“Төсөл зарна” гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад шалгуулж байна
Засгийн газраас 2014 оныг үйлдвэржилтийн жилээр зарлаж, “Монголдоо бүтээцгээе” төслийн хүрээнд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн төслийн шалгаруулалт зарлаж, үйлдвэржилтийг дэмжихэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон.
Төслийн сонгон шалгаруулалтад нийтдээ 1151 төсөл ирснээс импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөл зорилгоо хангасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Дээрх 888 төслийг цаашид арилжааны банкинд шилжүүлж, банк судалгаа хийж, зээлийн шалгуурт тэнцсэн төслүүдийг санхүүжүүлэх юм. Энэ нь 888 төсөл бүгд санхүүжилт авна гэсэн үг биш бөгөөд банкны шалгуурт тэнцсэн төслүүд санхүүжилт авах боломжтой болно гэсэн үг.
Харин өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх 888 төсөлд шалгарсан төслийг худалдана гэсэн зар явснаар иргэдийн дунд ихээхэн асуулт үүсгээд байна.
Энэ талаар бид Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тодруулахад “Иргэдийн дунд дээрх 888 төслийг шууд санхүүжүүлнэ гэж төөрөгдүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 888 төсөлд шалгарсан төслийг худалдах тухай зар гарч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. Өөрөөр хэлбэл шалгарсан төсөл болгон санхүүжилт авах эрх үүсэхгүй тул дээрх хэргийг иргэдийг хууран мэхлэх зорилготой гэж үзэж байгаа аж.
Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгах арга хэмжээг авах талаар Цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргүүлээд байгаа ажээ.
URL: