамжуулж эдийн засгаа сайжруулахыг шахаж шаардах юм.

-”Та өндөр хүүтэй, богино хугацаатай зээл л олдоно” гэж хэллээ. Гэтэл эрх баригчид гаднаас зээл авч болно гэж зүтгээд байгаа. Ер нь зээл авахгүй л бол бид дотоодын нөөц боломжоороо цааш явж чадахааргүй байдалд хүрчихсэн юм уу?

-1990 оноос 2012 оныг хүртэл сүүлийн 22 жилийн хугацаанд 12 Ерөнхий сайд ажилласан байдаг. Тэд нийлээд 2.2 орчим тэрбумын зээл авч улс орноо шилжилт, картын бараанаас гаргаж хөгжил дэвшилд хүргэсэн. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар хоёр жилийн хугацаанд зургаан их наяд төгрөгийн өр тавьчихлаа. Өмнөх 22 жилийн хугацаанд авснаас их зээлийг хоёрхон жилийн дотор бий болголоо гэсэн үг.

Энэ их өр зээлийг дагаад Монголын эдийн засаг эрчимжсэн үү. Иргэдийн амьдрал сайжрав уу гэдгийг бид асуугаад байгаа. Өр тавьснаараа манай улс хөгждөг бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө. Баяжихаар их мөнгийг авлаа. Энэ хугацаанд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 11 хувь болж буурлаа. Энэ оны эцэст нэг оронтой тоонд шилжвэл гайхах хэрэггүй. Иргэдийн цалин, тэтгэвэр хүссэн хэмжээнд нэмэгдэхгүй байна.

Өнгөрсөн хоёр жилийг харахад зээл аваад хөгжих биш хямарч байна. Монголын ард түмний төлөх өр нэмэгдээд байдаг. Нөгөө талдаа эдийн засаг өсдөггүй уруудаад байдаг. Ийм байвал гаднаас зээл авч яах юм. Өнгөрсөн баасан гаригийн чуулганаар Засгийн газраас 2014, 2015, 2016 онуудад 11 их наядын зээл авмаар байна гэсэн. Өмнөх өдрийнх нь чуулганаар Үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас үүнийгээ татаж ав гэж УИХ буцаасан.

Гэтэл өнгөрсөн пүрэв гаригийн үдээс хойш Засгийн газар, орой нь Төсвийн байнгын хороо хуралдаад баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд өрийн таазаа 70 биш 40 хувь байлгахаар оруулж батлуулсан. Зөвхөн 70 гэсэн тооцоогоо 40 болгож батлууллаа. 70-ийг дөч болгохоор эдийн засгийн бусад бүх тоонууд өөрчлөгдөх ёстой шүү дээ.

Гэтэл эрх баригчид өөрчилсөнгүй. Тэгэхээр ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэл худлаа болсон. Худлаа учраас үр дүн нь бас л бодит бус гарна гэсэн үг. Ер нь энэ Засгийн газрын гишүүдэд ямар ч тооцоо судалгаа алга. Хоноцын сэтгэлээр төрийн ажилд хандаж байна.

Айлгасан, дарамталсан, нураасан, гацаасан бодлого хэвээр байвал нөхцөл байдал улам л дордоно

-Өнгөрсөн сарын байдлаар хадгаламжийн хэмжээ өссөн гэсэн судалгаа байна. Мөнгөтэй хүмүүс яагаад бизнес хийхгүй хөрөнгөө хадгалаад байна вэ?

-Төгрөгийн ханш суларсан учраас мөнгө үнэ цэнэгүй болж байна. Хуучин 1000 төгрөгөөр авдаг байсан зүйлээ авч чадахаа болилоо. Долоо хоног идэх гурван тор хүнсээ 100 мянган төгрөгөөр цуглуулдаг байсан бол одоо энэ мөнгөөр хоёр тор хүнс аваад долоо ч хонохгүй байна гэж гомдоллох хүмүүсийн тоо нэмэгдлээ.

Бидний халаасанд байгаа мөнгөний 30 хувь нь Засгийн газрын буруутай үйл ажиллагайнаас болж үгүй боллоо. Өөрөөр хэлбэл Засгийн газар иргэдийнхээ түрийвчнээс энэ хэмжээний мөнгийг хулгайлж байна гэсэн үг. Ийм үед ханшийн уналтаас сэргийлж бизнес эрхлэгчид мөнгөө хурааж байж мэдэх юм.

-Эдийн засгийг хямралаас гаргахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой “Оюутолгой”-н асуудлаар тоймтой шийдэлд хүрч чадахгүй байна. Засгийн газраас ямар алхам хийвэл одоогийн “унтаа” байдлаас гарах бол?

-”Оюутолгой”, “Тавантолгой”, “ТЭЦ V” зэрэг томоохон төслүүд хамтарсан Засгийн газрын үед гараанаасаа гарсан. Харамсалтай нь, “Энэ бүх төслүүд буруу байна. Бид гоё болгоно” гэж эрх баригчид өмнө хамтарч хийсэн төслүүдээ зогсоосон. Үр дүнд нь эдгээр төслүүд сайжирсангүй. Улам л муутгалаа. Тиймээс энэ алдаатай бодлогоо засах хэрэгтэйг бид бас сануулсаар ирсэн.

Гаднын хөрөнгө оруулалтыг татаж томоохон төслүүдээ эхлүүлэх шаардлагатай байна. Хувийн хэвшлийнхнээ чадах чинээгээрээ дэмжмээр байна. Гэтэл эсрэгээрээ дандаа хянадаг, шалгадаг болчихоод байгаа шүү дээ. Үндсэндээ бизнес эрхлэгчдийн итгэл, идэвхийг сулруулсан. Үүнээс болж эдийн засаг муудсан! Бизнесийнхний итгэлийг сэргээж урам зориг өгмөөр байна. Тэгэхгүй айлгасан, дарамталсан, нураасан, гацаасан бодлого хэвээр байвал нөхцөл байдал улам л дордоно.

-Төрийн албан хаагчдын тоо ихэсч захиргааны зардал өссөн мөртлөө төрийн үйлчилгээний хурд, чанар сайжрахгүй юм. Уг нь Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн албан хаагчид чадварлаг цомхон бүтцээр шуурхай ажилладаг байх нь ухаалаг төрийн нэг үзүүлэлт гэдгийг онцолж байгаа шүү дээ.

-Манай бүлгийн хурал дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Би төсвийн урсгал зардлыг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлэхгүй. Төрийн албаны орон тоог нэг ч хүнээр нэмэгдүүлэхгүй. Хэрэв нэмэгдүүлвэл надтай хариуцлага тооцоорой” гэж хэлсэн. Тэр үед төрийн албан хаагчдын тоо 150 мянга байсан. Харин одоо 180 мянгад хүрсэн. АН-ынхан 42 агентлагийг 27 болгож бууруулсан гэж ярьдаг.

Хэрэв татан буулгасан бол тэр хэмжээгээр орон тоо, төсвийн зардал буурах ёстой байтал эсрэгээрээ нэмэгдсэн. Татан буулгасан агентлагтаа улсын үйлдвэрийн газар болгоод төсвөөс авдаг урсгал зардлыг бараа үйлчилгээний зардлаар сольсон. Зардлынх нь хэлбэр өөрчлөгдсөн болохоос улсаас авдаг татаас хэвээрээ байгаа. Ойролцоогоор 50 орчим мянган хүн улсын үйлдвэрийн газар ажиллаж байна гэсэн тооцоо бий.

Тэгэхээр 180 мянган төрийн албан хаагч дээр 50 мянга орчим улсын үйлдвэрийн газрыг нэмэхээр 230 гаруй мянган хүн төрөөс цалин авч байна. Энэ хэмжээгээр бараа, үйлчилгээний урсгал зардал нэмэгдлээ. Ингээд үзэхээр төрийн бүтэц улам л данхар болсон. Хамтарсан Засгийн газрын үед 11 яамтай байсан бол одоо 19 сайдтай болчихсон.

Аймаг, дүүргүүдийн Засаг дарга гурав, нийслэл бүр зургаан орлогчтой ажиллаж байна. Ард түмний өмнө ухаалаг төрийн зарчим ярьчихаад бодит байдал дээр орон тоо нэмэгдүүлж, төрийн данхар бүтэц бий болгосныг бүгдээрээ л харж байна шүү дээ.

-АН-аас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүллээ. Х.Баттулга сайд “Давхар дээл”-ээс татгалзаж албан тушаалаа өгсөн байхад оронд нь дахин “Давхар дээл”-тэй хүн очих нь хэр зохимжтой юм бэ?

-Яах аргагүй ярих ёстой асуудал. Ард түмэн гишүүнийхээ ажлаа сайн хийж чадахгүй байж сайд болж төрийн ажил уяхыг таашаадаггүй нь “Давхар дээл” тайлах тухай хуулийн төсөл хэлэлцэх үеэр харагдаж байсан. Уг нь АН-ынхан маань цаашид “Давхар дээл”-ийг тайлж дан дээлтэй болно гэж олон нийтийн өмнө мэдэгдэж байсан шүү дээ. Ингэж мэдэгдчихээд УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга хүнийг нэр дэвшүүлж дахин “Давхар дээл”-тэй сайд төрүүлэх гэж байна. УИХ-д олонхи асуудал шийддэг. Бид зарчмын шаардлагаа тавина. Эрх баригчид олонхиороо кнопдоод аваад явах байх даа.

Эрх баригчид нэг бол албан тушаал эсвэл зээл ярьсаар цаг алдаж байна

-Тэгвэл цөөнхийн бүлгийн зүгээс “Давхар дээл” тайлах асуудлыг дахин хөндөж тавих уу?

-Одоохондоо “Давхар дээл”-ийн асуудлыг ярихгүй. Ерөнхийлөгчийн албан тушаалын давхардлыг арилгах гэсэн санаачилгыг дэмжихгүй байгаа хүмүүс цөөнхийн бүлгийн гишүүдийн хүсэлтээр сайдын суудлаасаа сайн дураараа яаж буухав дээ. Уг нь Х.Баттулга сайд шиг “Надад давхар дээл зохихгүй байна” гээд буучихвал ардын баатар болохоор нийгмийн уур амьсгал бүрдчихсэн байна. Тэгэхээр биднээр шахуулж биш өөрсдийнхөө санаачилгаар “Давхар дээл”-ээ тайлмаар байгаа юм.

Харин цөөнхийн бүлгийн гишүүд бид улс орны эдийн засаг, ард түмний амьдралд хэрэгтэй олон хуулийн төслийг санаачилан ажиллаж байна. Тухайлбал, Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Худалдааны тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай гэх мэт олон хуулийн төслүүдэд анхаарч ажиллаж байна. Тэдгээр хуулийн төслүүдээ явуулах, ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллах болно.

-УИХ үндсэн чиг үүргийнхээ дагуу хууль баталдаг биш сайд нарын албан тушаалын маргаан хэлэлцдэг боллоо гэж шүүмжлэх хүмүүс байна. Энэ талд та ямар байр суурьтай байна вэ?

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд бид анхаарал хандуулж байгаа. Монгол Улс нэгдсэн бодлоготой байж тэр нь урт болон дунд хугацаанд харилцан уялдаатай байх ёстой гэж үзэж байгаа. Яг ийм агуулгатай хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд боловсруулсан. Гэвч эрх баригчид маань нэг бол сандал ширээ, албан тушаал яриад эсвэл гаднаас зээл авах тухай ярьсаар хугацаа их алдаж байна.

-Нэг улс төрийн хүчин ялахаараа нөгөөгийнхөө хийснийг байнга харлуулдаг, үгүйсгэдэг. Улс төрийн соёл бүрэлдээгүй, төрийн залгамжчанар муутай оронд хөгжлийн нэгдсэн бодлоготойгоор явж чадах болов уу?

-Үүнийг хуульчилж өгөх шаардлагатай юм билээ. Монгол Улс нэгдсэн хөгжлийн бодлоготой болчихвол аль ч улс төрийн хүчин сонгуульд ялсан хэрэгжүүлдэг л байх ёстой. Жаахан сайжруулах, цаг хугацааг нь нааш, цааш нь болгох асуудал байж болох ч орвонгоор нь өөрчилж болохгүй. Сонгуульд ялсан намын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ урт хугацааны бодлогодоо нийцүүлж, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах хэрэгтэй.

Ингэж явбал Монголын төрийн бодлого тогтвортой, тодорхой болно. Тэгэхгүй нэг нам нь гарч ирээд өмнөх улс төрийн хүчний явуулж байсан бодлогыг үгүйсгэдэг. Бүхнийг шинээр эхэлдэг, Өөрөөр хэлбэл, нэг байшин бариад дээврээ битүүлэхийн даваан дээр өөр нэг хүн орж ирээд “Энэ байшин надад таалагдахгүй байна” гэж хэлээд нураагаад бүхнийг шинээр эхэлдэг байж болохгүй.

Яг иймэрхүү байдлаар байшингийнхаа дээврийг битүүлж чадахгүй бид 20 жил явлаа. Тиймээс ийм байшинтай болъё гэдэг зургаа эхэлж гаргачихаад түүнийгээ ард түмнээрээ хэлэлцэж батлаад ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн цонх, хаалгыг нь өөрчилдөггүй. Нурааж эхнээс нь барьдаггүй болгомоор байгаа юм. Үүнд л хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлттэй байхын ач тус гарч байгаа юм.

Уг нь 2012 онд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах үед би энэ саналыг гаргасан. Тэгээд Монгол Улсыг урт, дунд, богино хугацаанд харилцан уялдаатай хөгжүүлэх хөгжлийн тодорхой, тогтвортой бодлоготой, хөгжлийн загвартай болох саналаа боловсруулсаар явна. Энэ хүрээнд МАН-ын XXVII Их хурлаар үндэсний зөвшилцлийг улс төрийн нам, төрийн бус байгууллагуудын дунд бий болгож Монголыг хөгжүүлэх урт хугацааны зорилттой болох шийдвэр гаргасан.

Уг нь Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэхээсээ өмнө үндэсний зөвшилцөл, Монгол Улсын нэгдсэн бодлого, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хууль, Газрын тухай хууль томоохон асуудалд анхаарал хандуулмаар байна. УИХ-аар газрын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Ашигт малтмалын хууль явж байна. Жишээ нь Газрын тухай хуульд бэлчээрийг эзэмшүүлнэ гэсэн заалт ороод ирчихсэн.

Хэрвээ бэлчээрийг эзэмшүүлэх юм бол хашдаг, хамгаалдаг болно. Нэг хэсэгт нь уулын тагтад зусч, хаваржина нөгөөх нь говьд хаваржиж, намаржиж, өвөлжинө гэвэл юу болох билээ. Ингэж бэлчээрийг эзэмшүүлвэл малчдын дунд үл ойлголцол үүснэ. Нөгөө талаас бэлчээрийн доройтлын эх суурь болно. Тариалангийн талбайг тариаланч, компаниудад хувьчилна гэж байна.

Үүнийг бид буруу гэж үзэж байгаа. Дээр нь газрыг гадаадын иргэнд 60 жилээр эзэмшүүлж, 40 жилээр сунгаж болно гэсэн заалт байна. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн Монголын газар нутгийг 100 жил эзэмшинэ гэсэн үг. Энэ бол өмчилсөнтэй ялгаагүй, Ийм байдлаар Монголын тусгаар тогтнол, зан заншилд таарахгүй заалт бүхий хуулийн төслийг санаатай ч юм уу санаандгүйгээр ч юм уу оруулж ирж байна.

Ашигт малтмалын тухай хуульд л гэхэд тусгай хамгаалалттай газар нутаг, хилийн зурваст ашигт малтмал хайх олборлох асуудлыг хөндсөн. Бид эдгээр асуудалд нухацтай хандаж, ард түмнийхээ, эх орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллах болно.

-Саяхан манай хоёр хөршид шил, шилээ дарсан томоохон чуулга уулзалт болж өнгөрлөө. Эдийн засгийн үр ашгийг нь та хэрхэн харж байна вэ?

-Хоёр хөршийн удирдагч мар 2012 онд уулзаж байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хоёр хүн уулзаа л биз. Та нар юун сүртэй юм” гэж сэтгүүлчдэд хэлсэн. Бодлогогүй хэлсэн үгнээс нь болж хоёр хөрш нүүрээ буруулсан. Үүнээс хойш хоёр хөрш биднээс харилцаагаа нэлээд хөндийрүүлсэн. Энэ буруу байсныг эрх баригчид ойлгоод засах гэж оролдож байгааг улс орны эрх ашгийн үүднээс МАН дэмжиж ирсэн.

МАН эрх  барьж байх үедээ мөнхийн хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байж ирсэн. Цаашид ч худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулах байр суурийг тууштай баримталах болно. Тиймээс хоёр хөрштэйгээ харьцах харилцааг сайжруулахын тулд МАН эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Оюунтунгалаг, Д.Ганбаатар

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих